Чингэлтэй дүүргийн долдугаар хороо, Хувьсгалчдын 11-15 дугаар гудамжны 200 орчим айл өрх инженерийн шугам сүлжээ, халаалт дулаан, цэвэр, бохир усны шугаманд холбогдлоо. Гэр хороололд хэсэгчилсэн болон бие даасан инженерийн хангамжийг нэвтрүүлэх “Дэд бүтцийн төв” төсөл тус дүүрэгт амжилттай хэрэгжиж өнөөдөр нээлтээ хийсэн юм. Нээлтийн ажиллагаанд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон холбогдох албаныхан оролцлоо.
УИХ-ын дарга Г.Занданшатар нээлтийн ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ “Өнөөдөр нийслэлчүүдийн хувьд нэг том дэвшил, нэг том бүтээн байгуулалтын эхлэл тавигдаж байгаад баяртай байна. Утааг бууруулах ажлыг эрчимтэй өрнүүлсний үр дүнд энэ өвөл бид утаагүй сайхан өвөлжих гэж байгаа нь том дэвшил юм. Үүний тод илрэл энэхүү бүтээн байгуулалт өрнөснөөр 200 орчим айл яндангүй болж байна гэсэн үг. Хүн бүр дор бүрнээ чин сэтгэлээсээ чармайн зүтгэж чадвал нийслэл хот, улс эх орноо хөгжүүлж чадахын эхлэлийг үүнээс харж байна” хэмээлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд дэд бүтэц хөгжсөн, орон сууцанд амьдарч буй мэт ая тухтай, сайхан орчныг бүрдүүлсэн, агаарын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлсэн томоохон ажлын нэг дэд бүтцийн төвийн нээлт болж байна. Ирэх хавраас иргэдийг орон сууцжуулах “Орлогод нийцсэн орон сууц” хөтөлбөр хэрэгжиж эхлэнэ гэдгийг дуулгахад таатай байна.
Мөн энэ мэтчилэн дэд бүтцийн төвүүдийг ашиглалтад оруулахаар төлөвлөгдсөн. Одоо айл өрхүүд гаднах тохижилтондоо анхаарч, хашаандаа ногоон байгууламжийг байгуулан ажиллах байх аа. Та бүхний идэвхи, хүчин зүтгэлээс хэрхэн сайхан орчинд амьдрах бүх зүйл хамаарна. Та бүхэндээ баяр хүргэе” гэсэн юм.
Дэд бүтцийн төв ашиглалтад орсноор яндангийн тоо багасч, тэр хэрээр агаар, хөрсний бохирдол буурч, газрын үнэлгээ нэмэгдэн, иргэд өөрсдийн өмчлөлийн газартаа ая тухтай амьдрах нөхцөл бүрдэж байна.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250