...
...

У.Хүрэлсүх: Намайг худалдаж авна гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй

Орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж буй, тулгамдаж байгаа асуудал, бэрхшээлийн талаар нэгдсэн мэдээлэл солилцож, шийдвэр зорилготой Улсын Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр /2019.08.19/ Төрийн ордонд болов. Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон салбар хариуцсан сайдууд, аймгийн Засаг дарга, холбогдох байгууллагын удирдлагууд оролцсон юм.

Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Махан дээр онцгойлон анхаарах хэрэгтэй. Ирэх жил мах, гурилын үнэ тэнгэрт хадвал ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан та толгойгоороо хариуцна шүү. Эртхэн зохицуулалтаа хийгээрэй. Мал нядалгаа эхлэхээс өмнө хэллээ шүү. Дараа нь янз бүрийн тайлбар тавиад хэрэггүй.

Бүтээн байгуулалтын асуудлуудыг мөн анхаарах хэрэгтэй. Графикийн дагуу явах ёстой асуудлуудыг анхаарах хэрэгтэй. Аймаг орон нутгийн дарга нар Засгийн газрын зорилтыг биелүүлж ажиллах хэрэгтэй. Хариуцлага, сахилга батыг тогтоож ажиллах хэрэгтэй. Нийгэмд шударга ёсыг бэхжүүлж, улсын унаж байгаа эдийн засгийг зогсоож, сэргэлтийг хангах зорилтыг Засгийн газар дэвшүүлсэн. Нийгэмд шударга ёс тогтоох ёстой хүмүүс бол дарга нар та бүхэн. Газрын баялгаас авахуулаад ард түмнийг доромжилдог нөхдүүдтэй хатуу тэмцэх хэрэгтэй.

Монголын төрд олигархууд орж ирснээс болж Монгол төрийн үйл ажиллагаа гацаанд орж байна. Тэр олигархуудтай тэмц. Хэдэн халтар цаасанд амаа үдүүлж болохгүй. Өнөөдөр олигархууд монгол төр гутамшигт байдалд ороод байна. Монголын төр мөнгөний өмнө, олигархуудын өмнө өвдөг сөхөрч болохгүй. Би хууль бусаар Монголын ард түмний баялгийг хувьдаа завшсан олигархуудыг хэлж байна. Цаашдаа Монголын төр бизнес, улс төр хоёрыг салгах хэрэгтэй. Ингэж байж төр ариусна.

Байгаль орчноо хамгаалах тал дээр ихээхэн анхаарах хэрэгтэй. Тост, Тосон бумбыг юу болж байж эргүүлж авав. Тэрийг дагаад хэд хэдэн компани газар ухах гээд хүлээж байгаа. Тэр лицензүүдийг цуцал гэж хэлсэн. Төрд төмөр нударга байдаг гэдгийг харуулах хэрэгтэй. Төрийн хууль зөрчвөл ямар ч олигарх бөхийдөг гэдийг харуулах хэрэгтэй. Монголын төрд сүүлийн 30 жил дутагдсан зүйл бол энэ. Одоо хийх цаг нь болсон. Үүний өмнө битгий зориг шантраарай, битгий халтар цаасанд битгий худалдагдаарай.

Ам руу мөнгө чихээд болдог юм гэж ярьдаг хүмүүс бий. Шүүх дээр очоод асуудлаа шийднэ гэж ярьдаг хүмүүс бий. Монголын шүүх өөрчлөгдсөн. Шударга шийдвэр гаргана гэдэгт итгэж байна. Монголын хууль, шүүхийнхэн бүгдээрээ хонгилд үйлчилдэггүй. Улс орноо гэсэн сэтгэлтэй шударга шийдвэр гаргана гэж бодож байна. Тиймээс Монголын хууль хяналтын байгууллага гэмт хэрэгтнүүдтэй хатуу тэмцэх хэрэгтэй.

Архангай Орхоны хөндийгөө хар, Сэлэнгэ Ерөө, Хүдэрээ хар. “Эко Алтан заамар” гэж байна. Дарга нараа, энэ бүхнийг хаа. Гол мөрөн чинь ширгээд дууслаа. Улс орон гэж байдаг юм бол замбараагүй уул уурхайтай тэмцэх ёстой. Эх орноо хамгаалах цаг болсон. Шаардлагатай бол цэрэг армиа хөдөлгөе. Газар нутгаа хамгаалалтад аваг. Яах гэж бид цэрэг тэжээдэг юм. Эх орноо хамгаалах гэж. Тэгвэл эх орныг чинь ухаад дууслаа.

