...
...

Инфляц 6.4%-тай гарсан ч эргээд ӨСӨХ ТӨЛӨВТЭЙ

Инфляц буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны дөрөвдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 6.4 хувь, өмнөх оны эцсээс 3.3 хувь, өмнөх сараас 0.8 хувиар өссөн байна гэж ҮСХ-ноос мэдээллээ.

Энэ оны гуравдугаар сард инфляц улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 7.0 хувь, өмнөх оны эцсээс 2.5 хувь, өмнөх сараас 0.9 хувиар өссөн байсан. 

Тодотгоход, Төв банкнаас "Шинжээчдийн макро эдийн засгийн төсөөллийн судалгаа"-г энэ оны хоёрдугаар сарын 21-нээс гуравдугаар сарын 4-ний хооронд банкуудын эдийн засагчид, их дээд сургуулиудын багш нар, судалгааны байгууллагуудын нийт 21 судлаачийг хамруулан явуулсан.

Судлаачид инфляцыг энэ оны сүүлийн улиралд  9.3%-тай байна гэж тооцож буй.

2023 оны жилийн эцэст Улаанбаатар хотын жилийн инфляц 8.1% болж буурсан бөгөөд энэ нь өмнөх улирлын шинжээчдийн таамаглалын дунджаас 1.7 нэгж хувиар доогуур гарсан байна. Шинжээчид 2024 оны I улиралд инфляц 8.5%, жилийн дараа 9.3% болно гэж таамагласан байна. 

Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн сүүлд байр сууриа илэрхийлэхдээ, "Одоогийн суурь төсөөллөөр инфляц зорилтот интервалдаа тогтвортой байх боломж бий. Гэхдээ зудын нөхцөл байдлын мах, махан бүтээгдэхүүний үнэд үзүүлэх нөлөө, төсөв, түүнтэй адилтгах санхүүжилтийн тэлэлт нь хувийн хэвшлийн цалин, инфляц дахь үр дагавар зэргийг харзнах хүчин зүйлс бас байна.

Хэрэв эдгээр хүчин зүйлсийн нөлөө сул байж, инфляц зорилтот интервалдаа хадгалагдах боломж баталгаажих тохиолдолд мөнгөний бодлогыг үргэлжлүүлэн сулруулах орон зай нэмэгдэнэ. 

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо эдийн засгийн дотоод, гадаад орчин, инфляцын төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлнэ" гэсэн юм.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