...
...

Даунтай хүүхдүүд ердийн сургуульд сурч байна

-Хүүхэд, хүүхдээ ялгаварлан гадуурхдаггүй. Томчууд л ялгаварладаг юм байна-

“Сахиусан тэнгэрийн элчийг даунтай хүүхдийн бэлгэдэл гэж зарим нь ярьдаг. Зарим нь бас, энэ хорвоо дэлхий дээр муу хүмүүс олшроод байхаар нь бурхан сайн мууг нь тэнцүүлэх гэж мөнхийн хүүхдээрээ хүнийг илгээсэн”  гэлцдэг. Даунтай хүүхэд бол ямар ч хар муу санаа байхгүй, хүүхдээрээ сэтгэлтэй. Тэд хэнийг ч гэсэн тэврэх, үнсэх,  хайрлах халамжлах  дуртай, эрх танхи зантай. Тэдэнд худал хэлэх, хулгай хийх муу зуршил огтхон ч  байхгүй. Гэнэн, хайр гэрэлтсэн харцтай хүмүүс. Дауны хам шинж  үүсэх шалтгаан нь ураг эхийн хэвлийд бүрэлдэх яв­цад хүний 46 хос хромосомын 21 дэх хос хромосом нь хуваагдлын үед нэгээр илүү болсноос үүддэг. Олон хүнд дауны хам шинжийг сэтгэл мэдрэлийн өвчин, оюуны саатал, халдварт өвчин мэтээр хүлээж авч гадуурхах, нийгмээс ангид байлгах гэсэн үзэл ажиглагддаг. Гэвч энэ нь жирийн хүүхэдтэй харьцуулахад булчингийн үзүүлэлт сул, тархины хөгжил нь харьцангуй удаан байдаг нэг төрлийн хам шинж юм. Дауны синдромтой насанд хүрсэн хүний дундаж IQ 50 байдаг бол оюун ухааны хөгжил нь 8-9 настай хүүхэдтэй адил байдаг аж.

Дауны хам шинж бол хэн нэгнийг шашин шүтлэг, арьс өнгө, нийгмийн гарал үүслээс үл хамааран үүсэх хромсомын эмгэг. Тэд бусдын л нэгэн адил нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, ажиллаж амьдрах эрхтэй. Гагцхүү энэ хам шинжтэй хүмүүсийг нийгэмтэй ойр байхад нь хэн бүхэн туслах хэрэгтэй байгааг мэргэжилтнүүд хэлж байна. “Монголын дауны холбоо” - нд 300 гаруй хүүхэд бүртгэлтэй байдаг. 2017 онд НҮБ-ийн хурал дээр Б.Дөлгөөн гэдэг даунтай хүү англи хэл дээр үг хэлэхэд НҮБ-ийн дарга, Дөлгөөн хүүтэй уулзаж ярилцах хүсэлт илгээж байжээ. Тэр ч бүү хэл энэ жил Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод болсон тусгай олимпт Усан сэлэлтийн төрлөөр Б.Элбэрэлт Алтан медаль, Ширээний теннисний төрөлд У.Нинжбадам, Б.Амарболд нар хосын ангилалд Хүрэл медаль, Амарболд ганцаарчилсан ангилалд мөнгөн медаль тус тус хүртсэн амжилттай. “Бид  хүүгээ теннисчин болгохын тулд гурван жил бэлдэж, гэр бүлээрээ теннисээр хичээллэж үлгэр дуурайл болж байсан. Хамгийн гол нь эцэг эхчүүд шантрахгүй тууштай хөдөлмөрлөж байж үр дүнд хүрдэг юм байна” гэж хүүгээ сургуулиас нь авахаар ирсэн ээж бахархан хэлж байв.

