УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг 60.5 хувийн саналаар дэмжиж, Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгах арга хэмжээний саналыг холбогдох хуулийн дагуу салбарын яамд боловсруулан Сангийн яаманд хүргүүлдэг бөгөөд 34 их наяд төгрөгийн өртөг бүхий 400 гаруй арга хэмжээний санал хүргүүлжээ. Эдгээрээс шаардагдах санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр, урт болон дунд хугацааны хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдтэй уялдсан байдлыг харгалзан таван бүлэг, 20 зорилтын хүрээнд 118 бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр үндсэн чиглэлд тусгасан байна. Арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд нийтдээ 10 их наяд 216.3 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээс улсын төсвийн хөрөнгөөр нэг их наяд 325.5 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс хоёр их наяд 111.9 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар зургаан их наяд 174.2 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 604.7 тэрбум төгрөгийг тус тус санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна. Дээрх зорилт, арга хэмжээнүүдийг бүрэн хэрэгжүүлснээр эдийн засгийн бодит өсөлт зургаан хувь, инфляцийн түвшин найман хувиас ихгүй, төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээ 5.1 хувиас ихгүй, ажилгүйдлийн түвшин 5.6 хувиас бага байх үр дүн гарна хэмээн тооцжээ.
Ч.ХҮРЭЛБААТАР: БИЗНЕСИЙН ТААТАЙ ОРЧИН БҮРДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Билэгт “2016 оны мөрийн хөтөлбөрийн биелэлтээ жилийн дараа тайлагнах гэж байна. Иргэн баян бол улс баян. Бид иргэдээ ажилтай орлоготой болгоход бүх анхаарлаа хандуулах хэрэгтэй. Монголд төгрөгийн ханш жилээс жилд унаж байна. 1998 онд нэг ам.доллар 800 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 2650 төгрөгтэй тэнцэж байна. Бидэнд дэвжих ямар ч боломж алга. Цаашдаа валютын ханш нэмэгдээд байвал яах вэ” хэмээн лавлахад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Би 2012 оны сонгуулийн дараа Засгийг хүлээлгэж өгч байсан үеийг санаж байна. Тэр үед нэг ам.доллар 1300 орчим төгрөгийн ханштай. Жилдээ дөрвөн тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт орж ирдэг байсан. Тэгээд л эдийн засгийн буруу бодлого явуулаад самарсан шүү дээ. Найман их наяд төгрөгийг хэвлээд эдийн засагт оруулсан. Ханш өөрийн эрхгүй хөдөлж эхэлсэн. Бид гаднынхныг буруутгах хэрэггүй. 2012-2016 онд эрх барьсан хүмүүсийг би шүүмжилдэг. Дахид ийм самаргаа битгий болоосой. Цаашдаа бид экспортоо өсгөх хэрэгтэй. Уул уурхайгаас гадна аялал жуулчлал, хөдөө аж ахуйгаа хөгжүүлэх хэрэгтэй байна. Дэд бүтцээ баримаар байна. Алийн болгон бид зэрлэг капитализмаар явах вэ. Бизнесийн таатай орчин бүрдүүлэх бодлогыг хатуу барих хэрэгтэй. Гэнэт сэрсэн юм шиг цочмог үйлдэл хиймээргүй байна. Харин импортын татварыг нэмэх боломжгүй” гэсэн юм.
* * *
Х.БАДЕЛХАН: ИПОТЕКИЙН ЗЭЭЛД ИНГЭЖ ХАНДАЖ БОЛОХГҮЙ
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг гэр хорооллын дахин төлөвлөлт, ипотекийн зээлийн хүртээмжийн талаар лавлав. Үүнд Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан “Гэр хорооллын инженерийн дэд бүтэцгүйгээс болоод дахин төлөвлөлт үндсэндээ зогсчихсон байгаа. Сүүлийн хоёр жил санхүүжилт хийсэнгүй. Үүнийг үндсэн чиглэлд тусгах нь зүйтэй. Манай яамны зүгээс 100 км дэд бүтэц татахад 85 тэрбум төгрөг шаардлагатай гэдэг саналаа өгсөн. Үүнийг үндсэн чиглэлд тусгах хэрэгтэй. Валютын сангийн хөтөлбөртэй холбоотойгоор ирэх жил ипотекийн зээл Засгийн газарт шилжинэ. Өнгөрсөн хоёр жилд 120 тэрбум төгрөг туссан байсан. Ирэх жил 60 тэрбум төгрөг тусгасан байна. Энэ арай дэндүү тоо. Ипотекийн зээлд ингэж хандаж болохгүй” гэж байв.
