...
...

С.Чинзориг: Босго онооноос доош орж байгаа өрхийн хүүхдэд мөнгө олгоно

Монгол Улсын Засгийн газраас хүсэлт гаргасан хүүхэд бүрт 2019 оны зургадугаар сарын 1-нээс эхлэн хүүхдийн мөнгө олгох шийдвэр гаргасан. Энэ талаар ХНХ-ын сайд С.Чинзориг хэмээн тайлбар хийсэн юм. Засгийн газрын шийдвэрийн хүрээнд ХНХ-ын сайд С.Чинзоригоос дараах тодруулгыг авсан юм.

-Хүүхдийн мөнгө нь тасалдсан иргэд тэтгэмж авах хүсэлтээ дахиад өгөх үү. Эсвэл зөвхөн шинээр хүсэлт гаргасан 70 мянган хүүхдэд л мөнгө олгох уу?

-Юуны өмнө иргэдэд хандаж хоёр зүйл хэлмээр байна. Хүүхдийн мөнгөө өгөх хүсэлтээ өгсөн бол Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын бүртгэлийн сан дээр хүүхдийнхээ мэдээлэл орсон эсэхийг баталгаажуулах арга хэмжээ авах нь зүйтэй байна. Хоёрдугаарт, хэрвээ 2018 оны долоо, наймдугаар сард хийгдсэн судалгаанд хамрагдаагүй байгаа бол өнөөдрөөс эхлээд дүүрэг болоод аймгийнхаа Хөдөлмөр халамжийн хэлтсийн ажилтнуудад хүүхдийн мөнгө авах хүсэлтээ илэрхийлэх боломжтой. Материал хүлээн авсныхаа дараа амьжиргааны түвшинг нь тооцож, олгох арга хэмжээ авна. Өнгөрсөн оны долоо, наймдугаар сард хүсэлт гаргаж, бүртгүүлж, материалаа өгсөн бол дахиж хүсэлт гаргахгүйгээр авах боломжтой. Өөрсдөө Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэстээ очоод, хүүхдийн мөнгө авах хүсэлт нь өрхийн мэдээллийн санд орсон эсэхийг тулгаад, баталгаажуулах хэрэгтэй. Хэрвээ 2018 оны долоо, наймдугаар сард хийсэн судалгаанд хамрагдаагүй үлдсэн өрх байвал өнөөдрөөс эхлээд дүүргийнхээ болон аймаг, сумын хөдөлмөр, халамж үйлчилгээний ажилтанд хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэл­тээ илэрхийлэх боломжтой. Түүний дараа бид амжиргааны түвшнийг тогтоож 670 гэсэн оноогоор шал­гуур тавьж үзээд, мөнгөн тэтгэмж олгоно.

-Та өрхийн амьжиргааны 670 гэсэн оноог харах талаар ярилаа. Дахиад өрхийн амьжиргааны түвшнээр нь ялгах хэрэг үү?

-Нийт хүсэлт гаргасан өрхийн хүүхдүүдэд мөнгөн тэтгэмж олго гэсэн чиглэл өгсөн. Гэхдээ 670 гэсэн босго оноог авч үзэх шаардлага бас бий. Энэ оноог авч үзэхгүй бол сүүлийн хагас жилд олгохоор шийдвэрлэсэн 12.3 тэрбум төгрөг хүрэхээргүй олон хүүхэд хүсэлт гаргах магадлалтай. Улмаар дахиад нэмэлт эх үүсвэр гаргах шаардлагатай болж магадгүй гэсэн болгоомжлол бий. Тиймээс бид 670 гэсэн онооны шалгуураа тавина. Мөн шинээр хүсэлт гаргаж байгаа хүүхдэд он дуустал олгох мөнгөн тэтгэмж 12.3 тэрбум төгрөгтөө багтахаар байх шаардлагатай байна. Хэрвээ олон хүүхэд хүсэлт гаргаад, нэмж гаргаж байгаа мөнгө хүрэхээргүй болбол бид босго оноогоо хэрэглэнэ. Би түрүүнд хэлсэн, өрхийн мэдээллийн санд 980 мянган хүүхэд бүртгэлтэй байгаа гэж. Оны эхнээс 912 мянган хүүхдэд тэтгэмж өгсөн. Үлдсэн 70 орчим мянган хүүхэд нь босго оноодоо багтаж буй хүүхдүүд. Тиймээс энэ сарын 1-ээс 980 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгоход бэлэн гэсэн үг.