Хан-Уул дүүргийн тусгай 63 дугаар сургуулийн харъяа, 130 дугаар сургуулийн дэргэдэхь тусгай ангийг 2018 онд нээжээ. Тус сургууль нь Хурдын Рапид харш хотхоны зүүн талд байрлах 130 дугаар сургуульд хичээлээ эхлүүлээд жил болсон. Харъяалал харгалзахгүй янз бүрийн насны хүүхдүүд нэг ангид  сурдаг ба нэг ангид хоёр багш ажиллаж, нас сэтгэхүйн онцлогт нь тохирсон тусгай сургуулийн хөтөлбөрөөр хичээлийг ганцаарчилж заадаг байна. Тус  сургуулийн Тусгай хөгжил ангид Э.Агиун багш хүүхдүүдэд хөгжмийн давтлага хийж байв. Нэг ангид 10-19 насны 10-аад хүүхэд сурдаг аж. Зарим нь бөмбөр нүдэж, зарим нь шагшуурга шагшиж, зарим нь төгөлдөр хуур тоглож байв. МУБИС-ийн тусгай сургалтын нэг жилийн ангийг төгссөн мэргэжлийн дипломтой мэргэжшсэн багш нар хүүхдүүдэд хичээл заадаг аж. Багш нарыг 2018 оноос Хөгжлийн бэрхшээлтэй сургуулийн багш нарт 30 хувийн нэмэгдэлтэйгээр улсаас цалинжуулж эхэлсэн нь сайшаалтай. “Хүүхэд, хүүхдээ ялгаварлан гадуурхдаггүй. Томчууд л ялгаварладаг юм байна. Энэ тал дээр эцэг эхчүүдэд зөв мэдээлэл өгөх шаардлагатай. Ерөнхий боловсролын сургуульд  даунтай хүүхдийг есөн жилээр сургаж, гэрчилгээ олгодог. Дуу хөгжим, биеийн тамир, зургийн хичээлийг энгийн хүүхдүүдтэй хамт ороод, монгол хэл тоо зэрэг ерөнхий эрдмийн хичээлийг тусгай хичээлийн хөтөлбөрөөр заадаг. Тасралтгүй таван жил цагаан толгой заасны хүчинд манай ангид бичиж, уншиж чаддаг болсон зургаан хүүхэд байна. Тусгай ангид амжилттай суралцаж байгаа хүүхдийг ирэх намраас энгийн ангид оруулах туршилт хийнэ.” гэж Э.Агиун багш хэлэв. Даунтай хүүхдийн сургуулийн бүртгэлийг энэ сарыг дуустал авах ба наймдугаар сарын 10-наас хойш бүртгэл үргэлжилнэ. БГД 70, СБД 25, БЗД 55, ХУД, СХД 63 дугаар сургууль дээр тус тус бүртгүүлж хүүхдиийн нас сэтгэхүйн онцлогоос шалтгаалж 130 дугаар сургууль руу хуваарилна гэдгийг багш нэмж хэллээ.

Төрөөс даунтай хүүхдэд сард 170000 төгрөг, асран хамгаалагчид  нь сард 74000 төгрөг өгдгөөс өөрөөр хэрхэн туслаж дэмжиж байна вэ? Дауны холбоо зургаан жилийн өмнөөс  “Амьдрах ухаан” хөгжлийн төв нээж тэдэнд зориулсан олон арга хэмжээ явуулж байна. Насанд хүрсэн даунтай залуусыг хөдөлмөр сургалтад хамруулж хоол хийх, кофе цай чанах, жигнэмэг сэндвич хийх, зураг зурах, монгол хэл, тооны хичээл заах, хүмүүстэй харьцах, биеэ даах чадвар эзэмшүүлсээр ирсэн. Тэд зөвлөгөө мэдээлэл авч нийгэмших сургалтанд хамрагдахдаа ч дуртай байдаг гэнэ.

 

“Зориг сан”-гийн хашаанд байрлах тус хөгжлийн төвийг зорин очиход амьдрал буцалж байв. Хөвгүүд хашаан дахь зүлэг модоо услаж, охид өөрсдийн зурсан зураг бүхий даавуун торон уут “үйлдвэрлэж”, нийгэмд ашиг тустай үйлд шамдаж байна. “Өчигдөрхөн дуучин Ч.Уранхолбоо ирээд хүүхдүүдэд Эх үрсийн баярын бэлэг өгөөд явсан. Манай сургалтын төвийн гол зорилго бол хүүхдүүд өөрөө хоолоо хийгээд идчихдэг, хувцсаа тохируулаад өмсчихдөг ахуй амьдралд сургах нь чухал юм” гэж “Амьдрах ухаан” хөгжлийн төвийн дэргэдэхь “Кофе шоп”-ын менежер Ж.Баттогоо хэллээ.

