...
...

Монгол, Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн медиа чуулган болно

Оросын шинжлэх ухаан, соёлын төвөөс санаачлан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран Монгол, Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн медиа чуулганыг “Найрсаг хөршүүд-хил хязгааргүй яриа” сэдвийн дор ирэх арваннэгдүгээр сард Улаанбаатар хотод зохион байгуулна. Уг асуудлаар МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч З.Боргилмаа, МСНЭ-ийн гишүүн, сэтгүүлзүйн ухааны доктор, сэтгүүлч С.Энхцэцэг нартай ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, ОХУ-ын ГХЯ-нд харьяалагддаг “Россотрудничество” Холбооны агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Базархандаев Амгалан уулзалт хийжээ.

Хоёр улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дээрх медиа чуулга уулзалтыг зохион байгуулахад ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, “Россотрудничество” агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар, Оросын бүх сэтгүүлчдийн холбоо зэрэг байгууллага хамтран ажиллана.

Дээрх медиа чуулганд урьдчилсан байдлаар Монголын дөрөв дэх засаглалынхнаас гадна ОХУ-ын хил залгаа мужуудын хэвлэл мэдээллийн байгууллагуудын ерөнхий эрхлэгч нар болон Буриад, Халимаг, Тува улс, Москва, Санкт-Петербург хотуудын хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл оролцоно. Үүнээс гадна Москва хотоос “Окно ТВ” компани төлөөллөө ирүүлэх юм.

Манай хоёр орны хоорондох мэдээллийн дутмаг байдлыг арилгах зорилготой дээрх медиа уулзалтын хүрээнд хоёр улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Мөн Монгол, Оросын хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтын ажиллагааны гэрээ үзэглэх ёслол болно. Уг үйл ажиллагааг хоёр улсын хооронд одоо үйлчилж буй хилийн дэглэмээс шалтгаалан цахим хэлбэрээр зохион байгуулах хувилбарыг ч мөн хэлэлцэж амжлаа.

Мөн энэ сард МСНЭ, “Россотрудничество”-гийн төлөөлөгчийн газартай хамтран ажиллах гэрээ байгуулах юм.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