Зарим мэдээллийн хэрэгслээр тараад байгаа Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой баримтыг бид өөрийн эх сурвалжаар баталгаажуулан шалгаж үзлээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга нь нэг сая сингапур долларын дүрмийн сантай “GENCO HOLDINGS PTE LTD” компанийг 2001 онд Сингапур улсад үүсгэн байгуулж, 50 хувийг нь эзэмшиж байжээ. Улмаар 2013 онд охин Б.Намууныхаа нэр дээр компанийн эзэмшлийн хувийг шилжүүлсэн байна.
Электроник тоног төхөөрөмжийн бөөний худалдаа эрхлэх зорилготой GENCO HOLDINGS компанийг 2020 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдөр татан буулгасан болохыг Сингапурын засгийн газрын эх сурвалж баталлаа.
Сингапурт бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн мэдээллийн сан нь бүх хүнд нээлттэй биш боловч хүссэн хүнд дурын компанийн мэдээллийг бага хэмжээний төлбөртэйгөөр гаргаж өгдөг журамтай тул манай редакци үүнийг ашиглан дээрх мэдээллийг олж авсан юм.
Ерөнхийлөгчийн эзэмшлийн компани нь манай улсын хууль тогтоомжийг хэрхэн зөрчиж буйг тайлбарлая.
Засгийн газрын 2017 оны 326 дугаар тогтоолд оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг шинэчлэн баталсан билээ. Уг жагсаалтын 46 дугаарт Сингапур улсыг оруулсан байдаг.
Харин Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 101.1-д "Хуульд заасны дагуу хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд нь тухайн албан тушаалтны албан үүрэг гүйцэтгэх хугацаанд оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглоно" хэмээн заасан байна.
Үүнээс харахад Ерөнхийлөгчийн хамаарал бүхий этгээд Б.Намуун Сингапурт хуулийн этгээдийн тодорхой хувийг эзэмшиж байсан тул төрийн тэргүүнийг хуулиар хориглосон үйлдэл хийсэн гэж үзэж болохоор байна.
Эх сурвалж: IKON.MN
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Битгий хүний бөгс ух пялдагнууд олон болжээ.Одоогийн ерөнхийлөгч шиг эх орондоо барьцтай юм байгаа юмуу.Дандаа нэг нэгнийхээ бөгсийг ухаж байх юм.Эх орны хөгжилд хэрэгтэй ганц хадаас хийсэн хүн байнуу.Бүгдээрээ эрүүл ухаанаар сайн тунгааж нэг үзмээр юм.