Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд гурван ч хуулийн төсөлд хэсэгчилж хориг тавьсан. Өнгөрсөн даваа /2021.01.25/ гарагт эрх баригч намын гишүүд Ерөнхийлөгч Х.Баттулгын тавьсан гурван хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн байдаг. Гэвч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хоёр хоригийг нь хүлээж авахаас татгалзсан бол үлдсэн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хэсэгчилж тавьсан хоригийн зарим зүйл, заалтыг нь хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн юм.
Тодруулбал, УИХ-ын чуулганы өчигдрийн /2021.01.28/ нэгдсэн хуралдаанаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хэсэгчилж тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. Харин энэ үеэр төрийн тэргүүний тавьсан хоригтой холбогдуулж гишүүдийн асуултад Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хуулийн асуудал хариуцсан зөвлөлийн гишүүн А.Эрдэнэцогт хариулт өгсөн байдаг.
Гэвч хуульч А.Эрдэнэцогт хуулиа мэдэхгүй, гишүүдийн асуултад хариулахдаа Үндсэн хууль зөрчсөнд УИХ-ын дарга Г.Занданшатар ихэд бухимдлаа.
УИХ-ын дарга Г.Занданшатар "Энэ А.Эрдэнэцогт гуай, та Үндсэн хууль унш. Хуульч хүн байж ямар хариуцлагагүй зүйл ярьж байна аа. Үндсэн хуулийн 59.1-ийг унш даа. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө болон төрийн өөрөө удирдах ёсыг хослуулан хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. Төрийн өөрөө удирдлага гэхээр нэг талыг нь хэлж байна. Нутгийн өөрөө, төрийн өөрөө гэдэг нь онол, эрхзүйн хувьд нэг ойлголт. Үндсэн хуулийн 59.2-ыг уншаад үз. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чиг үүрэг гэж байгаа биз. Та орон нутгийн өөрөө удирдах чиг үүргийг худлаа тодорхойллоо гэж ярьж байна. Энэ чинь Үндсэн хууль зөрчсөн зүйл ярьж байна, та. Ингэж ярьж байж яаж хоригыг ул үндэстэй хамгаалж чадах юм. Үндсэн хуулиа уншаагүй байж" хэмээн шүүмжлэв.
Учир нь, хуульч А.Эрдэнэцогт Ерөнхийлөгчийн хоригийг хамгаалж, гишүүдийн асуултад хариулахдаа шинэ Үндсэн хууль зөрчсөн тайлбарыг хэлсэн юм. Үүнд нь, УИХ-ын дарга болон зарим гишүүн шүүмжлэлтэй хандаж, үзэл бодлоо илэрхийлсэн байдаг. "Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино" гэх үг бий. Ерөнхийлөгчид хуулиа мэддэггүй, шинэ Үндсэн хуультайгаа танилцаагүй хүн "зөвлөж" байна. УИХ-ын даргын хуульч А.Эрдэнэцогтод хандсан "зэмлэл" хуулийн салбарыг хэр байгааг харуулж байна. Шинэ Үндсэн хуулиа унш, хуульчид аа.
Сануулахад, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн даваа /2021.01.25/ гарагт тус хуулийн төсөлд хэсэгчилж хориг тавьсан. Өөрөөр хэлбэл, тус хууль болон дагалдаж батлагдсан зарим хуульд Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэдгийг баталгаажуулсан Үндсэн хуулийн суурь, зарчим, үзэл санаа, зохицуулалтын хүрээнд нэгэнт бий болж, тогтсон “засаг төр”-ийн тогтолцоог “нам төр”-ийн тогтолцоонд буцаан шилжүүлэх, захиргаадалтын дэглэмийг сэргээн тогтоох ноцтой үр дагавар бүхий зохицуулалт туссан гэж Ерөнхийлөгч Х.Баттулга үзсэн байдаг. Энэ үндсэн дээр Монгол Улсын Ерөнхийлөгч хуулиар хүлээсэн бүрэн эрхийнхээ хүрээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 27 зүйл, заалт, уг хуулийг дагалдаж батлагдсан Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 зүйл, заалт, нийт 29 зүйл, заалтад хэсэгчлэн хориг тавьсан билээ. Харин УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслийн зарим зүйл заалтыг нь хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн байдаг.