* * *
Д.САРАНГЭРЭЛ: ХОРТ ХАВДРЫН 52 МЯНГАН ТОХИОЛДЛЫГ ИЛРҮҮЛЛЭЭ
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 2020 оны үндсэн чиглэлд эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа хэрхэн тусгагдсан талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Өвдсөнийх нь дараа биш өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх нь манай яамны суурь бодлого. Тиймээс орон даяар урьдчилан сэргийлэх үзлэг явуулж хорт хавдрын 52 мянган шинэ тохиолдлыг илрүүлээд, дараагийн шатны эмчилгээ хийж байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс ерөнхий боловсролын бүх сургуулиудад сүрьеэгийн урьдчилан сэргийлэх үзлэг хийж байгаа. Үүний үр дүнд сүүлийн үед үүсээд байгаа сүрьеэгийн мэдээллүүд гарсан. Нийслэлийн 15 дугаар сургуульд 38 өвчлөлийн тохиолдол, 200 гаруй халдвар авсан тохиолдлыг илрүүлсэн. Ер нь халдварын тоо нэмэгдэх хандлагатай байна. Хамгийн сүүлд Төв аймгийн Сүмбэр суманд сүрьеэгийн өвчлөлийн зургаан шинэ тохиолдол, халдвар авсан 200 гаруй хүн дахиад бүртгэгдлээ. Бид үнэнтэй нүүр тулах хэрэгтэй. Намайг шүүмжлэх байх. Гэхдээ өвчнийг эрт илрүүлж, эмчлэх ёстой. Үүнийг нуувал хүндэрнэ. Тиймээс урьдчилан сэргийлэх үзлэг чухал. Эрүүл мэндийн яамны бодлого 2020 онд урьдчилсан сэргийлэх үзлэгт чиглэж ажиллана. 2020 онд 21 аймгийг амбулаторийн бүрэн тоноглосон автомшинаар хангахаар ажиллаж байна. Мөн хүүхдийн амны хөндийн эрүүл мэндэд чиглэсэн ажилд төсөв суулгасан. Урьдчилан сэргийлэх үзлэгээр өвчнийг бага дээр нь илрүүлж, эмчлэх үүднээс 10-аад үйл ажиллагааг санхүүжилтын хамт үндсэн чиглэлд суулгасан. Нярайн эндэгдэлд дутуу нярайн эндэгдэл зонхилох хэсгийг эзэлдэг. Энэ чиглэлээр 2019 онд 800 сая төгрөг суулгасан байсныг 2020 онд нэмж байгаа. Түүнээс гадна Харвалт, шигдээсийн үндэсний төвийг байгуулах ажлыг суулгасан. Хамгийн гол анхаарч байгаа зүйл бол томуу, томуу төсөвт өвчний вакциний хөрөнгийг үндсэн чиглэлд суулгасан. Ингэснээр аливаа эрсдэлээс сэргийлж чадна” хэмээн танилцуулав.
* * *
Ц.ДАВААСҮРЭН: БИД ӨӨРСДИЙГӨӨ АВААД ЯВЧИХДАГ СИСТЕМТЭЙ БОЛНО
УИХ-ын гишүүн Ц.Гарамжав хэлэлцүүлгийн үеэр “Ажлын байрыг аж үйлдвэрүүд бий болгодог. ЖДҮ-ийг хэрхэн хөгжүүлэх вэ. 1990 онд бидэнд аймаг болгонд цагаан идээ боловсруулах үйлдвэр байлаа. Аж үйлдвэрийг хөгжүүлэхийн тулд цахилгаан эрчим хүч, зам харилцаагаар хангах хэрэгтэй. Төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж байгаа нь сайн хэрэг. Харин эрчим хүчээр хараат байдлаас гарахад сайд нар дайчин бодлого гаргаж ажилламаар байна” гэхэд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Өнгөрсөн онд Засгийн газраас эрчим хүчний салбарт баримтлах дунд хугацааны бодлогыг баталсан. Ер нь нүүрсний станц шинээр дөрвийг барилаа ч бид хараат байдлаас гарч чадахгүй. Нүүрсний станц гэдэг 4-5 цаг галлаж байж асдаг. Тиймээс 100 МВт-ын батарей хураагуур авах асуудлыг хөндөж Азийн хөгжлийн банканд асуудлыг тавиад жигдрээд явж байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулснаар бид эрчим хүчний хувьд бие даасан системийн суурь тавигдаж эхэлнэ. Нөгөөтэйгүүр хувийн хэвшлийнхэн дэд станцууд барьж байгаа байх. Харин тэр станцаа төрд шахна гэж байгаа бол хүлээж авахгүй. Энэ салбарт нарны станцуудыг хөгжүүлэхэд тодорхой дутагдал байгаа. Нар жаргахад эрчим хүчний дутагдал үүсдэг. Энэ дутагдлыг хаах эх үүсвэр байхгүй. Тиймээс Эрдэнэбүрэн зэрэг кноп дарангуут эрчим хүч нийлүүлдэг станцуудыг байгуулах хэрэгтэй. Мөн сүүлийн үеийн сайн технологи болох батарей хуримтлууртай болох. Нартай үед хуримтлуулаад оргил ачааллын үед түгээх технологийг нэвтрүүлэх нь чухал. Үүнийг системдээ нэвтрүүлж чадвал том дэвшил болно. Бид ОХУ-аас өдөр тутамдаа 70-80 МВт эрчим хүч авч байгаа. Хэрэв 100 МВт-ын хуримтлууртай болвол бид өөрсдийгөө аваад явчихдаг системтэй болно” гэсэн тайлбар хийлээ.
