...
...

“Ulaanbaatar international day 2019” Олон улсын өдөрлөг өнөөдөр өндөрлөнө

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд “Ulaanbaatar International Day 2019” олон улсын өдөрлөгийг зохион байгуулж байна. Өдөрлөгийг энэ сарын 21, 22-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа юм.

Өчигдөр болсон нээлтийн арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүд, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, Монгол Улс дахь Элчин сайдын яамд, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцлоо. Түүнчлэн өдөрлөгт Улаанбаатар хоттой ах, дүү найрамдалт харилцаатай ОХУ-ын Москва, Новосибирск, Казань, Эрхүү, Улаан-Үд, Элстэй, БНХАУ-ын Чөндү, Жилин, БНСУ-ын Сөүл, Бусан, Инчон, Намянжү, Тайландын Бангкок, Япон Улсын Мияконожо, БНКУ зэрэг зургаан орон, 16 хотын 60 гаруй төлөөлөгч оролцож буй.

Өдөрлөгийн нээлтийн арга хэмжээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Уул, уурхай хүнд үйлдвэрлэлийн сайд Д.Сумьяабазар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Дагва болон гадаадын зочид төлөөлөгчид үг хэлж, мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва мэндчилгээ дэвшүүлж, хэлсэн үгэндээ “Бид хөгжлийн бодлогоо тодорхойлж, эрх мэдлийг хэрэгжүүлвэл нэн тэргүүнд эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулж, хөгжлийн шинэ шатанд гарах гарцыг бүрдүүлэх хэрэгтэй. Нийслэл шинэ дагуул хотуудаар хаяагаа тэлж, тэрхүү шинэ суурьшлийн бүсийг дагаж чөлөөт бүс байгуулах бүрэн боломжтой юм. Дэлхий нийт ч гэсэн хил дамнасан бус хотын хөгжилтэй уялдуулан чөлөөт бүс байгуулах хандлагад шилжиж байна. Улаанбаатар хотоо хөгжүүлэхийн тулд бид хувийн хэвшийн оролцоог нэмэгдүүлэн, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сонгодог утгаар нь хөгжүүлэхийг зорьж байна. Дэлхийн ихэнх хотын хөгжлийн үндэс нь хувийн хэвшлийнхний оролцоог бүрэн ашиглаж чадсанд оршдог” хэмээлээ.

 Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