Жил бүрийн гуравдугаар сарын 21-нийг Дауны синдромтой хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болгож тэмдэглэдэг. “Шангри Ла” компани тус өдрийг жил бүр тэмдэглэхэд нь тусалж дэмждэг ажээ. ”Жайка”-ийн санхүүжилтээр улирал бүр багш, эцэг эхчүүдэд хүүхэдтэй хэрхэн ажиллах талаар сургалт явуулсан нь үр дүнгээ өгч байна. Эцэг эхчүүд ч хүүхдээ хөгжүүлэх сонирхолтой болжээ. Монголын Дауны холбооны зорилго бол даунтай залуусыг тодорхой хэмжээнд ажлын байраар хангах орлоготой болгох явдал юм. Бараа бүтээгдэхүүнд шошго наах, савласан усыг  хайрцганд хийж скочдох зэрэг давталттай ажлыг даунтай хүмүүс амархан сурдаг. Шангри-Ла зочид буудал хамгийн анх даунтай хүүхдийг туслах ажилчнаар авч мөнөөх охин тушаал дэвшиж, цалингаа ахиулсан байгааг харахад тэд заагаад сургавал юуг ч хийж чаддагийн тод жишээ. Үүнээс гадна “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлийн нэг асуудал бол аав ээж хоёрын нэг нь ажлаасаа гарч хүүхдээ асрахаас өөр аргагүй болдог. Тиймээс санхүүгийн асуудалтай байнга тулгардаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хүлээж авч, хөгжүүлдэг төв бий болоод төрийн үйлчилгээг үзүүлдэг бол ээжүүд бүтэн өдөр биш юм аа гэхэд хагас өдөр ажиллаж, гэр бүлийнхээ орлогод нэмэрлээд, цаашдаа бүр хүүхэд нь насанд хүрээд ажил хийх боломж бий” гэж Монголын дауны холбооны тэргүүн В.Ганзориг хэлэв.

Дэлхийн дунджаар 800 төрөлт тутамд нэг даунтай хүүхэд төрдөг статистик мэдээ байна Эмэгтэйчүүд 35 наснаас хойш  хожуу жирэмслэлтийн үед энэ магадлал өсдөг гэсэн судалгаа бий . “Солонгос, Япон, Сингапур, Израил, Англи, АНУ, Австралийг судалж туршлага солилцсон эцэг эхчүүд даунтай хүүхэд урт насгүй гэдэг яриа ор үндэсгүй юм байна гэдгийг бүрэн ойлгосон. Сайн асарч тордож, зааж сургаад байвал жирийн хүнтэй адил нийгэмд тохирсон ажлаа хийгээд явах боломжтой дэлхий нийтийн жишиг олон байна. Бидний санаа зовж байгаа гол асуудал бол даунтай хүүхэд өнчирвөл хаана очих тухай. Зарим нь Шар хадны эмнэлэг руу очиж байна. Мэдээж ямар ч эцэг эх хүүхдээ тийм газар руу явуулахыг хүсэхгүй шүү дээ. Энэ бол ганц төрийн бус байгууллагын шийдэх хэрэг биш юм байна” гэж Холбооны гүйцэтгэх захирал Б.Батцэцэг хэллээ.Барууны оронд  хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ зориулсан сэтгэл зүйч, сэргээн засалч, тогооч нар байнга үйлчилдэг асрамжийн том төвтэй. Тийм жишиг төвийг Монголд байгуулах цаг нь аль хэдийнэ болжээ. “Сонгинохайрхан дүүрэгт БНХАУ-ын буцалтгүй тусламж болох 75 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийг бариулах ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа юм билээ. Хэрэв энэ төв баригдчихвал асар том дэвшил болох юм” гэж Дауны холбооны тэргүүн В.Ганзориг онцолж байв.

Тэднийг зааж зөвлөөд, сургачих л юм бол юуг ч хийж чадна. Тэд бусдаас жаахан л өөр болохоос хаан, харц хэнийг ч ялгалгүй хайр түгээх гэж ирдэг гэнэн, хайр гэрэлтсэн харцтай сахиусан тэнгэрүүд

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