...
...

Монголын төрд сайныг ч хийсэн, саарыг ч үйлдсэн "АЛАГ ЧУЛУУ"

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТҮҮХҮҮД

Улс төрийн ертөнцөд сайн муугаараа дуудуулж, ямбыг нь ч эдэлж, ялыг нь ч үүрч үзсэн, Төрийн тэргүүний өндөр сэнтийгээс буусны дараа хорихын наар руу шидэгдэж явсан, өнөөдөр ч төрийн зүг тэмүүлэх хүсэл зорилгоо хазаарлаж чадалгүй өөрөө эс боловч хүүгээ өрөг дээр тавин түлхэж суугаа хүн бол Н.Энхбаяр. Тэрээр Монгол төрийн дээд гурван суудалд тухалж, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын албыг ээлж дараалан хашиж үзсэн одоогоор цорын ганц эрхэм. Бас Монголын төрд сайныг ч хийсэн, саарыг ч үйлдсэн, хар цагаан судал хосолсон "алаг чулуу".

Н.Энхбаярт Монголын ард түмэн хангалттай итгэж, парламентын гишүүний суудалд 1992, 1997, 2000, 2004 онд дөрвөн удаа сонгон тухлуулсан юм. УИХ-ын гишүүн байсан Н.Багабандийг 1997 онд  Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоход Н.Энхбаяр Завхан аймагт нөхөн сонгуульд өрсөлдөн ялж парламентад орж ирсэн бол 2004-2005 онд нэг жил УИХ-ыг даргалж байгаад Ерөнхийлөгч болсон. МАХН /одоогийн МАН/-ыг Нагаржунайн төв ёсны онолд төөрч будилж, уруудаж  явахад нь намын дарга болж, зүүн төвийн үзэл баримтлалтай социл демократ маягийн орчин цагийн нам болгон өндийлгөж, залуусаар хүч зузаатгаж, Социнтернд элсүүлсэн гавьяаг түүнд шударгаар оноож болно.

Харин МАН болсных нь дараа албан тушаал, улс төрийн карьер олдоогүйд дургүйлхэн хуучин МАХН гэсэн хаягийг нь наасан нам байгуулж гишүүдээс нь тасдан авч хүчийг нь хуваан хорлосон гай бас бий. Ингэж тэрээр МАХН-д гавьяа ч байгуулсан, гай ч тарьсан.

УИХ-ын гишүүнээр сонгогдох бүрдээ амттай том бялуу хүртэж ирсэн эрхэм бол тэр. Анх 1992 онд УИХ-ын гишүүнээр 34 настай залуу сонгогдож Ерөнхий сайд П.Жасрайн танхимд Засгийн газрын гишүүн, Соёлын сайд болов. 1997 онд нөхөн сонгуулиар УИХ-д орж ирмэгц МАХН-ын дарга, УИХ дахь МАХН-ын бүлгийн даргын албанд тохоогдсон. МАХН 2000 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан нь намын дарга Н.Энхбаярын нэр хүндийг үлэмж өсгөж 2000-2004 онд Ерөнхий сайдаар ажиллав. Энэ жилүүддээ аймгийн төвүүдийг цардмал замаар нийслэлтэй холбох мянганы замыг эхлүүлсэн нь одоо ч үргэлжилж яваа нь түүнийг магтах гарцаагүй шалтгаан. Бас ОХУ-д төлөх ЗХУ-ын их өрийн 98 хувийг цайруулан хоёр хувийг нь төлөх ажил хийж шуугиулсан. Гэвч их өр цайруулсан нь ихээхэн булхайтай болсон, Эрдэнэт үйлдвэр, “хорчин Боб” хэмээгдэх Р.Фрийдланд нараас их хэмжээний мөнгө зээлж улсыг тамирдуулсан, Р.Фрийдландад өрийн барьцаанд нь Оюутолгойг ашиглах эрхийг өгч энэ том ордоо бүр мөсөн тавьж туусан, хэсэгхэн хүлээсэн бол ОХУ өрөө бүрэн тэглэх байсан, өр төлөх мөнгөний дундаас 50 сая ам.доллар сох дутсан гэх маргаан одоо ч тасраагүй л байна. АПУ-гийн хувьчлалын үеэр хэн нэгэн 500 сая төгрөгийн хахууль өөрт нь өгөх гэсэн хэмээх яриа гаргачихаад ичсэн хүн хүн алахын үлгэрээр сэтгүүлчээр туг тахиад өнгөрсөн. Авлигын загалмайлсан эцэг алдрыг олноос хүртсэн ч түүний гандан буурах цаг болоогүй л байлаа.

