УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатарын тайлангийн сэтгүүлдээ нийтэлсэн ярилцлагыг манай сонин цувралаар хүргэж байна.
-Оффшорыг та юу гэж үзэж байгаа вэ. Ерөнхийлөгч Х.Баттулга оффшорт байгаа мөнгийг Монголд оруулж ирнэ гэж амлаж гарч ирсэн шүү дээ?
-УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд хэлэхэд оффшор дансаар дамжуулж гадагшаа мөнгө урсгаж байгаа асуудал хэрхэвч болохгүй. Монгол Улс өөрөө аравхан тэрбум ам.долларын эдийн засагтай, бусад улсын хэмжээнд ярих юм бол манай эдийн засаг бага шүү дээ. Манайхтай адилхан хүн амтай Израиль, Финланд, Унгар зэрэг улсын эдийн засаг манайхаас 100 дахин их байна. Маш өндөр. Хэрэв Монгол Улсаас, төсвөөс хулгайлсан мөнгө гадагшаа урсаад байвал бидний амьдрал ядуу хэвээр л байна. Төсвөөс мөнгө хулгайлж байгаа асуудалтай хатуу тэмцэх ёстой. Эсвэл Монгол Улсад ирсэн гадны зээл тусламжийг хулгайлдаг ч юмуу. Тэгээд хууль бусаар олсон тэр хөрөнгөө гадагшаа оффшорт аваачиж нуудаг байж болохгүй. Үүнтэй хатуу тэмцэж, хариуцлага тооцох ёстой. Миний бодлоор Монгол Улсад харин гаднаас орж ирж байгаа мөнгө тийм их шалгууртай байх нь дэмий юм болов уу л гэж боддог. Тодорхой хэмжээнд бид мөнгийг улс руугаа татах ёстой.
-Тэр орж ирж байгаа нь хар мөнгө байвал болгоомжлох хэрэгтэй биш үү?
-Тийм мөнгөнд хяналт тавих ёстой л доо. Гэхдээ гадаадын улсууд өөрсдөө яагаад оффшортой байгаад байна вэ. Ялангуяа Хонконг, Швейцарьт яагаад оффшор байгаад байгаа юм. Тэрний цаана бас улс орноо бодож байна шүү дээ, тэр хүмүүс чинь. Мөнгө эргэлдэж байна, мөнгө өөрт нь байна. Тэгж байж ард түмнээ ажилтай, амьдралтай болгож байна. Юмыг шууд утгаар нь ойлгоод л, бүгдийг харлуулаад, тэр болохгүй, энэ болохгүй гээд байвал бас биш л дээ. Гэхдээ минийхээр бол
хяналтгүй мөнгө гадагшаа гарч огт болохгүй, харин дотоодод орж ирж байгаа мөнгөн урсгал дээр хэмжээ хязгаартай байх ёстой л гэж үзэж байгаа.
-Бизнесийн салбараас УИХ-д сонгогдсон гишүүдийг хуралдаа суудаггүй, бизнесийнхээ зав чөлөөгөөр ороод гардаг гэх шүүмжлэл дагалддаг. Ингэхэд таны ирцийн байдал хэр вэ?
-Намайг анх УИХ-д сонгогдсоны дараахан Их Хуралд олон сонгогдсон гишүүд, ялангуяа Д.Лүндээжанцан гишүүн, Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж дарга зэрэг хүмүүс “За даа, бизнесийн салбарт их ажиллаж байсан хүмүүс хуралдаа бараг суудаггүй юм, эсвэл их идэвхгүй байдаг юм даа” гэсэн байр сууринаас ханддаг байсан л даа. “Чамайг харъя даа, чи ч нэг удахгүй идэвхгүй болчих байх даа” гэсэн өнцгөөс ч хардаг гишүүд байсан. Ирцийн хувьд би УИХ-ын ирц өндөртэй гишүүдийн тоонд нэлээд дээгүүрт байгаа байх. Ер нь бол Эдийн засгийн байнгын хорооны дарга болсноосоо хойш би Төрийн ордноос салахаа больсон. Нэг дэх өдөр бүлгийн хуралтай, хоёр дахь өдөр ЭЗБХ-ны хурлын бэлтгэл ажил, гурав дахь өдөр Эдийн засгийн байнгын хорооны хурал, 4, 5 дахь өдрүүдэд чуулганы нэгдсэн хуралдаан дээр ЭЗБХ-оор орж байгаа бүх асуудлыг өөрөө танилцуулна, асуултад хариулна. Ажлын хэсгийг ахалж байгаа хүмүүс хариулбал хариулна. Ажлын хэсгийг ахалж байгаа хүн хангалтгүй хариулбал би өөрөө хариулна. Тийм учраас би өөрөө сууж байх ёстой. Эдийн засгийн байнгын хороо гэдэг бол бусад байнгын хороодыг бодвол хамгийн их асуудалтай хороо. Жишээлбэл, ЭЗБХ дээр өнөөдрийн байдлаар 16, 17 асуудал цугларсан байна. Гэтэл Төрийн байгуулалтын байнгын хороон дээр 7-8 асуудал, бусад байнгын хороон дээр 3-4 асуудал байх жишээний. ЭЗБХ-нд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Статистикийн ерөнхий газар хамаатай. Энэ бол УИХ-аас байгуулагддаг, дарга нар нь томилогддог газрууд. Тэгээд Хүнс, Хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам гээд, ийм таван яамны асуудал манай байнгын хороонд харьяалагддаг. Бусад байнгын хороон дээр хэлэлцэгдэж байгаа асуудлын эдийн засгийн чиглэлийг нь манай байнгын хороо гаргаж өгдөг. Санал дүгнэлт хүргүүлдэг. Өөрсдөө хэлэлцэж байгаа хууль ихтэй мөртлөө бусад байнгын хороон дээр хэлэлцэгдэж байгаа асуудлуудаар санал дүгнэлт гаргаж өгдөг гэсэн үг.
