ШИНЭ намаас “Шударга ёсны төлөө” хандивын аяныг өнөөдөр /2020.02.04/ морин цагт эхлүүллээ. Аяны нээлтийн үйл ажиллагаанд ШИНЭ намын удирдлага, гишүүд болон ард түмний төлөөлөл оролцсон юм.
Ж.Батзандан: Бид хөшигний ард санхүүжилт авахыг хүсэхгүй байна “Шударга ёсны төлөө” хандивын аяныг нээж ШИНЭ намын дарга Ж.Батзандан “Улстөрийн намын санхүүжилт гэдэг бол тухайн намын үйл ажиллагаа бодлого зорилт, цаашдын чиг хандлагыг тодорхойлох амин чухал зүйл. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд улс төрийн намууд олигархуудаас санхүүжилт авч явсаар олигархын нам болон дууссан. Улстөрийн намууд бохир санхүүжилт авснаас болж бохирдсон. ШИНЭ нам өнөөдөр намын санхүүжилтийн шинэ схем болох шинэ шилэн дансны схемээ танилцуулж байна.
Бид хөшигний ард санхүүжилт авахыг хүсэхгүй. ШИНЭ намын санхүүжилт олон түмэнд ил тод, нээлттэй байна. Энэ өдрүүдэд Монголын мянга мянган шударга иргэд, эх орончид ШИНЭ намынхаа үйл ажиллагааг дэмжиж олон арваараа хандив дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж байгаа. Шилэн санхүүжилтийн системээ “Шударга ёсны төлөө” хандив аянаа албан ёсоор нээж байна. Монголынхоо нийт ард түмэн, шударга эх орончдыг шударга ёсны төлөө тэмцлийг дэмжиж, Шударга ёсны төлөө аянд нэгдэхийг уриалж байна” гэлээ.
Л.Болд: ШИНЭ нам өнөөдөр шударга ёсныхоо тогтолцоог зарлаж байна Үүний дараа ШИНЭ намын Төв зөвлөлийн дарга Л.Болд “ШИНЭ нам өнөөдөр шударга ёсныхоо тогтолцоог зарлаж байна. Ард иргэд та бүхэн өөрсдийнхөө сонголтоор, өөрсдийнхөө итгэлийг хүлээх ямар нэг албан тушаал, бизнесгүй зөвхөн ард түмнийхээ төлөө ажиллах, хамгийн өндөр ёс суртахуун, мэргэжилтэй хүнийг сонгох санхүүгийн эх үүсвэрийг өөрсдөө бүрдүүл, өөрсдөө зарцуул. Өөрсдийнхөө хамгийн шилдэг охид хөвгүүдээр Монгол төрийнхөө жолоог атгуул, Монголынхоо нийгмийг шинэ түвшинд гаргах ирээдүйг бий болгохын төлөө тэдэндээ томилолт өг. Энэ ажлыг ШИНЭ нам эхлүүлж байна” гэлээ. Ийнхүү ШИНЭ нам хуулийн хүрээнд хуулийн дагуу хандивын аянаа эхлүүллээ. Нээлтийн үйл ажиллагаанд “Шударга ёсны төлөө” хандивын аяныг дэмжиж Ардчилсан холбооны ахмад гишүүн Батсайхан 100 мянган төгрөг, “Дөрвөн алтан бэрс” Малчдын холбооны Тамир 50 мянган төгрөг, халзан цагаан хонь хандивласан бол ажилчдын төлөөлөл хүрэлцэн ирж нэг өдрийн цалингаа хандивлана гэдгээ мэдэгдлээ.