Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа олон улсын хавдрын хяналтын байгууллагын харъяа “City Cancer Challange” хөтөлбөрийн дэлхийн үйл ажиллагааны захирал Матиас Гомез, Азийн бүсийн захирал Аунг Наинг Со нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа “Манай улс хавдрын өвчлөлөөр сүүлийн жилүүдэд дэлхийд дээгүүрт орох болсон. Улаанбаатар хот олон улсын хавдрын хяналтын байгууллагын харъяа “City Cancer Challange” хөтөлбөрт хамрагдана гэдэгт найдаж байна” хэмээлээ.
Олон улсын хавдрын хяналтын байгууллагын харъяа “City Cancer Challange” хөтөлбөр нь хавдрын тусламж үйлчилгээг дэлхийн хотуудад чанартай, тэгш хүртээмжтэй хүргэх зорилгоор байгуулагдан олон улсын хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллаж ирсэн томоохон нэгдэл юм. Байгуулагдсан цагаасаа хойш дэлхийн долоон хотод хавдрын эсрэг техникийн тусламж үзүүлж, олон улсын мэргэжлийн сүлжээг тухай хотуудад байршуулан зөвлөмж үйлчилгээг хүргээд байгаа аж.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250