МАНАЙ УЛС СААРАЛ ЖАГСААЛТААС ОЙРЫН ҮЕД ГАРНА
-Монгол Улс саарал жагсаалтад орчихсон. Саарал жагсаалтаас гарах чиглэлд ямар арга хэмжээ авах вэ, тохиолдох бэрхшээлүүд юу байгаа бол?
-Саарал жагсаалт гэдэгт яагаад орсон бэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Өмнө нь бид бас 2011-2014 онд энэ жагсаалтад орж байсан. Монгол Улс саарал жагсаалтад яагаад орчихов оо гэхээр, хариуцлагын тогтолцоо сул, бид олон улсын байгууллагын өмнө амласнаа биелүүлдэггүй. Нийгмээрээ шуугиад л байна. Харамсалтай нь хариуцлагын тогтолцоо байхгүй. Тэр хүн тэдэн тэрбум ам.доллар идчихлээ, ингэлээ тэглээ гээд л шуугидаг. Шүүхийн шатанд очоод янз бүрийн шалтгаанаар бултчихдаг. Хоёрдугаарт, танай улсад хяналтгүй мөнгө их байна гэдэг. Үүнийгээ зас гэж л биднийг саарал жагсаалтад оруулсан.
-Энэ жагсаалтаас гаргахын тулд ФАТФ-аас Монголд хатуу болзол тулгасан уу?
-Зарим улсыг саарал жагсаалтад оруулахдаа санкцтай оруулдаг. Тухайлбал, тийм юмыг нь хурааж авна, гадаад төлбөр тооцоог нь зогсооно гэдэг. Манай улсын хувьд тийм зүйл байхгүй. Саарал жагсаалтад орсны дараа эдийн засагчид тойрч суучихаад ам.долларын ханш 7000 төгрөгт хүрнэ, манай улсыг барьцаална, бүх төлбөр тооцоог хаана, виза карт, мастер карт хэрэглэж чадахаа болино гэцгээсэн. Тийм зүйл болоогүй. Тухайн үед нь би тийм зүйл байхгүй гэж хэлж байсан. Хэлээд байхад манайхан их сенсацитай ярьсан хүний яриаг л сонсдог. Саарал жагсаалтад орсон шалтгааныг хүмүүст тайлбарлахдаа банкны салбарт асуудал байна, банкныхаа хөрөнгийн эх үүсвэрийг сайжруул гэж Олон улсын Валютын сан шахсан шүү дээ. Тэрийг бол ярьдаг. Гэхдээ Эдийн засгийн байнгын хороонд ирсэн жагсаалтад тэр байхгүй. Ил тодын хуультай холбоотой 37 их наядын асуудал яригддаг юм. Гэхдээ Эдийн засгийн байнгын хороонд ирсэн жагсаалтад тийм зүйл байхгүй. Саарал жагсаалттай холбоотой дөрвөн зүйл бий. Эдгээрийгээ засах юм бол саарал жагсаалтаас гарах бүрэн боломжтой.
-Дөрвөн зүйл гэдгээ тайлбарлахгүй юу?
