...
...

Ж.Ганбаатар: Монголд зээлийн хүү ДАЙНТАЙ УЛСУУДААС Ч ӨНДӨР БАЙНА

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатарын тайлангийн сэтгүүлдээ нийтэлсэн ярилцлагыг манай сонин цувралаар хүргэж байна.


-2020 оны мөнгөний бодлого, Нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл ямархуу гарсан бэ?

-Засгийн газарт өгдөг чиглэл тогтоолуудын хамгийн гол нь таны асуусан Мөнгөний бодлого. Үүний дараа Монгол Улсын Нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталдаг. Энэ хоёр бол манай байнгын хорооны хэлэлцдэг хоёр үндсэн гол чухал баримт бичиг байгаа юм. Мөнгөний бодлогын хувьд Монгол банк өнөөдөр хатуу бодлого хэрэгжүүлж байгаа. Мөнгөний бодлого 2012-2016 онд их сул явсан. Хоёр гурван тусдаа төсөвтэй хэт задгай, маш сул бодлого явсан шүү дээ. 2016 оноос хойш хатуу бодлого барьж байгаа. Хатуу бодлого гэж юуг хэлж байгаа вэ гэхээр мөнгөний сул бодлогыг хумина, улсынхаа сан хөмрөгийг нэмэгдүүлнэ гэсэн үг. Монголбанкны ам.долларын буюу валютын нөөц 4 тэрбум ам.долларт хүрсэн. Ажилгүйдлийн түвшин 6,6 хувьд хүрч буурсан. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсэн. Та бүхэн мэдэж байгаа, 2016 он гэхэд бараг хасах руу орчихсон байсан шүү дээ. Улс бараг дефолт зарлах хэмжээнд хүрчихсэн байсан бол өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалт 3 тэрбум ам.долларт хүрсэн. Экспорт, импортын хэмжээ ч гэсэн нэмэх дүнтэй гарч байгаа. Ойролцоогоор 6,5 тэрбум ам.долларын экспорт бид хийсэн.

-Инфляцын түвшин 2020 онд ямар байхаар төсөөлөгдөв?

-Инфляц бол надад байгаа мэдээллээр 8-9 хувьтай байна гэсэн ийм зүйл жилийн турш яригдаж байгаа л даа. Гэхдээ сар тутам хэлбэлзэж байгаа. Манай байнгын хороон дээр хүлээгдэж байгаа асуудал бол зээлийн хүүгийн дээд хязгаарыг яах вэ гэсэн асуудал. Зээлийн хүүг даваад гардаг, аваад явдаг бизнес маш ховор байна. Зээлийн хүүн дээр асуудлууд байгаа. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтооно гэсэн ийм хатуу хуулийн төсөл санаачлаад байна. Бараг дайн байлдаан болж байгаа улсаас илүү зээлийн хүүтэй байна шүү дээ, Монгол Улс. Яагаад зээлийн хүү Монголд ийм өндөр хэмжээнд байдаг юм бэ? Үүнийг Банкны салбарынхан юу гэж тайлбарладаг вэ гэхээр яг л 2000 оны тайлбараа л хэлдэг юм. Монгол Улсад хадгаламжийн хүү их өндөр байна, гадаадын зээл тусламж бага байна, бидний өрсөлдөх чадвар сул байна, эрсдэл их өндөр байна. Тийм учраас хадгаламжаа их өндөр хүүтэй авч байна. Зээлийн хүү үүнийгээ дагаад өндөр гээд яг л 2000 онд тайлбарлаж байсан тайлбараа ярьж байгаа юм. Би бол энийг буруу л гэж хардаг юм.

-Тэгвэл өнөөгийн нөхцөлд зээлийн хүүг яаж буулгах вэ?

