...
...

Теле хяналтын камеруудыг хэвийн ажиллуулах стандартын жагсаалт баталлаа

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, Улаанбаатар хотын хэмжээнд дагаж мөрдөх RFID, LTE шилэн кабель төлбөрийн системийн стандартуудын жагсаалт батлах тухай, Орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухай, Хөрөнгө бүртгэх тухай, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн ой тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай, Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIX хуралдаан болон ээлжит бус VIII хуралдаан зарлах тухай зэрэг долоон асуудал хэлэлцэх товтой.

Хуралдааны эхэнд Улаанбаатар хотын хэмжээнд дагаж мөрдөх RFID, LTE шилэн кабель хөтөлбөрийн системийн стандартуудын жагсаалт батлах тухай асуудлыг хэлэлцэв. Танилцуулгыг нийслэлийн Засаг даргын Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат хийв.

Монгол Улсад үйлдэгдэж буй нийт гэмт хэргийн 71 хувь нь Улаанбаатарт гардаг. Тиймээс аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх шаардлага бий. Дэлхийн олон улс уг асуудлыг 4G утасгүй сүлжээний технологи ашиглан, камерийн хяналтын тусламжтайгаар шийдвэрлэсэн байдаг. Эл жишгээр 2011-2018 онд Улаанбаатар хотын хэмжээнд 2000 гаруй камер суурилуулсан байдаг аж. Гэвч дүүргийн цагдаагийн хэлтсүүдэд 1796 камер суурилуулсан байгаагаас өдгөө 1063 нь гэмтэлтэй, 733 нь хэвийн ажиллаж буй. Сүлжээний дэд бүтцийг стандарт, техникийн даалгаврын дагуу бус, дур мэдэн татсан нь олон камер ажиллахгүй болох шалтгаан бүрджээ. Тиймээс камер суурилуулахын өмнө холболтын стандартыг батлуулж, дагаж мөрдүүлэх шаардлагатай байгаа юм. Түүнчлэн замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээвэрлэлт, тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, тэдгээрийн даатгалд хамрагдсан байдалд хяналт тавих, замын байгууламж ашигласны төлбөр төлөх үйл ажиллагаанд радио долгионы давтамж ашиглан бүртгэх системийг ашиглах хэрэгцээ бий юм.  Үүнээс гадна автобусаар зорчих, сайжруулсан түлш, зөөврийн ус авах гэх мэт үйлчилгээнд иргэд өөр, өөр төрлийн карт ашиглаж,, илүү зардал гаргадаг байдлыг засаж, технологийн шийдлээр шийдэх шаардлага ч үүсчээ. Тиймээс нийслэлийн Засаг даргын зүгээс Тэргүүлэгчдийн хуралдаанд асуудал оруулсныг хэлэлцэн дэмжиж, тогтоол баталлаа.

Эхний ээлжинд автозогсоолын төлбөр хураамж авах шийдлийг гаргахад уг стандартуудын ашиглана гэдгийг нийслэлийн Засаг даргын Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат онцолсон. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Дэлхийн хотууд өндөр технологийн тусламжтайгаар аливаа асуудлаа шийдэж байна.  Улаанбаатар хотын иргэдийг аюулгүй орчинд амьдруулах, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэх нь бидний үүрэг. Тиймээс уг асуудлыг дэмжиж байна. Цаашид энэ мэт ажил олныг хэлэлцэж, шийдвэрлэх шаардлага бий” гэсэн юм.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