-Дээр дурдсан сул мөнгөний асуудал. Тиймээс тэр эргэлдэж байгаа мөнгөний урсгалдаа хяналт тавь. Энэ хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны харьяалах асуудалд хяналт тавиач ээ гэсэн. Эл мөнгийг хянах ажлыг Санхүүгийн зохицуулах хорооны хуульд өөрчлөлт оруулаад, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулаад шийдсэн. Ингээд нэгдүгээр зүйл нь хуулийн дагуу засагдсан гэсэн үг. Ганцхан үл хөдлөх хөрөнгийн асуудал биш, зуучлалын болоод алт мөнгө, ашигт малтмалтай холбоотой мөнгөнүүд хамаарч байгаа. Хоёрдугаарт, Хариуцлагыг чангаруулаач ээ, та нар хил гааль дээр их мөнгө илрүүлдэг юм байна, оруулж ирсэн хүний толгойг илээд торгосон болоод гаргачихдаг юм байна гэсэн. Энэ асуудал бараг 100 хувь шийдэгдсэн. Гуравдугаарт, Хойд Солонгостой холбоотой асуудал л даа. Монголд Хойд Солонгосын хэдэн хүн ажиллаж байгаа. Тухайн үед 3-4 мянган хүн байсан бол одоо 250 болтлоо буурсан байна лээ. Энэ хүмүүстэй холбоотойгоор Монгол Улсад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой асуудал байх магадлалтай, үүнийгээ анхаараач ээ гэсэн. Энэ бол ойрын хоёр, гурван сарын дотор шийдэгдээд дуусчихна гэж гүйцэтгэх засаглалынхан хэлж байгаа. Дөрөв дэх шалтгаан нь нэлээд том. Мөнгө угаах, терроризмтэй холбоотой асуудлаар шүүх, хяналтын байгууллагууд дээр нэг ч хэрэг шийдэгдээгүй байна. Бид яриад байдаг ч хэрэг шийдэгддэггүй. Ц.Нямдорж сайд “Хүнийг аваачиж шоронд хий гэж шахаж байгаа, үүнийг хийх юм уу, үгүй юу” л гэж байгаа. Энэ бол шууд шоронд хий гэхээсээ илүүтэй танай улс, танай Засгийн газар мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хяналтаа сайжруул. Хэрэв ийм асуудал яригддаг юм бол үүн дээрээ шийдвэр гаргаж бай, битгий дараад орхиорой. Цаана нь терроризмыг санхүүжүүлэх, оффшор бүсийн мөнгө нуугдаж байх магадлалтай гэсэн. Эдгээрийг нэг дор шийдэхэд хэцүү. Шүүх, хяналтын байгууллагатай холбоотой асуудал байна гэсэн. Ийм дөрвөн асуудал бий. Ерөнхий сайдын захирамжаар Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. 2020 оны I юм уу, II улиралд багтаад саарал жагсаалтаас гарчихна. Энэ бол хүмүүсийн бодож байгаа шиг Монгол Улсад сүйрэл болох гээд байгаа юм биш гэдгийг Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд баталгаатай хэлье. Дээр дурдсан Оюу толгойтой холбоотой асуудал ч гэсэн эерэг дохио болсон. Тийм. Уурхай хаах нь уу гэж зарим талаар сандарсан... УИХ-аас хатуу шийдвэр гараад уурхайг минь хаачих вий, гэрээг зогсоох вий гэдэг талаас нь дуугарцгаасан. Бид асуудлаа дотооддоо ярилцаад ойлголцдог парламентын засаглалтай. Тиймээс асуудлыг сайжруул гэдэг талаас нь тогтоол гарсан. Эцсийн шийдвэрт цэг тавьсан. Саарал жагсаалтын цаана Оюу толгойн асуудал байна гэж манайхан харддаг. Би хардалтын талаас нь ч, хууль хяналтын талаас нь ч ярьж байна. Африкийн зарим улсуудад ФАТФ-аас тавьсан шаардлагуудыг харж байхад хэрэгжүүлэхэд хүндрэлтэй заалтуудыг тусгасан байдаг. Тэгэхгүй бол тэрийг чинь хураана, ингэхгүй бол банкны чинь гүйлгээг зогсооно, АНУ дахь дансыг зогсооно. Европ руу бараа экспортлохгүй, онгоц нисгэхээ болино гэдэг. Харин Монгол Улсад хүнд нөхцөлтэй шаардлага тавиагүй гэдгийг анх л би чуулган дээр хэлсэн. Эерэг юм ярьж байгаа хүний яриа сонсогддоггүй, шүүмжилж байгаа хүний яриа тод сонсогдоод байна л даа.
Эх сурвалж: УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын
2016-2019 оны ажлын тайлан сэтгүүлээс