"МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулан, мянга мянган жагсагчдыг оройлон, тэмцсэн хүмүүсийн нэг Л.Оюун-Эрдэнэ тухайн үед хэлэхдээ “Монголчууд нэгдэж чадаж байна. Өчигдрийн Монголоос өнөөдрийн Монгол өөр болж байгаа гэдгийг дахин хэлье. Бид ялж байна. Монголын шинэ үеийн дараагийн 25 жилийн түүхийг эхлүүлэхийг бид хүсч байна” гэж байсан юм.
Тэгвэл уг үйл явцаас дөрвөн сарын дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 52 дугаар захирамж гарган Монгол Улсын өнгөрсөн 30 жилийн хөгжлийн үе шатуудад дүгнэлт хийх, 2050 он хүртэлх урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлох баримт бичгийг боловсруулах ажлын хэсгийг байгуулж, тодорхой үүрэг, чиглэл өгсөн билээ.
Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахлан ажилласныг тодотгоё. Тэрбээр салбар салбарын эрдэмтэн, судлаачид, Засгийн газрын 13 яамны ТНБД нар болон зарим агентлагийн дарга нар, их, дээд сургуулийн захирал, удирдлагууд, ТББ-ын төлөөлөл зэрэг нийт 1500 орчим хүнийг найман сарын турш удирдан, хамтран ажиллан, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж, Ерөнхий сайдад өргөн барьсан юм.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын өнгөрсөн 30 жилийг бүхэлд нь дүгнэж, ирэх 30 жилийг урт хугацаагаар төсөөлөх урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах хууль зүйн үндэслэл, практик шаардлага бий болоод буйг өмнө нь ч тодотгож байсныг сануулъя.
Учир нь Монгол Улс хүний хөгжлийн үзүүлэлтээр дэлхийн 177 орноос 92, эдийн засгийн өрсөлдөх чадварын индексээр дэлхийн 140 орноос 99, бизнесийн орчны индексээр дэлхийн 190 орноос 74, авлигын индексээр 93 дугаар байрт жагсаж байна.
Тодруулбал, Монгол Улс хөгжлийн олон үзүүлэлтээр бүс нутгийн улс орнууд, дэлхийн дунджаас доогуур түвшинд бай, ядуурлыг бууруулахад чиглэсэн халамжийн бодлого хангалттай үр дүнд хүрч чадаагүйг хөгжлийн суурь үзүүлэлтүүд бэлхнээ нотолж байна. Нийгмийн хөдөлгөгч хүч болсон дундаж давхарга эмзэг, нимгэн байгаа нь тэгш бус байдлыг бий болгож, ардчиллын суурь үнэт зүйлст сөргөөр нөлөөлж эхэлж байгааг ч тэрбээр хэлж байсан.
Түүнчлэн алдаа оноогоо зөвөөр дэнслэх нь засаж залруулахад чухал учраас өнгөрсөн гурван аравны хөгжлийн бодлогоо сууриар нь эргэн харж, хүн төвтэй хөгжлийн эрүүл бодлого барих чиглэлийг УИХ-аар хуульчлан баталсан нь түүхэн ач холбогдолтой үйл явдал болсон юм. Монгол Улс өнгөрсөн 30 жилийн хөгжлийн бодлогоо ийнхүү эргэн харж, өөрчлөлт хийсэн нь МАНАН бүлэглэлийг сөрөн тэмцсэн үйл явцын үр дүн гэдэгт эргэлзэх хэрэггүй юм.
Монгол Улс өнгөрсөн олон жилүүдийн алдаагаа эргэн харахад уул уурхайн салбарын өгөөж нь, өрөм нь цөөнхөд очиж, хусам нь иргэдэд үлддэг ужиг жишиг байсан. Тэгвэл энэ жишиг 2019 оноос эхлэн өөрчлөгдөж буй билээ. Монголчууд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэн, газрын доорх үүц баялгаасаа үр ашиг хүртэх ёстойг өнөөгийн төр засаг ухамсарлан, хэрэгжүүлэн ажиллаж байна.
Тухайлбал, бүлэглэл дамнасан наймаа гэгдэж байсан Салхитын мөнгөний ордыг төр мэдэлдээ авч, эдийн засгийн эргэлтэд орууллаа. Үр дүнд нь ахмад настнуудын тэтгэврийн зээлийг тэглэлээ.
Монголчууд анх удаа “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 1072 хувьцааны ногдол ашгаа авч үзлээ.
