Улстөрчид гадаадын банк оруулж ирэхийг эсэргүүцдэг хэрнээ Монголын хамгийн том банкны 60 хувийг гаднынхан эзэмшиж буйг ярилгүй өнөөдрийг хүрчээ. Харин саяхнаас япончуудын гарт буй уг эзэмшлийг монголчууд хуулийн дагуу шилжүүлж авах асуудал гарахад Төрийн ордон голоороо хоёр хуваагдах шахав. Монголчууд өөрсдөө банкны салбарынхаа гол тоглогч болох гэж байгаад мөнчиг олон хүн сандарч байна.
Тэгвэл Монголын эдийн засаг, санхүүгийн салбарт хамгийн нөлөө бүхий Хаан банкны хувь, хувьцаа одоогоор шинэ эзэнтэй болж амжаагүй байгаа аж. Үүнийг арилжааны банкуудын хянадаг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн баталжээ.
Тэрбээр "Манай улсад таван нөлөө бүхий арилжааны банк бий. Үүний нэг нь Хаан банк. Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийг эцсийн өмчлөгч гэдгийг тодорхойлдог бичиг баримтуудыг Монголбанк аваад эцсийн зөвшөөрөл өгч байгаа. Хаан банкны хувьд 2003 онд хувьчлагдсан. Тус банкны 60 хувийг нь Токиогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компани эзэмшдэг. Тухайн компани хувьцаагаа том, жижиг янз бүрээр өнөөдрийг хүртэл арилжаалж байна. Банкны тухай хуулийг сайжруулснаас хойш тухайн банкны асуудалд Монголбанк оролцож байгаа. Хууль бусаар арилжаанд ороод хувьцаа эзэмших юм бол банкны тухай хуулиар саналыг нь түдгэлзүүлэх, хувь нийлүүлэгчдийн хуралд оролцуулахгүй байх бүхий л хязгаарлалтуудыг авах эрх нь төв банкинд бий. Тиймээс ийм эрсдэлтэй зүйл гарахгүй гэж бодож байна" гэсэн.
Ямартай ч санхүүгийн салбарын номер нэг мэдээлэлтэй хүн ийм зүйл хэлсэн байна.
Б.Лхагвасүрэн, Ч.Хүрэлбаатар хэн хэн нь Савадад захидал бичсэн
Одоогоор Хаан банкны 60 хувийн Япон улсын иргэн Савада Хидео гэгч эзэмшиж байгаа. Тэрбээр Хаан банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж буй. Японы “Савада Холдингс” компани Хаан банкны 45.55 хувийг, түүний охин компани Хонконгт бүртгэлтэй “Эйч Эс Интернэшнл” 14.45 хувийг эзэмшдэг. Хаан банкны уг хувьцааг авах арилжаанд Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг, мөн Худалдаа хөгжлийн банкны Д.Эрдэнэбилэг нарыг худалдан авсан яриа ч гарсан.
Тэгвэл нөгөө талаас Хаан банк голлох хувьцаа эзэмшигчдийн нэг “Таван богд групп”-ийн эзэн Ц.Баатарсайхан хувь эзэмшлээ нэмэгдүүлэх гэж байгаа талаар мэдээлэл хөвөрч буй. Худалдаа, хөгжлийн банк болон түүний хувьцаа эзэмшигч болох Д.Эрдэнэбилэгийн уг асуудалд хамгийн түрүүнд хариу өгсөн “Худалдаа, хөгжлийн банк, түүний хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэг нь Монгол Улсын арилжааны банк болох Хаан банкны хувьцааг шууд болон шууд бус замаар худалдан авсан зүйл байхгүй болохыг үүгээр хариуцлагатайгаар мэдэгдье” гэжээ.
Хуулиараа Худалдаа хөгжлийн банкны Д.Эрдэнэбилэг энэ өрсдөлдөөнөөс хасагдаж байгаа. Банкны тухай хуулийн 36.15-д “Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээд өөр банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглоно” гэж заасан байдаг. Тэгвэл Ц.Баатарсайхан болон Х.Баттулга нар одоогоор ямар нэг хариу өгөөгүй байна. Харин Хаан банкны хамгийн том хувь эзэмшил монголчуудад шилжих гэж байгааг сайтар шалгахыг УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар өнгөрсөн долоо хоногт дахин олон нийтийн өмнө анхааруулсан.
Тэрбээр “Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн та 2021 оны долоодугаар сарын 26-ны өдөр Хаан банкны Япон талыг шилжихийг зөвшөөрсөн бичиг өгсөн байна. Тэр бичгийг өгөхөөс өмнө худалдаж авч буй хүний эцсийн эзэмшигч нь хэн бэ гэдгийг зайлшгүй эцэслэн тогтоосон байх ёстой. Эцсийн эзэмшигчийг олох амаргүй байдаг. Монголын банкны хувьцааг авч буй мөнгө цэвэр үү, бохир уу гэдгийг нягтлах ёстой. Энэ ажил эцсийн эзэмшигч тодрохгүй бол тодрохгүй. Үүнийг ч мөн хийх ёстой.
Монгол Улс үүн дээр хариуцлагагүй ажилласнаасаа болж дахин “Саарал жагсаалт”-д орох вий. Энэ арилжаанд манай улстөрчид, шийдвэр гаргагчид оролцсон бол дэлхийн шившиг болно. Хэрвээ энэ нотлогдож, ийм зүйл боллоо гэхэд “Хар жагсаалт”-д орох эрсдэлтэй. Тиймээс эрх мэдэлтэнгүүд бүгд ийм үйлдэл хийж болохгүй. Нэг улстөрч гүйлээ гээд Монголбанк энэ бүгдийг зөвшөөрч болохгүй. Та нар хийх ёстой ажлаа дуустал нь хий. Эцсийн эзэмшигч амар гарч ирэхгүй. Олон улсын шалгадаг бүх байгууллагууд руу хандаж мэдээлэл авсны дараа алхмаа хий. Ингэхдээ олон нийтийн өмнө гарч мэдээлэл хийж, зөвшөөрөл олгох эсэхийг шийдэх хэрэгтэй” гэж мэдэгдсэн.
Гэтэл түүний энэ мэдэгдлийн араас УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар 2019 онд Сангийн сайдаар ажиллаж байхдаа Савада Хидеод хандан “Таван богд групп”-ийн дэмжихийн хүссэн захидал ил болоод байна. Тухайн үеийн Монгол Улсын Сангийн сайдаас Хаан банкны ТУЗ-ийн дарга Савада Хидеод хаягласан 25.01.2019 огноо, 11/386 дугаартай албан бичигт “Танай компани Хаан банкны хувьцаа эзэмшигчээс гарахаар төлөвлөж, өөрийн хувьцааг гуравдагч этгээдэд худалдахаар зэхэж байгаа гэсэн мэдээлэл миний анхаарлыг татлаа.
Хэдийгээр Монгол Улсын Засгийн газар нь танай арилжааны бизнесийн шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлөх учиргүй ч Банкны тухай Монгол Улсын хуулиар аливаа эцсийн өмчлөгч буюу түүнд хамааралтай этгээд нь нэгээс илүү санхүүгийн байгууллагыг шууд болон шууд бус замаар эзэмшихийг хориглосон болохыг танд мэдээлэх нь бидний үүрэг болно. Одоогоор арилжааны гурван том банкны тоонд Хаан, Худалдаа хөгжлийн болон Голомт банк ордог. Хаан банкны хувьцааг оролцуулсан бизнесийг аливаа арилжааны банканд худалдах болон шилжүүлэх нь тухайн өмчлөгч, түүнд хамааралтай этгээдийг хууль бус гэж манай улсын хуулиар тооцдог. Шаардлагатай бол энэхүү байр сууриа цаг тухайд нь Япон улсын холбогдох зохицуулагч байгууллагад илэрхийлэх, тэр дундаа Сангийн яаманд гаргах болно. Банкны системд нөлөө бүхий Хаан банк шиг хүчтэй банк нь ил тод, хүчтэй хамгийн чадварлаг хувьцаа эзэмшигчийн гарт байх нь манай улсын үндэсний эрх ашиг мөн гэдгийг та мэдээж ойлгож байгаа.
Хаан банкны одоо байгаа хувьцаа эзэмшигч “Таван богд групп” компаниас гаргасан тус банкны хувьцааг танай болон дээрх группийн хүлээн зөвшөөрөх бүтцийн дагуу худалдан авах саналыг Монгол Улсын Засгийн газар бүхэлд нь дэмжиж байгаа гэдгээ илэрхийлмээр байна. Түүнчлэн Монгол Улсын Сангийн яамнаас дэмжих бичиг гаргах замаар худалдан авах санхүүжилтэд дэмжлэг туслалцаа үзүүлэх болно. 2017, 2018 онд олон улсын зах зээлд гарган амжилттай арилжсан манай улсын бондыг харгалзан үзвэл Монгол Улсын Засгийн газрын дэмжих бичигтэй “Таван богд групп”-ийн гаргах бондыг олон улсын хөрөнгө оруулагчид нааштай хүлээн авах үндэс байгаа гэж миний бие бодож байна. “Таван богд групп”-ийг танай компанитай үр дүнтэй хэлэлцээр хийж, үргэлжлүүлэхийг хүссэн болно. Уг хүсэлтийн талаар тодруулга авах бол над руу биечлэн хандаж болно” хэмээн бичсэн байна.
Хаан банкны монгол эзэнтэй болох Үндэсний аюулгүй байдалд нийцнэ
Юутай ч нөлөө бүхий эрхмүүд бие биедээ хэлсэн хатуу, хил давуулан шидсэн захидлуудын гэх мэт хөвөрсөн улс төрийн драмын 2019 оноос хойш өрнөсөн болох нь эдгээр үйл явдлаар ил болов. Ингэхдээ Монголын эдийн засгийг, санхүүгийн салбарыг бүхэлд нь доргиох чадалтай Хаан банкны хувьцаа эзэмшигчдийн арилжаа монголчуудын нэр толгой цохиж яваа нь сайн хэрэг. Энэ нь Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлын талаар бодлогуудад нийцэж буй.
Тухайлбал, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд 3.2.2.1-т “Үндэсний хөрөнгө оруулагчдын эдийн засаг дахь хувь, оролцоог нэмэгдүүлэх, хамгаалах бодлого хэрэгжүүлж, бизнесээ өргөжүүлэх, олон улсын тавцанд өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, улмаар улс орны эдийн засгийн аюулгүй байдал, хөгжил дэвшилд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх боломжийг бүрдүүлнэ” гэсэн бол 3.2.2.2-т “Гадаадын аль нэг орноос хийгдэх хөрөнгө оруулалтын хувь, хэмжээг гадаадын нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгээс хэтрэхгүй байлгах бодлого баримтална.
Гадаадын төрийн өмчит компанийн хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, стратегийн ач холбогдолтой салбарт хөрш орон, өндөр хөгжилтэй бусад орноос оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг тэнцвэртэй байлгах бодлого баримтална” гэсэн байна. Мөн 3.2.2.3-т “Монгол Улсын үнэ цэнтэй аж ахуйн нэгжүүдийн хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд борлуулахдаа гадаадын хөрөнгө оруулалтын чиглэлээр баримтлах бодлогын зарчим алдагдахгүй байх эрх зүйн орчин, нөхцөлийг бүрдүүлнэ” гэж заажээ. Эдгээр заалтаас үзэхэд, Хаан банкны дараагийн эзэн монгол хүн байхаас өөр гарцгүй харагдаж байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН