Халдварын тархалт, цар хүрээ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа тул Эрүүл мэндийн яамнаас хатуу хөл хорио тогтоох саналаа Улсын Онцгой комисс болон Засгийн газарт хүргүүлээд байгаа билээ.
Харин Засгийн газрын өчигдрийн /2021.04.07/ ээлжит хуралдаанаар ирэх бямба гараг буюу дөрөвдүгээр сарын 10-наас эхэлж хатуу хөл хорио тогтоох эсэх асуудлыг хэлэлцсэн ч ямар нэгэн шийдвэр гаргаагүй юм. Учир нь, Засгийн газар Улсын Онцгой комиссын саналыг сонсох шаардлагатай гэж үзсэн байдаг.
Тэгвэл Улсын Онцгой комисс өнөөдөр /2021.04.08/ 12:00 цагаас хуралдахаар товлоод байна. Хуралдаанаар Эрүүл мэндийн яамнаас гаргасан хатуу хөл хорио тогтоох саналыг хэлэлцэхээр болжээ. Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг Засгийн газрын хуралдаанд оруулж, дахин хэлэлцэн, шийдвэр гаргаснаар баталгаажих юм.
Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас өчигдөр орой мэдээлэл хийсэн.
Энэ үеэр Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар "Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас 14 хоног хөл хорио тогтоох саналыг Засгийн газарт уламжилсан. Засгийн газраас Улсын Онцгой комисст чиглэл өгсөн. Энэ нь хөл хорио тогтоохгүйгээр халдвар хамгааллын дэглэмийг бариад явах ямар боломжит хувилбарууд бий тухай байсан. Улсын Онцгой комсс маргааш /өнөөдөр/ хуралдаж тодорхой шийдвэр гаргаж, Засгийн газарт танилцуулан эцэслэн шийдвэрлэнэ" хэмээн мэдэгдсэн байдаг.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250