...
...

Үндэсний эрх ашиг хөндсөн Ерөнхийлөгчийн хоригууд хувийн хонзогнол уу?

Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн тэргүүн болсон цагаасаа хойш УИХ-аар баталж байгаа олон хууль тогтоомжид хориг тавьсан ч дандаа үндэсний язгуур эрх ашгийг хөндсөн, зөвхөн хувь улстөрчийн байр сууринаас хандсан гэж шүүмжлүүлэн нэг ч хоригийг нь хүлээн аваагүй. Дүнд нь Х.Баттулга Ерөнхийлөгч “Хориг” хоч зүүсэн. Гэхдээ энэ олон хоригийг анзаарвал дийлэнх нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт оногдож байгаа бөгөөд бүгдээрээ ард түмний амьдрал, эдийн засагт хоруу нөлөөтэй. Нөгөө талаар нэг хүнд дөрвийн дөрвөн "ХОРИГ" тавьсан нь сүүлдээ олны эгдүүцлийг ихэд хүргэж, шүүмжлэл дагуулаад байна. 

Анх Ч.Хүрэлбаатарыг У.Хүрэлсүхийн танхимд Сангийн сайдаар томилогдож байхад хориг тавьж байв. Уг нь эрх баригч намын Удирдах зөвлөл, намын бүлэг, улмаар Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын чуулган гээд шат дараалан хүлээн зөвшөөрөгдсөн туршлага бүхий улстөрчийг ийнхүү хориглох шалтгаан юу байв гэхээр хариулт эс олдоно.

Тэгээд ч энэхүү хориг нь УИХ-ын босго ч даваагүй учраас Ч.Хүрэлбаатар ч Сангийн сайд боллоо. Ийнхүү анхны оролдлого нь бүтэлгүйтсэн Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр дахь удаагаа Сангийн яамнаас өргөн барьж батлуулсан 2018 оны “Төсвийн тухай хууль”-д хэсэгчилсэн хориг тавьсан нь аанай л УИХ-ын босго давсангүй. Төрийн яам, мэргэжлийн баг санаачилан төлөвлөж сайн муу хэлүүлдэг ч сонгогч бидний сонгосон 76 нөхөр хамтдаа хэлэлцсэн шийдвэр шүү дээ. Нөгөө талаар удаж болохгүй хууль эрх зүйн орчинтой, цаана нь ард түмний хүлээлэлттэй “Төсвийн тухай хууль”-д яагаад хориг тавив гэхээр бас л хариулт олдоогүй. Энэ бүхий л хориг нь төрийн болон ард түмний эсрэг үйлдэл гэдгийг давтан дурдах учиртай.

Гэтэл “Хориг” Ерөнхийлөгч маань 2019 оны Төсвийн хуульд бүр бүхэлд нь хориг тавьж “даагаа нэхэв”. Бас л дээрх шат дамжлагаар олонхи шийдсэн хуулийг “хорьж” төрийн ажил болон ард түмний амьдралыг зогсоох гээд байгаагийн цаад шалтгаан юу байв гэдгийг олохоор иргэд олон нийт эрэлд мордсон ч тодорхой хариулт олоогүй.

Хамгийн сүүлд буюу өнгөрөгч мягмар гаригт “Хориг” Ерөнхийлөгч маань  зарлигдаж “Татварын тухай багц хууль”-д бүхэлд нь хориг тавихад нэгэн зүйл анзаарагдлаа. Тэр нь Ерөнхийлөгч Х.Баттулга Сангийн сайдад ямар нэгэн байдлаар хувийн зүгээс хориг тавиад байгаа нь харагдана. Түүнээс биш өөрийн эрхийн хүрээнд үндэсний эрх ашигт нийцэхгүй зүйлд хориг тавиагүй гэдгийг дээрх хэдэн жишээнээс харж болно.

Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгчийн зүгээс ард түмний талд хэлэлцэн баталсан “Татварын тухай багц хууль”-д яагаад хориг тавив. Гагцхүү бүх ард түмнээс сонгогддог Ерөнхийлөгч маань ард түмнийхээ эсрэг хориг тавьж байгаа нь хачирхалтай. УИХ-аар баталсан “Татварын тухай багц хууль”-д эдийн засгаа тэтгэх, ард түмнийхээ амьжиргааг өөд татах зохицуулалт бүхий олон зүйл заалт байгааг мэргэжилтнүүд онцолж буй. Гэтэл “Хориг” Ерөнхийлөгч маань төр, ард түмнийхээ язгуур эрх ашгийн эсрэг явж зөвхөн хувийн улс төр хийж байгааг хаа хаанаа буруутгаж байна. Хэрвээ Ч.Хүрэлбаатар хэмээх улстөрчтэй хувийн хонзогнол байдаг бол үндэстний язгуур эрх ашгийг хөндөж авна гэж байхгүй биз дээ. Үндэсний эв нэгдлийг ган бат барьж байх ёстой Ерөнхийлөгч нь нэг салбарынхаа сайдтай хувийн зүгээс хонзон өвөртөлж түүнийгээ ард түмний аж амьдралаар барьцаалан авах гэсэн зураг л харагдаж байна.

Ч.Хүрэлбаатартай ямар нэгэн байдлаар хувийн хонзогнол байхыг үгүйсгэхгүй. Тийм байвал хувь улстөрчийн зүгээс л учраа ол л доо. Өөрийн өчүүхэн эрх ашгийн төлөө хууль тогтоомж, ард түмний амьдрал ахуй, төрийн ажил гээд олон зүйлийг золиослон дайрах хэрэг юун гэдгийг Ерөнхийлөгчөөс асуух цаг нь болжээ. 

С.Баяр

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