Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал (НИТХ)-д шинээр сонгогдсон 45 төлөөлөгч өнөөдөр /2020.10.23/ анхдугаар хуралдаанаа хийлээ.
Хуралдааны эхэнд НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар Р.Дагвыг, АН-ын бүлгийн даргаар Д.Пүрэвдавааг тус тус сонгосон бол үргэлжлүүлэн НИТХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэж, 45 төлөөлөгчийн 84.44 хувийн саналаар Ж.Батбаясгаланг НИТХ-ын даргаар сонголоо. НИТХ дахь бусад намын бүлгээс НИТХ-ын даргад хэн нэгнийг нэр дэвшүүлсэнгүй. Ж.Батбаясгалангийн хувьд Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуульд Баянгол дүүрэгт нэр дэвшиж, 11,363 иргэний санал авч, НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Тэрбээр ийн НИТХ-ын найм дахь дарга болж байна. Түүнийг НИТХ-ын даргаар сонгохыг нийт төлөөлөгчдийн 38 нь дэмжиж, долоон төлөөлөгч санал өгөхөөс татгалзсан юм.
Хуралдаанаар үргэлжлүүлэн Д.Сумъяабазарыг Хотын даргаар томилох асуудлыг хэлэлцлээ. Нийт төлөөлөгчдийн 71.11 хуваарь түүнийг хотын даргаар сонгохыг дэмжлээ.
Санал хураалтын өмнө асуулт, хариулт үргэлжилж, АН-ын бүлгийн зүгээс Д.Сумьяабазарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсний дараа нэр дэвших асуудлыг оруулж ир гэдэг санал гаргасан юм.
Үүнд Д.Сумъяабазар гишүүн "Би одоогоор УИХ-ын гишүүн. Хоёрт, улс төрийн нам сонгуульд ялалт байгуулах гэж ордог. Гуравт, энд хууль зөрчсөн зүйл байхгүй. Дөрөвт, зөвхөн нэр дэвшүүлэх асуудлыг л энд ярьж байна. УИХ-ын даргад өргөдлөө өгөхөд бэлэн болчихсон. Нэр дэвших эрхийг хэлэлцэх аваас УИХ-ын даргаас цаг авч, чөлөөлөгдөх өргөдлөө өгнө" гэж хариулав.
Мөн тэрбээр АН-ын төлөөлөгчдийн бусад асуултад "Хотын өнгө үзэмжийг сайжруулах, тулгамдаж байгаа асуудлыг шийд гэж 45 төлөөлөгчийг сонгосон байх. Миний хувьд сонгинохайрханчуудынхаа итгэлийг хөсөрдүүлж байгаа зүйл биш. Илүү ойр ажиллах нөхцөл руу очиж байна. Иргэдийн итгэлийг алдсан зүйл байхгүй. Харин ч иргэний зориг гаргаж байна. Их сонин процесс явагдаж байна шүү дээ. Хэт улстөржихгүйгээр ажиллах л хэрэгтэй. МАН-аас 100 хувийн саналаар намайг хариуцлагаа хүлээж, ачаагаа үүрээд ажил гэж хэлсэн. Намын даалгаврыг хүлээж авахаас өөр арга байгаагүй" гэх мэт хариулт өглөө.
Хотын даргын асуудлыг хэлэлцэхийн өмнө НИТХ-ын Тэргүүлэгчдийг сонгосон. Нийт 11 Тэргүүлэгчийн бүрэлдэхүүнд МАН-аас найм, АН-аас 2, ХҮН-аас 1 тэргүүлэгч сонгогдоод байна.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250