ТӨРИЙН МӨНГӨ ТҮШЭЭДЭД ПАДГҮЙ
УИХ-ын гишүүд унтаад сэрсэн, Богд Зонховын хөшөөг босгох 32 тэрбум төгрөгийг төсөвт суулгачихсан байсан гэнэ. Төсөв батлуулсан сайд нар ч энэ гайтай 32 тэрбум хаанаас ургаж гарч ирснийг ойлгохгүй байгаагаа хэллээ. Тэднийг хянах үүрэгтэй Эдийн засаг, Төсөв, Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга нар, тойргийн гишүүд хүртэл Богд Зонхов гэгч 600 жилийн тэртээгээс эргэн ирээд, татвар төлөгчдийн 32 тэрбум төгрөгийг суйлчихсан мэт аашлав. Анх бол тэрбумтан Ц.Анандбазар, Ш.Адьшаа нарын гишүүд улсын төсвөөр буян үйлдэхийн тулд таван тэрбумаар Богд Зонховын хөшөөг босгох санаачилга гарсан нь сүүлдээ 32 тэрбум болж өссөн. Тендер, сонгон шалгаруулалт зарлаагүй байхад, нэр нь үл мэдэгдэх компани суурь цутгаад эхэлсэн гэдгийг ойлгохгүй байгаагаа Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдэв.
Сангийн сайд хүртэл төсвийн зарлагаа хянаж чадахгүй байгаа гэсэн үг. Эсвэл хүсэхгүй байна уу. Ерөнхийдөө төрийн мөнгө түшээдэд падгүй болж таарлаа. Уг нь тэд бүгд долоохон хоногийн өмнө ирэх жил хуваах бялуугаа баталгаажуулсны баярын арга хэмжээгээ нижгэр тэмдэглэсэн шүү дээ. Магадгүй, төрийн түшээд улсын төсвийн сайн сайхны төлөө хэдэн хундага тулгаад мартсан байж мэднэ. Бүр эсвэл гэртээ зурагтгүй, ухаалаг гар утас ашиглаж мэддэггүй, амралтын хоёр бүтэн өдөр улс орны амьдралыг умартахын тулд унтаж өнгөрөөдөг төрийн түшээд хорвоо дэлхий секундээр хувьсан өөрчлөгдөж буйг гүйцэхгүй байж ч болно.
Үнэндээ хөшөө босгох 32 тэрбум төгрөг бол 18 их наядын төсөв гэх үрэлгэн зардлын ил харагдаж буй багахан хэсэг төдийхөн нь. Төр татвар төлөгчдийн мөнгийг хараа хяналтгүй яаж олон салаагаар урсгадгийн тод жишээ юм. Төрийн мөнгө уйлдаггүй гэдэг үгтэй бөгөөд төсвийн төслийг нэгд нэгэнгүй ухсан эдийн засагчийн үс ганцхан шөнийн дотор бүтэн цайдаг гэх хошигнол бий. Гэтэл манай УИХ-ын гишүүд Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслийг “Хөгжлийн төсөв” хэмээн сөхөж ч үзэлгүй баталж орхисон.
КАПИТАЛ ТЭРГҮҮТЭЙ БАНКУУД БОГД ЗОНХОВЫН ХӨШӨӨНӨӨС 20 ДАХИН ИХ МӨНГӨ ЗАЛГИХ МАГАДЛАЛТАЙ
Төсвийн нүдэнд үл үзэгдэх хэсэгт бол асар их зүйл байгаа. Ердөө ганц нь Богд Зонховын ясыг өндөлзүүлэх жишээний. Тэдгээрээс олон нийтэд ил болсон ч төрийн мөнгө түшээдэд хамаагүй болж үлдсэн явдлууд түүний хөшөөний хөрөнгийг арав, хорь дахин нугалдаг. Тухайлбал, төсвийн олон зуун тэрбум төгрөгийг Капитал тэргүүтэй арилжааны банкуудаар дамжуулан залгих явдаг өнөөдөр ч үргэлжилж байна.
Хэдхэн хоногийн өмнө төсвийн хэлэлцүүлгийн үеэр Сангийн яамнаас төлбөрийн чадвар буурсан нэр бүхий хоёр банкинд Эрүүл мэнд болон Нийгмийн даатгалын сангийн 314.7 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгө байршуулсан нь төсөвт алдагдал болж ирэх магадлалтайг анхааруулсан. Гэвч энэ хөрөнгийг эргүүлэн татах ажлыг эхлүүлэлгүй орхисон юм. Сангийн яам ийм ноцтой мэдээлэл өгсөн ч арилжааны банкуудыг хянадаг төв банк хэлээ хазаад өнгөрсөн.
Энэ явдал төрийн санд байсан олон нийтийн 344 тэрбум төгрөгийг залгиад дампуурсан Капитал банкны хар түүхийг давтах магадлалтай. Монголбанкнаас 2019 оны дөрөвдүгээр сарын 8-нд хадгаламж эзэмшигчдийн мөнгийг анхны шаардлагаар гаргаж өгөх чадваргүй гэж үзэн, УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хамаарал бүхий Капитал банкийг татан буулгах арга хэмжээ авсан. Тухайн үед тус банктай хамт төрийн мэдэлд байсан татвар төлөгчдийн 344 тэрбум төгрөг алга болсон юм. Зөвхөн Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн сангийн авлага л гэхэд 320 орчим тэрбумаар хэмжигдэж байгаа. 2012 оноос хойшхи Засгийн газрууд Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг тус банкинд байршуулж эхэлсэн бөгөөд дампуурах үед нь 134.8 тэрбум төгрөгийн үлдэгдэл гарсан.
