Шинэ он гарлаа. 2020 онд Монгол Улсын иргэн танд хэрэг болох онцлох хуулиудыг танилцуулъя. Иргэн та татварын дарамтаас салж, хорт хавдрын эрт илрүүлэлтийн үзлэг оношилгоонд үнэ төлбөргүй хамрагдаж, хүсэлт гаргасан хүүхэд бүрд хүүхдийн мөнгө олгож, үдийн цай хөтөлбөр үдийн хоол болж өргөжих нь ээ, шинэ онд.
ТАТВАРЫН БАГЦ ХУУЛЬ
Өчигдөр /Нэгдүгээр сарын 01-ний өдөр/-өөс эхлэн Татварын багц хуулийн шинэчлэл хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ. Татвар төлөгчдөд нэмэр болохоосоо нэрмээс болдог гэх шүүмжлэл хуулийн шинэчлэлээр бага ч атугай хөнгөрөх гэж байна. Нэг ёсондоо татварын бүрдүүлэлтийг сайжруулахын тулд хуулиар бага зэрэг дэмжих ёстой гэх бодлого баримталж байгаа нь энэ. Ачаанаас хөнгөлсөн гэх Татварын багц хуулиас онцлох хэд, хэдэн заалтыг та бүхэнд хүргэе.
Дэлхийн 150 гаруй улсад төлсөн татварыг Монгол Улсад төлөх татвараас хасаж тооцохоор болжээ. Түүнчлэн орон сууцны албан татварын хөнгөлөлт гурав хүртэлх сая байсныг зургаа хүртэлх сая болгож өсгөв. Ингэснээр иргэн та шинээр орон сууц худалдан авсан тохиолдолд зургаан сая төгрөгийн татварын буцаан олголт авна гэсэн үг.
Хөдөө орон нутагт эдийн засаг бий болгох зорилгоор төвөөс 1000 хүртэлх км зайд алслагдсан аймаг, сумдад бизнес эрхэлдэг бол 90 хувийн татварын хөнгөлөлт үзүүлнэ.
Түүнчлэн чөлөөт уран бүтээлчид гэж нэрлээд татвар төлсөн зүйлгүй байсан урлагийн хэдийг нэгдсэн зохицуулалтад оруулжээ. Тэд орлогоосоо зардлаа хасуулж, ашгаасаа татвар төлж байхаар зохицуулсан.
Татварын байцаагчид жижиг бизнесүүд дээр орж дарамталдаг гэх шүүмжлэл байсан бол Татварын шинэ хуулиар дээрх хяналт шалгалтыг бүх татвар төлөгчдөд тавихгүй байхаар зохицуулсан юм.
ИРГЭН ТА ХОРТ ХАВДРЫН ҮЗЛЭГ, ОНОШИЛГООНД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРАГДАНА
Өнгөрсөн 2019 оны аравдугаар сарын 17-ны өдөр УИХ-ын хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Нэмэлт өөрчлөлтөөр 2020 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, хөх, уушги, бүдүүн болон шулуун гэдэсний гэх үндсэн долоон төрлийн хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломжтой болох юм. Гэхдээ дээрх үзлэг, оношилгоог хийхдээ насны ялгамжаас шалтгаалан өөр байхаар зохицуулжээ.
- 40 болон түүнээс дээш насныхан элэгний В, С вирус тээгч, элэгний архаг үрэсвэл, хатууралтай иргэнийг ЭХО, хавдрын маркер, биохимийн шинжилгээнд жилд 1-2 удаа
- 40 болон түүнээс дээш насны иргэнийг ходоод, улаан хоолойн хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа
- 30-60 насны эмэгтэйг умайн хүзүү, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд гурван жилд нэг удаа
- 50 болон түүнээс дээш насны иргэнийг уушгины хорт хавдрыг эрт илрүүлэг үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа, бүдүүн болон шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хоёр жилд нэг удаа хамруулна.
ХҮҮХЭД БҮРД ХҮҮХДИЙН МӨНГӨ
Он гарахтай зэрэгцэн өөр нэг хууль хэрэгжиж эхэлсэн нь хэрэв та хүсэлт гаргавал хүүхдийн мөнгө авах боломжтой болсон явдал. Гэр бүлийн орлогоос хамаарч хүүхдийн мөнгөнөөс ялгамжилдаг байсан бол энэ ялгамж одоо байхгүй боллоо.
УИХ-ын гишүүн С.Бямбацогтын өргөн барьж, одоо хэрэгжих болсон энэ хуульд шаардлагатай нэмэлт санхүүжилтийг 2020 оны төсөвт суулган баталсан юм. Дээрх хуулиар өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй нийт хүүхдийн 90 орчим хувь нь хүсэлт гаргаж, хүүхдийн мөнгө авна гэж тооцоолжээ.
Хэдийгээр улс төрийн оноо авах гэсэн сонгуулийн өмнөх арга ядсан арга гэж харж байгаа ч хүүхдийн мөнгө нь өрхийн орлогын жинг дардаг айл өрхөд энэ хууль өгөөжөө хайрлах биз ээ.
ТЭТГЭВЭР НЭМЭГДЭНЭ
Шинэ нийгэмд шилжсэнээс хойш хэрүүлийн алим болж буй сэдэв бол тэтгэвэр. Зарим нь хохирч, зарим нь хожсон тэтгэврийн ялгамжийг багасгах зорилгоор энэ оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн 21208 иргэний тэтгэвэр 50 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. 1990 онд төрүүлсэн хүүхдийн тоогоор тэтгэвэрт гарсан ээжүүд маш бага тэтгэвэр авч буй гэж байнга шүүмжилдэг. Тэгвэл энэ онд дараах тогтоол хэрэгжиж эхэлнэ.
- Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл хүүхдээ өсгөсөн эхийн Нийгмийн даатгалын шимтгэл төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцох,
- Нийгмийн даатгалд даатгуулаагүй эх хүүхдээ асрах хугацаанд төлбөл зохих шимтгэлийн 50 хувийг өөрөө, үлдэх 50 хувийг төрөөс төлөх,
- Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон зарим эх, эмэгтэйчүүдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх.
ҮДИЙН ЦАЙНААС ҮДИЙН ХООЛ
Бага, дунд боловсролын тухай хуулийн “Үдийн цай” хөтөлбөртэй холбогдох зарим заалтад өөрчлөлт орж бага анги буюу 1-5 дугаар ангийн сурагчид үдийн хоолтой болж байгаа аж. УИХ-ын тогтолд “Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн суралцагчийг өдрийн хоолны үйлчилгээнд 2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн хамруулна” гэж заажээ.
Дээрх хөтөлбөрт улсын төсвөөс 65 тэрбум төгрөг зарцуулахаар болсон байна. Дэлхийн олон улс оронд бага ангийн хүүхдийн заавал авах ёстой шим тэжээлд төрөөс анхаардаг жишгийг энэ удаад монголын парламент харгалзан үзсэн нь энэ.