* * *
С.ЧИНЗОРИГ: ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫГ ДЭМЖИНЭ
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Макро эдийн засгийн хамгийн чухал асуудал бол ажлын байр. 2020 оны үндсэн чиглэлд ажилгүйдлийг 6.5 хувь байна гэж тусгажээ. Бид жил бүр тоо тавьдаг. Тоог бүртгэлтэй ажилгүйчүүдээс авдаг болохоор бодит бус. Бүртгэлгүй ажилгүйчүүдийг нэмбэл 15 хувь байгаа. Тэгэхээр ажлын байрыг нэмэгдүүлж байж эдийн засаг хөгжинө. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг нэмэгдүүлснээр 2020 онд хамгийн бодитоор ажлын байрыг нэмэгдүүлж чадна. Энэ сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх чиглэлээр ямар бодлого баримталж байгаа вэ” хэмээн асуухад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Ажлын байр нэмэгдүүлэх асуудал дан ганц Хөдөлмөрийн яамны асуудал биш. Салбар дундын асуудал бөгөөд макро эдийн засгийн асуудал. Тиймээс бизнесийн хөгжлийг хангах бодлоготой уялдуулж ажилладаг. Уул уурхайн салбарт эдийн засгийн өсөлт өндөр байгаа ч ажлын байр шингээлт муутай салбар байдаг. Тиймээс хөнгөн үйлдвэрийн салбарт эдийн засгийн өсөлтийг бий болгох шаардлага байна. Засгийн газраас ажлын байрыг нэмэгдүүлэх үүднээс үндэсний хөтөлбөрөө баталсан. 1995 оноос хойш үндэсний хөтөлбөргүй явж байсан. Мөн гадаадаас авах ажиллах хүчийг бууруулах бодлого баримталж байгаа. Энэ бол ажлын байр бий болгох бодлоготой уялдаж байгаа. Ажилгүйдлийг бууруулахын тулд 100 хувь зуучилж ажлын байртай болгох бэрхшээлтэй. Тиймээс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа. 2018 онд анх удаа 20 тэрбум төгрөг улсын төсвөөс суулгасан. 2020 онд 97 тэрбум төгрөгийг тусгах төсөөлөлтэй ажиллаж байгаа” гэлээ.
* * *
Д.СУМЪЯАБАЗАР: 1072 ХУВЬЦАА ЭРГЭЛТЭД ОРОХОД БЭЛЭН БОЛСОН
УИХ-ын гишүүн С.Бямбацогт “2020 он энэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө биелүүлэх сүүлийн жил. Тиймээс биелээгүй зорилтоо биелүүлж ажиллах жил. 1072 хувьцааг амь оруулна гэсэн хэрхэн биелэх вэ. Оюу толгой, Таван ытолгойн цахилгаан станц барих ажил хэрхэн биелэх вэ. Үйлдвэржүүлэх бодлого хэрхэн биелэх вэ” хэмээн асуулаа. Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Таван толгойн бүтээн байгуулалттай дэд бүтэц салшгүй холбоотой. Засгийн газраас Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтыг 3-4 сарын дараа эхлүүлэхээр ажиллаж байгаа. Энэ “Эрднэс Таван толгой” компанийг олон улсын хөрөнгийн бирж дээр гаргах ажилтай холбоотой. Яамны зүгээс Таван толгойгоос Ханги мандал руу концессийн гэрээгээр 450 орчим км хүнд даацын автозам барих асуудлыг Засгийн газраар оруулахаар бэлтгэж байна. Энэ зам ашиглалтад орсноор улсын эдийн засаг тэлнэ.
Мөн нүүрс боловсруулах үйлдвэрийг барих ажлыг хийхээр төлөвлөөд байна. Харин “Эрдэнэс Таван толгой”-н IPO хийх ажлыг олон улсын шаардлага хангасан байдлаар хийх хэрэгтэй байгаа. Таван толгойг улс төрөөс ангид байлгаж, бизнес хийх боломжийг нь нээж өгөх хэрэгтэй. 1072 хувьцааг одоогийн үнэлгээгээр хоёр их наяд төгрөг болдог. Үндсэндээ 780 орчим сая ам.долларын үнэт цаас эдийн засгийн эргэлтэд ороход бэлэн болсон” хэмээн мэдээлэл өгсөн юм.