Н.Энхбаяр 2004 оны УИХ-ын сонгуулиар дахин ялалт байгуулмагц УИХ-ын дарга болж, жилийн дараа 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхсайхан, Б.Эрдэнэбат, Б.Жаргалсайхан нартай өрсөлдөн ялж Төрийн тэргүүний сэнтийд заларсан билээ. УИХ дахь ардчилагчид 2004 онд эвслээ задалж, хэд хэдэн нам байгуулан тасарч гарснаас үүдэн хамгийн олон нэр дэвшигч Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн тохиолдол болсон нь энэ.

Н.Энхбаярыг төр тэргүүлж байх үеийн содон тохиолдол нь АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буш, Тэргүүн хатагтай Лора Буш, Төрийн нарийн бичгийн дарга К.Райсын хамт Монгол Улсад нэг өдрөөр айлчилсан явдал. Хоёр талын харилцааг өргөтгөх талаар ганц өдрийн дотор чамгүй ажил хийж, Ерөнхийлөгч Ж.Буш малчин айлд зочилж олон хоносноос ялгаагүй үр дүнтэй айлчлал болсон билээ.

Төрийн тэргүүн болоод Н.Энхбаяр өв, соёл, түүх, урлаг, уран зохиолын өвийг хамгаалах талд анхаарсан юм. Хархорум хотын 785, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой энэ үеэр тохиож таарав. Монголыг даасан шүтээн гэгдэх Очирваань бурхныг бүтээлгэн Төрийн ордон дахь Ерөнхийлөгчийн шинэхэн гэр өргөөнд залав. Төрийн тамганы хөшөө нээв. Нийслэл хот нэг сая иргэнтэй боллоо. “Нэг хүүхэд-нэг компьютер” хөтөлбөрийг нээж, тун удалгүй биеллээ олов.

Түүний гаргасан зарлигаар Үндэсний эрх чөлөөний өдрийг тэмдэглэдэг болж 2007 оны 12 дугаар сарын 29-нд анх удаа ёслон, 2011 онд 100 жилийн ойг нь хийхээр бэлтгэл базааж эхэлсэн юм.Бичиг, номын хүн учраас Монголын уран зохиолын 108 боть, дэлхийн сонгодог уран зохиолын 50 боть, “Үндэсний нэвтэрхий толь” атлас хэвлүүлэхийг дэмжсэн, Үндэсний номын сан байгуулах зарлиг гаргасан гээд түүнд иргэдийнхээ оюуны хөрөнгө оруулалтад анхаарсан ололтууд бас бий.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Н.Энхбаярыг ажиллах хугацаанд Засгийн газар гурвантаа доргиж, гурван Ерөнхий сайдын нүүрийг үзэв. МАН, АН 2004 оны сонгуульд ойролцоо суудал авсан тул хамтарсан засаг байгуулаад байсан юм. Ерөнхий сайд Ц.Элбэгдорж 2006 оны нэгдүгээр сард огцорч М.Энхболд Засгийн газрыг тэргүүлсэн бол 2007 оны 11 дүгээр сард түүнийг огцруулан С.Баяр гарч ирлээ. Мөн л Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн өнгөн дээр С.Баяр сүүлд 2008 онд дахин “Стандарт бус Засгийн газар”-ыг тэргүүлсэн юм.

