Манай улсын дөрвөн эмэгтэй Малайз улсад биеэ үнэлж байгаад цагдаа нарт баривчлагдсан байна. Тус улсын цагдаагийн газраас биеэ үнэлэх ажлыг зуучилдаг олон улсын сүлжээг илрүүлж 26 эмэгтэйг баривчилснаас дөрөв нь Монгол Улсын иргэн байжээ. Харин бусад нь Узбекистан, Хятад, Индонези зэрэг улсуудын иргэд байсан байна.
Энэхүү нууц сүлжээг илрүүлэхийн тулд Малайзын цагдаа нар, цагаачлалын албаныхан Петалин Жаяа болон Субан Жаяа дахь зочид буудлуудад баасан, бямба гаригт хамтарсан шалгалт хийжээ. Тус шалгалтаар 26 эмэгтэйг баривчилснаас гадна 10070 ринггитийг хураан авчээ.
Охид бүсгүйчүүдийн биеийг үнэлүүлдэг тус сүлжээ нь Малайзын дөрвөн одтой зочид буудлуудаар явахаас гадна “WeChat” аппликейшнаар дамжуулан худалдан авагч нарт олон орны эмэгтэйчүүдийг санал болгодог байжээ. Харин баривчлагдсан эмэгтэйчүүд 45 минутад 300-450 ринггитийн хөлсөөр ажилладаг болохоо мэдүүлсэн байна.