-Хүсэлт гаргасан хүүхэд бүрт мөнгө олгоно гэж ойлгосон. Гэтэл 670 гэсэн босго онооноос дээш оноотой айлын хүүхдэд өгөхгүй гэсэн үг үү?

-Хүсэлтээ өгсөн айлуудаас 670 гэсэн босго онооны шалгуураа хангаж байгаа өрхийн хүүхдүүдийн мөнгийг эхний ээлжинд шийдээд, олгочихъё гэж байгаа юм. Уг нь өнгөрсөн жил бид хүсэлтээ аваад дуусчихсан шүү дээ. Өнгөрсөн жил судалгаа хийгээд, хүсэлт авч байхад анзаараагүй юм уу, мэдээлэлгүй байснаасаа шалтгаалаад хоцорчихсон, энэ жил мөнгө өгөх болохоор дахиад хүсэлт өгөх талаар яриад байна. Бид иргэдийг чирэгдүүлэхгүй, бухимдал үүсгэхгүйн тулд нэмж хүсэлтийг нь авъя гэж байгаа. Хүсэлтээ аваад батлагдсан нэмэлт эх үүсвэртээ багтаж байвал хүсэлт гаргасан бүх хүүхдэд мөнгө өгнө. Харин батлагдсан нэмэлт эх үүсвэр хүрэлцэхгүй гэвэл босго онооноос доош орж байгаа өрхийн хүүхдэд мөнгөө олгоно. Үлдсэн өрхийн хүүхдүүдэд ямар шалгуураар өгөх вэ гэдгээ бид тохирно.

-Засгийн газар будаа агшаагч, том зурагттайгаас нь шалтгаалан хүүхдийг ялгарлаж байна гэх шүүмжлэлд ямар хариу өгөх вэ?

-Хүүхдийн мөнгөний асуудлыг улстөр­жүүлэхгүй байгаасай гэж хүсье. Засгийн газар төсөв санхүүгийн боломж хүрвэл хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгохыг зорьж байна. Бид нийт хүүхдийн 60 хувьд нь олгож байсныг бодвол 80 болгож нэмсэн. Эдийн засгийн өсөлт гарч байна. Эдийн засгийнхаа өсөлтийг иргэдийнхээ бодит орлогыг нэмэгдүүлэхэд бага ч болов нэмэр болгох бодлого барьж байгаа. Энэ хүрээнд нийт хүүхдийн 80 хувьд мөнгө олгож эхэлсэн. Одоо дахиад нэмэх гэж байна. Тооцоогоор нийт хүүх­дийн 86 хувь нь хүүхдийн мөнгө авах боломжтой болно. Бид төсөв санхүүгийнхээ боломжид тулгуурлаад илүү олон хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох талаас нь ажиллаж байна. Үүнийг иргэд зөвөөр ойлгоосой.

-Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нөхөж олгох уу?

-Өмнө нь хүсэлт гаргасан иргэ­дийн мэдээлэл өрхийн мэдээллийн санд байгаа. Гэхдээ 2019 оны төсөв батлахдаа нийт хүүхдийн 80 хувьд нь мөнгөн тэтгэмж олгоно гээд мөнгө тусгаж өгсөн. Судалгаа хийгээд үзэхээр энэ оны нэгдүгээр сараас сар бүр 911500-911600 хүүхэд мөнгөн тэтгэмж авсан байна. Үндсэндээ улсын төсвөөс баталж өгсөн мөнгөн дүнгийн хэмжээнд хүүхдүүд тэтгэмжээ аваад ирж. Нэмэлт эх үүсвэрийг сая л шийдэж байгаа болохоор нөхөж олгох боломжгүй.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