Албан тушаалтнууд ажлаа хийцгээ. Чадахгүй бол ажлаа өгцгөө. Энэ төрд хийх хүн байгаа. Ө.Энхтүвшин даргаар ахлуулсан ажлын хэсэг гарсан. Монгол Улсад олгогдсон бүх лицензийг эргэж шалгана. Ингэж цэгцэлж авъя. Ингэхгүй бол улс орон чинь хэцүүдлээ. Бидэнд алт хэрэгтэй юм уу, эко систем хэрэгтэй юм уу? Эко системийг хамгаалахын төлөө ямар ч албан тушаалтан, ямар ч хууль дүрэм бөхийх ёстой. Үүний эсрэг хууль дүрэм гэж байх ёсгүй. Нийгмийн хууль байгалийн хууль дор байдаг. Хамгийн агуу хууль бол байгалийн хууль. Байгалийн хуулийг зөрчиж огт болохгүй. Эх орон бол газар нутаг, хүн ам дээрээ оршин тогтнодог. Эхний ээлжинд хууль бусаар баялаг хулгайлж байгаа хүмүүстэй тэмцэх ёстой. Үүнийг Ерөнхий сайдын хувьд зориуд хэлье. Аймгийн Засаг дарга нар шат шатандаа анхаарч ажиллаарай. Сумынх нь Засаг даргад авлигал өгөөд Тост, Тосон бумбын ордыг зогсоох гэж оролдсон. Түүн дээр хэрэг үүсэн шалгагдаж байгаа. Нүдэн дээр чинь авлигал хийгдэж байхад таслан зогсоох ёстой. Сайд нь байна уу, УИХ-ын гишүүн байна уу, хэн байх нь хамаагүй Монгол Улсын өмнө гэмт хэрэг хийсэн бол түүнийг таслан зогсоох ёстой. Би ард түмнийхээ өмнө хэлж байна. Монгол Улсад шударга ёс тогтоох нь төрийн үүрэг. Монгол Улсын Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх үүрэгтэй. Тэмцэх хүмүүс нь та бүхэн. Дарга нар минь анхаарч ажилла. Шударга ёсыг тогтоохын төлөө хатуу бай. Ямар нэгэн байдлаар та нарыг дарамтлаад байгаа бол хэл. Та нарыг хамгаална. Төр томилсон хүмүүсээ хамгаална. Төрийн сүлд та нарыг харж байгаа. Зоригтой, зүрхтэй бай. Эх орноо бүтэн авч үлдье гэвэл үүнийг хийхээс арга байхгүй. Хэн нь хулгайч вэ гэдгийг ард түмэн мэддэг болсон. Хэнийг нь сонгох ёстой, хэнийг нь сонгохгүй гэдгээ мэддэг болсон.

Тиймээс хулгайч нар Монголын төрд битгий гараасай гэж бүгдээрээ ажиллах хэрэгтэй. Бүх намуудад уриалж байна. Манай намын нөхдүүд ч үүнд анхаарах ёстой. Хулгайч нарыг битгий дэвшүүлээрэй. Хулгай хийнэ, концесдоно, ЖДҮ-днэ. Ийм төр байж болохгүй. Үүний төлөө анхан шатнаасаа тэмцэж ажиллана. Хэзээ ч нугарахгүй. Хэнээс ч айхгүй. Намайг худалдаж авна гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй гэдгийг би олигархуудад хэлж байгаа” хэмээн үг хэллээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)
  • Ингэх цаг нь болсон. Ард түмэн дэмжээд тэмцэхэд 21 аймаг 300 гаруй сумын ухсан газар, лиценз гэж замбараагүй цаасыг хумих цаг болсон. Газар ухаад олигархиуд баяжиж ард түмэн ядуурдагийг мэдэрлээ.

  • Үнэхээр сайн байна. Ард түмэн тэнэг биш шүү. ЕС-ыг дэмжих хүмүүс зөндөө байгаа.

Онцлох мэдээ