-Ер нь хадгаламжийнхаа хүүг буулгах ёстой. Тэгээд зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах ёстой. С.Эрдэнэ гишүүний өргөн барьсан хуулийн төсөл дээр бол зээлийн хүүг 18 хувиар тогтооно гэсэн заалттай. Маш богинохон хууль байгаа. Би ажлын хэсгийг нь ахалсан, үүнийг зөв л гэж бодож байна. Банкны салбарынхан лоббигоо яриад л, ийм байдлаар нөлөөлөөд байвал өнөөдөр үүнийг давдаг бизнес гэж байхгүй. Жилд 24 хувийн хүү төлнө гэдэг бол тэр бизнес хэдэн хувийн ашигтай байж, энэ өндөр хувийг төлөх вэ? Өнөөдөр дэлхийн эдийн засаг даяарчлагдаж хавтгай болчихсон байгаа үед өндөр ашигтай ажилладаг бизнес гэж байхгүй. Гадаадын компаниуд бол жилдээ 5-8 хувь хангалттай гэж үзэж байгаа. Швейцарийн банкинд мөнгө хадгалахдаа хасах хүүтэй хадгалж байна шүү дээ. Хадгаламжийн мөнгөнд хүү бодох биш, шимтгэл авдаг гэсэн үг үү? Хасах хүү гэж юуг хэлж байгаа вэ гэхээр чиний мөнгийг найдвартай хадгалсны шимтгэл. Ийм ойлголт бол өнгөрсөн үед байгаагүй. Өнгөрсөн үед бол банк мөнгийг нь аваад хадгална гэвэл хүү өгдөг л байсан. Одоо өндөр ашигтай бизнес салбар байх нь маш бага болсон өрсөлдөөн асар их ширүүссэн, салбар салбарт чадварлаг зүйлүүд гарсан. Дэлхий өөрөө хавтгай болсон учраас бүх юм очих газраа оччихсон, хөгжих юмнууд нь тодорхой түвшинд хөгжчихсөн. Тийм тохиолдолд та мөнгөө сайн банкинд хадгалуулна. Үүний төлөө та буцаагаад банкиндаа шимтгэл төлдөг болж байна шүү дээ. Ер нь банк хөгжсөнөөс хойш ийм ойлголт байгаагүй. Банк гэдэг зүйл анх Италид хөгжихдөө л хүний мөнгийг хадгалаад хүү төлдөг байсан байгаа юм. Гэтэл одоо таны мөнгийг аюулгүй хадгалсны төлөө шимтгэл авна гэдэг болсон байна. Тэгэхэд бидэнд өнөөдөр зээл өгөхдөө 24 хувь гэдэг бол арай хэтэрхий байгаа юм.

-Валютын ханш энэ онд ямар байх бол?

-Валютын ханшны хувьд бол их эмзэг сэдэв. Монголбанк бол “Валютын ханшийг хариуцахгүй ээ” гэж хэлээд байгаа. Уг нь Монголбанк хариуцах ёстой. Гэтэл “Ганцхан манайхаас шалтгаалдаггүй, энэ бол их олон зүйлээс шалтгаалдаг” гээд байгаа. Үнэн л дээ. Ханшийн хувьд Монголбанкнаас барьж байгаа бодлого бол зүгээр л ам.долларынхаа нөөцийг дуусгачих биш, улс тодорхой хэмжээний валютын нөөцтэй, алтны нөөцтэй байх ёстой гэсэн байр суурь барьж байгаа. Энэ нь ч зөв байх. Ер нь цаашдаа Монгол Улсын эдийн засаг өсөлттэй байгаа энэ үед валютын ханш их өсөхгүй байх гэдэгт итгэлтэй байна. Монголбанкны бодлогын хүү чанга байна, зөөлөн байх ёстой гэсэн шүүмж их гардаг шүү дээ? Би түрүүн хэллээ л дээ, 2016 оноос хойш бодлогын хүү их чанга байгаа. Нийгэм рүү, эдийн засаг руу өгч байгаа мөнгөний хэмжээ бага, жаахан хумих талдаа болсон. Энэ чиглэл 2016, 2017, 2018 онуудад ерөнхийдөө баригдсан гэсэн үг. Энэ 2020 оны Мөнгөний бодлогод гол тавьсан санаа бол арилжааны банкуудыг тунгалаг болгооч ээ гэсэн зүйл байсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр арилжааны банк нэг эзэнтэй юм уу, нэг гэр бүлд байхаасаа илүү Монголын томоохон банкууд ер нь улс орны хэмжээний банк болчихлоо шүү дээ.

-Үндэсний хэмжээний банкууд болсон...