ОХУ-аас Монгол Улсдаа шилжин ирсэн ч Сингапурт зарагдахаар хэлцэл нь хийгдэж байсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголдоо авч үлдэх шийдвэрийг энэ Засгийн газар гаргаж чадлаа.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Монголын баялаг ард иргэддээ хүрч байна. "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг Сингапур руу худалдах гэж байгааг мэдсэн даруйдаа 2019 онд Засгийн газар маш шуурхай шийдвэр гаргаж тус үйлдвэрт онц байдал тогтоосон. Үүний үр дүн өнгөрсөн 2 жилд гарсан. Түүхэндээ анх удаа 2019 онд 963 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн, энэ жил 1 их наяд төгрөг төвлөрүүлэхээр байгаа” гэж байна.
Монголдоо 100 хувь бүтэн үлдсэн “Эрдэнэт” үйлдвэр цар тахлын улмаас улс оронд амаргүй байдал үүссэн энэ үед нэгэн тулах багана болж буйг та бид бүгд мэдэж буй. Айл өрхийн эрчим хүч, дулаан, усны хэрэглээний төлбөрийг энэ оны долоодугаар сарын 1-ний өдөр хүртэл тус үйлдвэр дааж байгаа билээ.
Мөн Засгийн газар өнгөрсөн оны сүүлийн сарын 30-ны өдөр хуралдахдаа Хармагтайн ордын 53,1 тонн алтыг Улсын нөөцөд бүртгэсэн талаар албан ёсоор мэдээлснийг тодотгоё. Учир нь тус ордыг эргэлтэд оруулахдаа, уул уурхайн баялгийг тэгш хуваарилах зарчмыг барина гэсэн мэдээлэл байгаа юм.
Зайлшгүй тодотгох ёстой нэг зүйл бол Монгол Улсын Засгийн газар Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай ижил түвшинд харилцан байр сууриа илэрхийлж, хэлэлцээ хийх хүлээлт энэ засгийн үед их байна.
ЗГХЭГ-ын дарга хэлэхдээ "Оюутолгойг Монгол Улсад илүү үр өгөөжтэй байлгах талаар ажлын хэсэг хичээнгүйлэн ажиллаж байгаа. Хөрөнгө оруулагч талд бид дандаа бууж өгч, найр тавьж, аргадаж ирсэн. Цаашид тэгэхгүй гэж бодож байгаа” гэсэн нь зүгээр нэг үг биш гэдгийг үйл явц харуулж байна.
2020 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн мэдээллээр Монгол Улсын Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийн төлөөлөл, “Рио Тинто” компанийн шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмтай цахимаар уулзаж, төслөөс Монгол Улсад ногдох үр ашгийг эрс нэмэгдүүлэх, холбогдох гэрээнүүдийг засаж сайжруулах, шаардлагатай бол Дубайн гэрээ буюу Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах зайлшгүй шаардлагатай байгааг “Рио Тинто” компанид мэдэгдээд байна. Харин “Рио Тинто” компанийн зүгээс аль болох зөвшилцөх замаар асуудлыг шийдвэрлэж, төслөөс Монгол Улсад ногдох үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой саналыг гаргаж харилцан ашигтай хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн нь манай тухайд сайн мэдээ юм.
МАНАН дэглэмийн эсрэг ард түмний жагсаал болж, эрх мэдлийн ард нуугдсан, өөр хоорондоо сүлжээ бүхий этгээдүүдийг буулгаснаас хойш нийгэм, эдийн засгийн салбарт гарсан өөрчлөлтүүдийг том зургаар нь харвал чамгүй байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар 2021 оныг угтан мэндчилгээ дэвшүүлэхдээ “Монгол Улс өсөлтийн үр шим нь өрх иргэн бүхэндээ хүрсэн дандаж давхарга зонхилсон, ядууралгүй экспорт эрчимжсэн тогтвортой хөгжлийн өөрийгөө тэтгэх бүрэн чадавхтай улс болох ЭДИЙН ЗАСГИЙН ТОГТОЛЦООНЫ ХУВЬСГАЛ” хийх зорилттойг тодотгосон билээ.
Хэрэвзээ Монголын улс төр, нийгэм, эдийн засаг МАНАН-д ороогдсон хэвээрээ байсан бол өнөөдөр бид ийм зүйлд зорих, тэмүүлэх орон зайгүй, боломжгүй байх байсныг тодотгоё. МАНАН-гаас чөлөөлөгдсөн Монгол Улсын эдийн засаг, эрүүл зөв бодлогоор замнах, алдаагаа засаж, залруулах замаар нэгэнтээ замнаж эхэлжээ.