...
...

Монголын төр ХАЛДВАРЫГ СӨРЖ, хөл хорионоос ТАТГАЛЗЛАА

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын дотоодын халдварын тоо 4856-д хүрээд байна. Өдөрт 10, 20-иороо нэмэгддэг байсан бол халдвар авсан иргэдийн тоо хэдэн зуугаараа нэмэгддэг боллоо. Монгол Улсын Засгийн газраас халдварын тоо өдөрт 200-аас буурахгүй бол хатуу хөл хорио тогтоохоо мэдэгдсэн байдаг. 

Тэгвэл сүүлийн хоёр өдөрт халдварын тоо 200 давлаа. Эрүүл мэндийн яамнаас халдварын тоо эрс нэмэгдэж, цар хүрээгээ тэлж байгаа тул 14 хоног хатуу хөл хорио тогтоох санал гаргаж, түүнийгээ Улсын Онцгой комисст хүргүүлсэн. Энэ хүрээнд Улсын Онцгой комисс өчигдөр /2021.03.22/ хуралдаж, хэд хэдэн шийдвэрийг гаргасан. Ингэхдээ хатуу хөл хорио тогтоохгүй байхаар шийдвэрлэлээ.  

Хаана ч халдвар байх эрсдэлтэй, хаанаас ч халдвар авах өндөр магадлалтай цар тахлын хүндхэн цаг үед Монгол Улсын Засгийн газар халдварыг сөрж зогсож байгаа нь нэг талаараа эрсдэлтэй ч нөгөө талаараа иргэдийнхээ амьдрал, улс эх орныхоо эдийн засгийг бодсон шийдвэр гэж ойлгох хэрэгтэй. Тэгээд ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар анхнаасаа л аль болох хөл хорио тогтоохгүй гэх хатуу байр суурийг илэрхийлж ирсэн билээ.

Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Монгол Улсад хамгийн их тулгамдаж байгаа зүйл бол цар тахлыг хэрхэн хохирол багатай туулах вэ, эдийн засгаа яаж сэргээх вэ гэдэг байна. Хатуу хөл хорио тавигдаж байж, өсөлтийн цикл унана л гэж үзэж байгаа. Хэрэв хөл хорио тавихгүй бол халдвар авсан иргэдийн тоо өсөөд л байна гэсэн үг. Миний бие эцсийн мөч хүртлээ хөл хорио тогтоохгүй байх талд л зогсоно. Гэхдээ эмч биш учраас шинжлэх ухааны дээгүүр давж алхах эрх надад байхгүй" хэмээн ярьсан байдаг. 

Тиймдээ ч улс, эх орныхоо эдийн засаг, ард иргэдийнхээ эрүүл мэндийг аврах 10 их наядын цогц төлөвлөгөө боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар баталсан. Энэ мэт төр, засгийнхан байгаа бүхий л боломж, бололцоогоо дайчлан ажиллаж байна. Хамгийн гол нь, хэн бүхнээс урьтаж хатуу хөл хорих гэхээсээ илүүтэй дархлаажуулалтаа идэвхжүүлж, гадаадаас иргэдээ эрчимтэй татаж, зарим хавьтлыг гэрээр нь тусгаарлах зэрэг дэлхийн улс, орнуудын адил шийдвэрийг гаргаж эхэллээ.

Төр алдаа гаргасан нь үнэн. Төрийн шийдвэр хөрсөнд буухгүй ч тохиолдол байсан. Хэдий алдаа гаргасан ч алдаагаа засах гэж хичээж байгаа нь, цар тахлыг сөрж зогсож, шийдвэр гаргаж байгаа нь сайн хэрэг. Нөгөө талаараа иргэд цар тахалтай хамт амьдрахаас өөр сонголтгүй болжээ. Гагцхүү амны хаалтаа зүүх, гараа ариутгах, зай барих зэрэг халдвараас хамгаалах энгийн зүйлийг амьдралдаа хэвшүүлэх нь чухал байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