OCCRP буюу ”Зохион байгуулалттай гэмт хэрэг, авлигыг мэдээлэх төсөл”-өөс оффшор бүс болох Люксембургт бүртгэлтэй компаниудыг болон хувьцааны дийлэнхийг эзэмшдэг хүүхдүүдтэй холбоотой мэдээллийг ил болгоод байна.
Тухайлбал, Монголын говьд нүүрсний томоохон орд эзэмшдэг компанийн эзэн нь нэг настай монгол хүүхэд байгаа бол 11 настай Азербайжан хүү Туркменистан, Хятад улс хооронд байгуулсан төр засгийн түвшний гэрээнээс ашиг олдог талаар, мөн өсвөр насны орос охин Канад болон Калифорни дахь тэтгэврийн сан дахь олон тэрбум ам.долларын хөрөнгийн эзэмшигчээр бүртгэлтэй байгаа талаар мэдээлсэн нь олон улсын хэвлэлүүдийн анхаарлыг татаад байна.
Одоогоор ил болгосон эдгээр мэдээлэл нь 2020 оны байдлаар Люксембург дэх оффшор компаниудын эздээр тодроод буй 300 орчим бага насны болон өсвөр насны хүүхдүүдийн цөөн хэд нь юм.
Люксембургт бүртгэлтэй компанийн эзэмшигчээр хүүхэд бүртгэхийг хориглодоггүй ч, OCCRP-ийн хяналт шалгалтаар тодорхой болсон оффшор компани эзэмшигч хүүхдүүдийн заримынх нь ард байгаа жинхэнэ эзэд нь олигархи, гэмт хэрэгтэн, улс төрийн нөлөө бүхий этгээдүүд байж болзошгүй гэсэн мэдээлэл байгаа юм. Одоогоор ил болсон “Boss Baby”-нүүдийн ¼ нь эзэмшдэг компаниа байгуулагдахад төрөөгүй байсан буюу бага насны хүүхдүүд байгаа аж.
Сануулахад, Люксембург улс 2019 онд анх удаа өөрийн улсад бүртгэлтэй компаниудын эцсийн ашиг хүртэгч үндсэн эзэдтэй холбоотой мэдээллээс ил болгож байсан. Ингэхдээ зарим эздийн мэдээллийг нийтлэх хугацааг 3 жилээр түдгэлзүүлж байв.
OCCRP-гийн мэдээлэлд, "Нэг настай хүүхдүүд шийдвэр гаргаж, компанийг удирдах боломжгүй” гэдгийг дурдсан байна. Мөн зарим хүүхдийн ард Холбооны мөрдөх товчооноос эрэн сурвалжилж буй гэмт хэрэгтнүүд ч байж болзошгүй талаар өгүүлжээ.
Гэр бүлийн бизнесийн хувьд эцэг эхчүүд хүүхдүүддээ хувьцааг өвлүүлэх шийдвэрийн хүрээнд, нэр дээр нь шилжүүлж болох ч, бодит байдал дээр компанийн бүртгэлд эцэг эхчүүдийн мэдээлэл байхгүй байгаа нь, хүүхдүүд бол “халхавч” болж байна гэж үзэх нэг үндэслэл болж байгаа талаар мөн дурджээ.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250