Мөн Нийгмийн даатгалын сангийн 280 тэрбум төгрөг тус банктай цуг алга болсон. Ийнхүү арилжааны банкуудад хадгалуулсан мөнгөө эргүүлэн олж авч чадахгүй болсон Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын сан ирэх онд ч алдагдалтай ажиллахаар байгаа. Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 2022 онд 1.45 их наяд төгрөг байх бол зарлага нь 1.35 их наяд байхаар батлагдсан. Зөрүүнд нь ирэх онд 100 тэрбум төгрөгийн алдагдал хүлээнэ. Нийгмийн даатгалын сангийн хувьд 2.4 их наяд төгрөгийн орлоготой ажиллаж, 2.8 тэрбум төгрөгийн зарлагатай ажиллахаар төсөвт тусгасан. Өөрөөр хэлбэл, Нийгмийн даатгалын сан дангаараа 400 тэрбум төгрөгийн алдагдал хүлээнэ. Үүнийг Эрүүл мэндийн даатгалын сантай нэгтгэвэл ирэх онд нийт 500 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллана гэсэн үг. Гэхдээ дээрх хоёр сан Капитал банкнаас авлагаа авсан тохиолдолд ийм хэмжээ алдагдал хүлээнэ. Хэрэв авч чадахгүй бол алдагдал авлагынхаа хэмжээгээр өснө. Үүнээс гадна төрийн мэдлийн Хөгжлийн банкинд олон их наядаар тоологдох мөнгөн дүнтэй асуудлууд гарсан нь шүүхээр ял шийтгэлгүй шийдвэрлэгдсэн. Өнөөдөр Богд Зонховын хөшөөгөөр угаах гэж буй 32 тэрбум төгрөг хайран ч эдгээрийн дэргэд бол “халаасны хулгай” юм.
ТӨСӨВ ХУСДАГ УИХ-ЫН ГИШҮҮДЭД БОГД ЗОНХОВЫН ХӨШӨӨ САНУУЛГА ӨГӨВ
Харамсалтай нь ариун цагаан хөдөлмөрөөсөө татвар төлсөн иргэдийн халааснаас энэ мөнгө гарч байгаа. Гэвч төсвөөс татвар төлөгчдөд ирэх дэмжлэг жилээс жилд буурч ирэв. Шалтгаан нь төр тусгай сангуудаа удирдаж чаддаггүй гэдэг шалтгаанаар жижиг, дунд үйлдвэрийг дэмжих мөнгийг танаж ирсэн. ЖДҮ сангийн хэрэгт УИХ-ын 50 орчим гишүүн нэр холбогдсон ч нэг хүн шүүхээр торгуулиад өнгөрсөн. Өөр хоёр нөхөр шүүхийн шийдвэрээр гэм нүгэлээ эдэлж байгаа. Бусад нь олон шатны сонгуульд оролцон намдаа гавьяа байгуулсан нэрээр УИХ, Засгийн газар, яам, агентлаг, төрийн өмчит компаниудад дахин үүрээ засаад сууж байна. Тус сангийн мөнгө эргэн төлөгдсөн эсэх нь өнөөг хүртэл эргэлзээтэй.
Үүний сацуу жил бүр улсын төсвөөс уг санд мөнгө тавьдаг ч эзэндээ хүрдэггүй гэх шүүмжлэл явсаар байна. Энэ онд тус санд нэг ч төгрөг тавиагүй бол ирэх жил 50 тэрбум төгрөг суулгасан. Мөн Хөдөө аж ахуйг дэмжих сан, Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сан зэрэг төсвийн мөнгийг урсгах нүх сүв мундахгүй. Засгийн газрын дэргэд нийтдээ 19 тусгай сан байгаа. УИХ тусгай сангуудын нийт зарлагыг ирэх онд 5.2 их наяд төгрөг байхаар баталсан. Одоо тэдгээрийн хөрөнгийг УИХ-ын гишүүдээс хэрхэн хамгаалах талаар яг хөндөж эхэлж байна. Энэ талаасаа Богд Зонховын хөшөө овоо том сэрэмжлүүлэг болов.
Уг хөшөөний санхүүжилттэй холбоотой дуулиан дэгдсэнээр олон нийт төлсөн татварын мөнгөнд санаа зовниж эхэлсэн нь сайн хэрэг. Нөгөө талаар олон нийт өнгөрсөн хугацаанд төрийн мөнгө гэж байхгүй, зөвхөн татвар төлөгчдийн мөнгө гэж байдгийг хангалттай ойлгосон бололтой. Тиймээс төрийн нийтийн өмч гэдэг тодорхойлолтыг Үндсэн хуульд тунхагласныг эргэн сануулж эхэлсэн байна. Энэ ойлголтоор төсвийн мөнгө ч төрийн нийтийн өмч гэж үзнэ. Эцэст нь төрийн нийтийн өмч хуулийн болон хуудуутай аргаар хулгайлбал улс төрийн хариуцлага хүлээж, хуулиар шийтгүүлдэг гэдгийг Богд Зонховын хөшөө харуулах шимжтэй.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН