Монгол ардын намын Удирдах зөвлөл өнөөдөр (2020.10.21) хуралдаж, Хотын дарга болон НИТХ-ын даргад хэнийг дэвшүүлэхээ хэлэлцэх ажээ.
Нийслэл хотын удирдлагыг Ардын нам шийдэх нь сонгуулийн үр дүнгээр тодорхой болсон. Хотын даргын орлогч, НИТХ-ын дарга нараас илүүтэй нийслэлийн Засаг дарга хэн байх вэ гэдэг нь олон нийтэд илүү сонин байгаа байх. Угтаад ил, далд горилогчид ч гараад ирсэн байна. Өнгөрсөн дөрвөн жилд МАН дотроо хоёр хуваагдан тэмцэлдэж байхдаа хотын даргаас Су.Батболдыг огцруулж нийслэлийн МАН-ын хорооны даргын албыг нь УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, хотын даргын ажлыг нь С.Мөнхчулууныг “гомдоон” байж С.Амарсайхан авч байлаа. Өдгөөгийн нийслэлийн жижиг, том албан тушаал бүрд энэ хоёр хүний нөлөө туссан байгаа. Харин нийслэлийн намын хороог удирдаж орон нутгийн сонгуульд орсны хувьд Д.Сумъяабазар цаашдын өнгийг тодорхойлоход жин дарах нь дамжиггүй. Түүнээс гадна өнгөрсөн сонгуулийн дүнгээр Сонгинохайрхан дүүрэгт МАН гялалзсан амжилт гаргаж НИТХ-д тус дүүргээс 10 суудал авчирч чадсан. Мөн Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын 43 суудлын 42-ыг МАН авлаа. Д.Сумъяабазар Сонгинохайрхан дүүргээ түшиглэж ирсэн учраас энэ эрчээрээ өөрсдөдөө бололцоо гаргахыг хүсэх нь мэдээж. Ийм гавьяатай ч харагдаж байна.
Гэхдээ дан ганц нийслэлийн МАН-ын хорооны даргын мэдэх хэрэг биш. МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хийгээд МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд хэрхэн шийдэхээс болно. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн төлөөллөөс яригдаж байгаа хэн, хэн байна вэ. НИТХ-ын даргаар ажиллаж байгаа Р.Дагва хотын дарга болж магадгүй гэсэн таамаг анхных биш. УИХ-ын сонгуулиар тойрог горилоод хоцорсон учраас энэ зэргийн харагдаж байж магадгүй. Дээр нь Сонгинохайрхан дүүргээс сонгогдож, Д.Сумъяабазарынхаа багт явж ирсэн нь ч үнэн. Харин өнгөрсөн хугацаанд олон нийтийн анхаарлыг олигтой татаж, танигдаж чадаагүй гэсэн тодотгол дагаад байгаа. Мөн МАН-ын нийслэлийн хорооны орлогч Н.Алтаншагай гэж нөхөр гараад ирлээ. Түүнийг Д.Сумъяабазартай илүү ойр гэдэг утгаараа хотын дарга болж мэднэ гэсэн таамаг ч олон гарсан байна лээ. Дараагийн хотын даргад тохирох нөхөр гэсэн утгатай мэдээ сайтуудаар гараад эхэлснээс ч харсан шүү дээ. Ийм том албан тушаалын сунгааны өмнө олонд төдийлөн танигдаагүй нөхөд өөрсдийгөө хэвлэл, сошиалаар бичүүлэх нь элбэг байдаг. Харин улс төрд дархлагдаж, цаг нь болсон хүн бол аль болох хэл амнаас хол байж “гэрэлд цохиулах”-гүйг хичээдэг. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнг цаашдаа дүүргээсээ илүү хотод явах сонирхолтой байгаа гэх. Ер нь тэгээд их том зүйл рүү гэтэж байгаа мэт аашилж байгаад хотын орлогч дээр буух гэсэн цуурхлууд байж мэдэх юм.
Сонгинохайрхан дүүргийн горилогч нарын хувьд ийм. Нөгөө талаас өнөөдөр хотын даргын үүрэг гүйцэтгэж байгаа Ж.Батбаясгаланг жинхлэх үү гэдэг асуулт ч гарч байна. Гэхдээ Ж.Батбаясгаланг явуулсан тохиолдолд хот шинэчлэгдсэн мэт харагдахгүй байх талтай. Сонгуулийн сурталчилгааны гараан дээр нийслэлийн МАН-ын хорооны дарга шинэ хүмүүсийг дэвшүүлж, хуучин арга барилаар цаашид явахгүйгээр хотыг хөгжүүлэхээр шийдсэн тухай үг хэлж байсан. Тэгэхээр түүний хувьд чухам энэ л тээг болж таарна. Сонгуулийн дуулианд улам сэдэрсэн түгжрэл, талбай тойруулж тавьсан цагаан чулуу, нөгөө усан оргилуур гэх мэт зүйлс ч нэрмэх байх. Хэдийгээр тухайн үед хотын даргаар ажиллаж байсан С.Амарсайханд нааж цоллогдох зүйл боловч Ж.Батбаясгалан багт нь байсан шүү дээ. Мөн МАН-ын генсек Д.Амарбаясгалан хотын дарга руу явна гэдэг таамаг эртнээс байлаа. Су.Батболдыг явахад ч, С.Амарсайханыг явахад ч яригдаж байсан зүйл. Үүний дээр Засгийн газарт сайдын суудал “онгойх” бүрд ч түүнийг таамагт оруулдаг. Хүсвэл болчих хэмжээний өссөн улстөрч. Гэвч өнгөрсөн хугацаанд намын “гал тогоо” барихыг илүүтэй үзсээр ирсэн. Тийм ч болохоор ирэх жил Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байхад эрх баригч нам “Гарам дээр морио солихгүй” байх. НОСК-ын дарга байсан Б.Сүхбаатар гэж нөхрийг хотын дарга болох байх гэж цуурч байгаа нь ч бий. Энэ бол зүгээр дэгсдүүлсэн хэрэг байлгүй дээ. Нэг иймэрхүү л нэр дэвшигчид дуулдаад байгаа юм. Хамгийн гол нь хотын дарга гэдэг албан тушаалыг зангарагтай хүн хаших ёстой.
Улаанбаатар бол улсын нийслэлээс гадна дийлэнх хүн ам нь оршин суугаа, асуудал ихтэй газар. Улс төрд өгсөж яваа хүн биш, харин байр сууриа олсон хүн амлаж аваад хийвэл өнөөдөр илүү хэрэгтэй. Одоог хүртэл Монгол Улсын баатар Э.Бат-Үүл хэрхэн зорьж хийснийг нь дурсах хүн олон байдаг. Су.Батболд ч гэсэн чамлахааргүй төлөвшсөн хойноо хотод ирж байлаа. Өнөөдөр сайн муугаараа хэлэгдэж яваа ч Ерөнхий сайд, УИХ-ын даргаар ажиллаж байсан М.Энхболд энэ албан тушаалд байсан юм. Ерөнхий сайд агсан Ж.Наранцацралтын хашиж явсан алба. Энэ хүмүүстэй жишээд харж болох хүн МАН хотын даргаар тавих эсэхийг бид удахгүй мэдэх билээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250