Тэр он жилүүдэд түймэр унтрааж явсан Ми-8 нисдэг тэрэг осолдон Онцгой байдлын алба хаагчид амь үрэгдсэн, Хадгаламж зээлийн хоршоод ар араасаа дампууран олон хүн хохирсон,Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Бадраа бусдын гарт үрэгдсэн зэрэг олныг цочроосон явдлууд болж байлаа. Түүн дундаас хамгийн эмгэнэлтэй, хойшид сургамжтай нь 2008 оны долоодугаар сарын 1-ний хэрэг явдал. УИХ-ын сонгуулийн дүнг буруу болсон гэж үзсэн сөрөг хүчний хэсэг хүний жагсаалаар эхэлсэн үйл явдал МАХН, АН-ын дараалсан хэвлэлийн бага хурлаар үргэлжилж, яваандаа МАХН-ын цагаан байшин, ойр хавийг галдаж шатааснаар даамжирч, таван хүний амь үрэгдэн, олон тооны энгийн иргэд, цагдаагийн алба хаагчид бэртэж гэмтсэн тэр хар өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр нийсэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт Онц байдал зарлах тухай зарлиг гаргасан билээ. Аймшигтай нь монгол хүн монгол хүнээ машинаар хөөж буудан хөнөөсөн хэрэг гараад байв. Шатаж харласан байшин, сэг болсон машинууд, төвийн гудамжнуудын эхэнд зогсоосон хуягт техник, автомат буутай цэргүүд, улс төрийн хоригдол болсон залуус, бүсгүйчүүд, хүүхдүүд.

Хэрэв дараахан нь монголчууд олимпийн аваргатай болоогүй бол үндэсний эв нэгдэлд хэр гүн ан цав үүсэх байсныг төсөөлөхөд бэрх. Бээжинд болсон 2008 оны зуны олимпын наадмаас Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган нар алтан медаль хүртсэн нь энэ бүх хорсол бухимдлыг тайлж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, эрх баригч, сөрөг хүчин ялгалгүй төв талбайдаа цугларан тэврэлдсэн билээ.

Н.Энхбаяр 2009 онд болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржтой өрсөлдөн ялагдаж, бүрэн эрхээ өндөрлүүлсэн юм. Хөдөө орон нутагт тэрээр итгэлтэй ялж явсан ч нийслэл хот, Дархан, Эрдэнэтийн сонгогчид Ц.Элбэгдоржийг дэмжсэнээр Н.Энхбаяр их улс төрөөс зодог тайлсан.

Тэр үеэс түүний өндөр сэнтийгээс үхэлдэн зууралдах хүсэл оволзож эхлэв. МАН нэрээ МАХН болгосон нь түүнд том олз болсон. “Ухрах уу, урагшлах уу” гэсэн цуврал лекц тавьсаар удалгүй МАН-аас МАХН нэрээр нам салган авч Хуримын ордны зүүн этгээдэд төвхнөв. 2012 оны дөрөвдүгээр сард хүчнийхэнд баривчлагдан “Оймс гозойсон” үйл явдал болсон ч хүсэл зорилгоосоо хариагүй. Түүнтэй хамтарч яваад “аавын хаалга” татсан Г.Шийлэгдамба “Н.Энхбаяр дарга намдаа хандивын мөнгө нэхсэн учраас түүнийг олж өгөхөөр авлига авсан” хэмээн хэлсэн тухай хэвлэлээр шуугиж байсан. Өрсөлдөгч Ц.Элбэгдорж нь 2013 оны намар түүнд уучлал үзүүлж шоронгоос суллуулсан ч авлига, албан тушаалын хэргээсээ шалтгаалж тэр цагаас хойш аль нэг сонгуульд нэр дэвших эрхгүй болсон. Гэвч тэрээр төрийн өндөр суудал руу тэмүүлсээр, сүүлийн сонгуулиудад ууган хүү Э.Батшугарыгаа “сойж” араас нь зааварласаар л суугаа. “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгт орохдоо “Би Монголоо хөгжүүлж өсөө тайлна” буюу цаад утгаараа их улс төрд эргэн орж, төрийн өндөр суудалд дахин хүрнэ хэмээсэн амандаа хүрэхээр тэрээр цуцаж няцалгүй зүтгэсээр явна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