Засгийн газрын өнөөдрийн \2020.12.09\ хуралдаанаас Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжихтэй холбогдуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүх УОК-ын даргад дараах чиглэлийг өглөө.
- Эрүүл мэндийн салбарын хүчин чадал, нөөцийн судалгаагч дахин нягталж, ялангуяа хүний нөөцийн судалгааг дахин гаргах зайлшгүй шаардлагатай байна. Хэрвээ нөхцөл байдал хүндэрвэл эмч, эмнэлгийн ажилтнууд шаардлагатай болно. Энэ бэлэн байдлаа илүү хангах зайлшгүй шаардлагатай байна.
- PCR шинжилгээний хариу гаргах хүчин чадлыг нэг өдөрт 100 мянганд хүргэх, лаборторийн хүчин чадал, урвалжийн нөөцийг 2-3 сараар бэлдэх зайлшгүй шаардлагатай. Энэ ажлыг ойрын хугацаанд зохион байгуулах. Аливаа гамшиг ослоос хамгаална гэдэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ байдаг.
- Улс, нийслэл, аймгийн Онцгой комисс яам, газруудад гаргасан шийдвэрийнхээ гүйцэтгэлийн хяналт шалгалтыг хийх. Гаргасан шийдвэр зайлшгүй хэлэлцэж байх хэрэгтэй. Гаргасан шийдвэр дунд, доод шатанд өөрчлөгддөг, янз бүрийн нугалаа ордог, ойлгомжгүй үйл ажиллагаануудыг зоохион байгуулдаг. Үүнээс болоод ард иргэд бухимдах асуудал байна. Үүнийг таслан зогсоох ёстой.
- Нэн ялангуяа ХӨСҮТ, хил гаалийн хяналтыг онцгой сайжруулах хэрэгтэй. Хил гааль боомтууд, саяны өвчин гарсан газрууд төмөр зам, гаалийн байцаан өнгөрүүлэх газрууд, хил боомт дээр анхаарлаа улам сайжруулах ёстой.
-Цар тахлын талаарх үнэн зөв, бодит мэдээллийг цаг алдалгүй иргэдэд хүргэж байх ёстой. Иргэдийн хариуцлагыг сануулсан, халдвараас сэрэмжлүүлсэн, урьдчилан сэргийлэх мэдээллийн давтамжийг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай.
- Бүх шатанд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын ажлын хариуцлагыг сайжруулах шаардлагатай. Ажилд ацаглаж болохгүй. Гаргасан шийдвэрүүд хэрэгжих ёстой. Ард иргэдэд бухимдал үүсгэж болохгүй.
Хуралдааны төгсгөлд Ерөнхий сайд "Бүгд бухимдалтай байгаа. Хорио цээрийн дэглэм бол үнэхээр хүндрэлтэй зүйл. Олон хүний ажил амьдралтай холбоотой, уур уцаарыг хүргэсэн, заримдаа хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан дэглэмүүд хэрэгжиж байгаа. Дэлхий тэр аяараа бухимдалтай байгаа. Гэхдээ бид үүнийг давж гарах ёстой. Хүн бүр дотны анд найз, хөрш айл, ядарч зүдэрсэн бүхэндээ бид тусалж байх ёстой. Бид үүнийг хамтын хүчээр давж гарна. Хүний сайхан сэтгэлийг илэрхийлдэг олон үйлдлийг бид хийж чадахаа байсан. Нөхөдтэйгөө гар барьж уулздаг байсан бол чадахаа байсан, бие биеэ халуун дотноор тэвэрдэг байсан бол чадахаа байса. Бие биетэйгээ ойр дотно ярилцаж суудаг байсан бол чадахаа байсан. Хүн хоорондын хүнлэг сайхан харилцаанд зай завсар бий болж байгаа. Бараг энэ бүгдийг хийхгүй алсаас харилцах нь бие биедээ тусалж байна гэсэн ойлголтууд руу шилжиж байна. Тиймээс хорио цээрийн дэглэмд ард иргэдийн маань хариуцлага юу юунаас илүү чухал байна.
Бид дэглэмээ сулрууллаа. Одоо ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн маань хувийн хариуцлагатай шууд холбоотой болж эхэлж байна. Бид аль болох түргэн хугацаанд цар тахлыг хумьж, амьдралаа хуучинд хэвэнд нь оруулах шаардлагатай байна. Ингэж байж бид эдийн засгийн уналт, уур бухимдлаас сална. Энэ ажлын эхлэлийг бид тавилаа. Тодорхой үр дүнд гарсан учраас дэглэмийг бууруулж байна. Одоо хувь хүн, аж ахуйн нэгж, төр засгийн хариуцлагатай хамтын ажиллагааны үр дүнд үр дүнгээ цааш нь баталгаажуулж чадна. Эс чадваас бид буцаад бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Тийм учраас ард иргэд маань бие биедээ маш сайн шаардлага тавих хэрэгтэй." гэв.