-Тэгсэн. Тийм учраас тэнд асуудал үүсэхэд нийгэмд том цочроо үүсэх магадлалтай. Тийм учраас банкуудын хувь эзэмшлийг олон нийтийн болгох талаас бодох учиртай. Жишээлбэл, банкууд 20 юм уу, 30 хувиа олон нийтэд зарах ёстой, тунгалаг байлгах ёстой, нэг эзэнтэй, нэг гэр бүлээс хамааралтай биш байх учиртай. Нэг жишээ хэлэхэд, Хас банк шиг тийм тунгалаг талын үлгэр жишээ болсон, тодорхой хөрөнгө нь нэг хүнд, тодорхой хөрөнгө нь Европын банканд ч юм уу, ийм олон талын оролцогчидтой болгохыг Монгол Улс, ЭЗБХ, Монголбанк зорилт болгож байгаа юм. Энэ бол зөв зорилт гэж харж байгаа. Манай ЭЗБХ-нд харьяалагддаг Санхүүгийн зохицуулах хорооноос бидний хүсэж байгаа зүйл бол таны түрүүний хэлдэг тэр валютын ханштай ч холбоотой. Монгол хүмүүс өнөөдөр хадгаламж, цалингаасаа юм уу, хийж байгаа бизнесээсээ мөнгө илүү гарахад зөвхөн банканд ам.доллараар юм уу, төгрөгөөр хадгалуулдаг бол гадаад улсад ийм биш юм байна. Хүн жаахан хадгаламжтай болох юм бол тодорхой компанийн хувьцааг авдаг нь ерөөсөө тогтсон соёл юм. Урагшаа Хятад улсыг хар. Ялангуяа Хонгконгийг хар. Хонгконгт гудамжинд нь явахад л настай ч бай, залуучууд ч бай, хөрөнгийн зах зээл дээр тоглож байна. Тийм учраас Монгол хүмүүст сонголт байх ёстой. СЗХ-ны үүрэг бол Монгол Улсын үлгэр жишээ компаниудыг хувьцаагаа Монголд зардаг болго л доо. Монгол хүмүүс тодорхой хэмжээний хадгаламжтай болох юм бол ганцхан ам.доллар юм уу, төгрөгөөр хадгаламж хийдэг биш, өөр сонголттой болно. Энэ бол өөрөө валютын ханшийг тогтвортой байлгахад чухал нөлөөтэй гэж үзэж байгаа юм.

-Хөрөнгийн бирж яагаад олигтой хөгжихгүй байгаа юм бол?

-Гол шалтгаан нь л тэр л дээ. Хөрөнгийн биржийг манай улс сайн дэмжих хэрэгтэй. Хүмүүсийнхээ соёлд өөрчлөлт оруулах ёстой. Гэхдээ бидэнд бас хувьцаанд итгэх итгэл бага байна л даа. Монголын үнэхээрийн толгой гэж байгаа том том компаниуд, одоо энэ топ 100 энэ тэрд шалгараад байнга шагнал аваад байгаа компаниуд өөрсдийгөө тунгалаг болгоод, хувьцаагаа зах зээл дээр зараад, ард иргэддээ олж байгаа ашгаасаа хүртээх ёстой. Энэ бол хөрөнгийн биржийн үйл ажиллагаа. Энэ талаар СЗХ-нд тодорхой эрх мэдлүүд байгаа. Энэ талаар сайн ажилла гэдгийг ЭЗБХ шахаж байгаа.

ЗӨВХӨН УУЛ УУРХАЙГААС ХАМААРАЛТАЙ БИШ, ОЛОН ТУЛГУУРТ ЭДИЙН ЗАСГИЙГ БИЙ БОЛГОЁ

-Энэ 2020 онд эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд ямар зорилтууд тавьсан бэ?

-Үүнийг ярихаас өмнө 2018 оны биелэлтийг 2019 оны 4-р улиралд хэлэлцдэг шүү дээ. Ер нь бид хаана нь алдав, орлогоо үнэхээр олж авч чадсан уу, зарлага тодорхой хэмжээнүүддээ очсон уу, хөрөнгө оруулалтын зардал хүрсэн үү? Хөрөнгө оруулалтын зардлуудаа бид тодорхой хэмжээнд хүргэж, зарим нь тендерүүдээ яг цаг хугацаанд нь зарлаж чаддаггүй шүү дээ. Хөрөнгө оруулалтууд буцдаг ч юм уу, иймэрхүү зүйлүүд гардаг. Тэгвэл 2018 онд орлого бодож байсан хэмжээнээсээ давж орсон юм байна. 2019 онд ч гэсэн төлөвлөж байсан хэмжээнээс илүү орлого орсон байна. Энэ юуг хэлж байгаа вэ гэхээр, Монгол Улсад потенциал байгаа. Харин зарлагынхаа хувьд бид үнэхээр үрэлгэн, баян улсуудаас илүү үрэлгэн байна. 2020 оны Нийгэм эдийн засгийн үндсэн чиглэлийн хувьд дан ганц уул уурхайн бүтээгдэхүүнээс үл хамаарсан байх ёстой гэсэн чиглэл гарсан. Ялангуяа эдийн засаг солонгорсон байх ёстой гэж тусгасан гэж ойлгож болно. Уул уурхайн салбарын дараагаар эдийн засгийн нөөц бүрдүүлэхэд чухал оролцоотой ямар салбар байна? Улс орны эдийн засгийг солонгоруулах асуудал бол хамгийн чухал. Би түрүүн Австралийн эдийн засгийн бүтцийг ярьсан. Ерөнхийдөө уул уурхайн салбарыг гол болгохоор их олон эрсдэл үүсдэг. Жишээлбэл, Австралид үер их болдог, гал түймэр их гардаг. Үүнээс болоод эдийн засагт сөрөг нөлөө нь их байдаг юм байна. Тийм болохоор дан ганц уул уурхайгаас хамааралгүй эдийн засгийг бий болгохын төлөө тэмцдэг. Жишээлбэл, Арабын Нэгдсэн Эмиратад ганцхан нефтийн үнээс хамааралтай байхгүйн тулд гадны бизнес сегментүүдийг ихээр татаж байна. Тэнд хүмүүс очиж орон сууц барьж байна, орон сууц худалдаж авч байна. Компаниуд очиж агуулахаа барьж байна. Тэнд компаниуд үүд хаалгаа нээхэд ямар ч татваргүй, зөвхөн талбайн хэмжээгээр нь төлбөр авдаг. Танай үйлдвэр тэдэн метр квадрат талбай эзэллээ, эндээ хэдэн мянгын орлого олсон ч гэсэн та нар зүгээр газрынхаа төлбөрийг л төлнө шүү гэдэг. Гэхдээ мэдээж бизнесийн чиглэлийг нь зааж өгнө. Учиргүй дайн байлдааны онгоц хийгээд байж болохгүй, хортой химийн бодис хийгээд байж болохгүй гэх мэтээр чиглэл зааж өгнө. Тэнд нээлттэй учраас дэлхийн хөрөнгө ер нь тийшээ урсаж байна шүү дээ. Түүнтэй адилаар уул уурхайн салбарын дараа, миний бодлоор, аялал жуулчлалын салбар орох боломжтой. Монгол Улсад аялал жуулчлал хөгжих бүрэн суурь байгаа гэдгийг бид олон жил ярилаа. Чөлөөт бүсээ сайн хөгжүүлэх хэрэгтэй байна. Хятад, Америкийн хоорондын худалдааны дайнаас шалтгаалаад Хятадын үйлдвэрүүд Вьетнам, Бангладеш зэрэг зүүн Өмнөд Азийн чиглэл рүү нүүж байгаа. Энэ их нүүдэл дундаас ядаж 1,2 хувь нь Монголд ирж суурьших ёстой. Энэ талаар бид бас тодорхой арга хэмжээ авах ёстой. Үүнийг бас үндсэн чиглэл дээрээ заасан. Мэдээж Уул уурхайн салбар, Хөдөө аж ахуйн салбарын араас явж байгаа салбар бол Аялал жуулчлалын салбар, үйлчилгээний салбар гэж шууд утгаараа ойлгож болно.

 

Эх сурвалж: УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын

2016-2019 оны ажлын тайлан сэтгүүлээс


- Ярилцлагын эхлэл: Ж.Ганбаатар: Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ бол улс орны хөгжлийн тулах цэг мөн

Ярилцлага II: Ж.Ганбаатар: Зөрчлийн тухай хуульд “САНУУЛАХ” заалт заавал байх ёстой

- Ярилцлага III:

Ж.Ганбаатар: Ашигт малтмалын нөөц ашигласны татвар бол хамгийн шударга татвар

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