Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хурлаар Улаанбаатар хотод хатуу хөл хорио тогтоох эсэх асуудлыг хэлэлцэж байгаа юм.
Тодруулбал, Улсын Онцгой комиссын Шуурхай ажлын хэсгээс Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхгүй байх санал гарган, Засгийн газрын хуралд танилцуулжээ.
Засгийн газрыг энэхүү саналыг дэмжиж байгаа бөгөөд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхгүйгээр, хатуу хөл хорио тогтоолгүй, зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлах зохицуулалтуудыг хийж ажиллах нь зүйтэй гэж үзсэн байна.
Монгол Улсын Засгийн газраас цар тахлын халдварын тархалтын үед Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа дэмжих бодлого баримталж буй. Иймд халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж, иргэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх бүх нөхцөл бололцоог хангаж, зохион байгуулах нь чухал гэв. Энэ өдрүүдэд мөрдөгдөж байгаа гамшгаас хамгаалах Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт эрдэмтдийн баг эрсдлийн үнэлгээ хийж, халдвар ихээр тархаж буй салбар, аж ахуй нэгжүүдийг тодорхойлсон байна.
Эрсдэлтэй тэдгээр аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хязгаарлаж, тодорхой цагийн зохицуулалт хийх байдлаар ажиллая гэсэн саналыг Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг гаргажээ.
Үүн дагуу тавдугаар сарын 1-ний дотор нийслэлийн иргэдийг вакцинжуулж дуусгах, амралтын өдрүүдэд хатуу хөл хорио тогтоох, ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэх зэрэг төлөвлөлтүүд багтсан байна.
Мөн тандалт судалгааны өргөтгөсөн баг ажиллаж, хөнгөн хэлбэрээр өвчилсөн иргэдийг гэрээр эмчлэх ажилд онцгой анхаарал хандуулах тухай ч орсон байна.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250