...
...

ХАБЭА: 2018 онд үйлдвэрлэлийн ослоор 30 хүн нас баржээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний чуулган”-ыг Төрийн ордонд зохион байгуулж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудлаарх энэхүү чуулганыг анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ХНХ-ын сайд С.Чинзориг болон ХАБЭА-н үндэсний хорооны гишүүд, салбар зөвлөлийн гишүүд, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, 21 аймаг, есөн дүүрэг, хороодын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн төлөөлөл бүхий 800 гаруй зочид, төлөөлөгчид оролцож байгаа юм.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй /ХАБЭА/-н төрийн бодлогын үндэс нь “хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах” - д чиглэгддэг. Мөн Монгол Улсын Засгийн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлж, эрх зүйн орчин, санхүүжилтийн механизмыг оновчтой болгоно” гэсэн зорилт дэвшүүлсэн билээ. Тиймээс энэ удаагийн чуулга онцгой ач холбогдолтой болохыг оролцогчид хэлж байлаа.

Хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах, эрүүл, аюулгүй ажлын байрыг бий болгох зорилгоор манай улс хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хөтөлбөрийг 1997 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн ба тавдахь хөтөлбөрийг Засгийн газрын 2017 оны 243 дугаар тогтоолоор олон улсад хэрэгжүүлж буй “Вишн Зеро” /Vision zero/ буюу ослыг тэглэх алсын хараа” хөдөлгөөний зорилго, зорилттой нийцүүлэн батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бүтэц, тогтолцоо, үндэсний болон салбар, орон нутгийн түвшинд бүрэлдэн төлөвшиж үйл ажиллагаа нь тогтмолжоод байгаа юм байна.

Монгол Улсад сүүлийн гурван жилийн байдлаар нийт 947 үйлдвэрлэлийн осол, хурц хордлого бүтгэгдсэнээс 88 хүн нас барсан тоо баримт байна. Харин 2018 жилийн эцсийн байдлаар үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын нийт 283 тохиолдол бүртгэгдсэнээс 30 хүн нас баржээ. 2018 онд гарсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг салбараар нь авч үзвэл уул уурхай, олборлолтын салбарт зонхилон тохиолдсон бол үйлдвэрлэлийн осол хурц хордлогод өртөж буй хүмүүсийн дийлэнх хувийг залуучууд буюу 25-34 насныхан эзэлж байна.

Харин Мэргэжлээс шалтгаалсан өвчний хяналтад 2018 оны байдлаар нийт 3143 хүн байгаагийн 2221 буюу 71 хувь нь уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчид байна.  Хяналтад байгаа нийт иргэдийн 20 хувь нь эмэгтэй, 55 хувь нь 50-59 насны иргэд эзэлдэг аж. Ажилласан жилийн хувьд 11 жилээс дээш ажилласан иргэд илүүтэй өвчилсөн тоо мэдээ гарчээ.

Түүнчлэн уул уурхай, дэд бүтцийн зэрэг салбарт гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, үүнийг даган шинэ техник, технологи нэвтэрч байгаа нөхцөлд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх олон улсын стандартад нийцэхүйц өндөр түвшний лаборатори байгуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартуудыг шинэчлэн олон улсын жишигт хүргэх ажлыг улам эрчимжүүлэх шаардлагатайг чуулганы үеэр онцолж байлаа.

2009-2018 онд 439 аж ахуйн нэгж байгууллагын 7650 ажлын байранд хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт, шинжилгээ хийхэд 51.3 хувь нь эрүүл ахуйн стандартын шаардлага хангаагүй орчинтой байжээ. Түүнчлэн манай улс химийн бодисын үйлдвэрлэл хөгжөөгүй, хэрэглээ бага, түүнд тавих хяналт, бүртгэл хангалтгүй байдгаас ажилтнууд хурц хордлогод өртөх тохиолдлууд гарсаар байна. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