...
...

Л.Оюун-Эрдэнэ: Дархлаажуулалтын хүчин чадлыг ХОЁР ДАХИН нэмж, ковидгүй зуныг хамтаа угтацгаая

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ард иргэддээ хандан мэдэгдэл хийлээ. 


Тэрбээр "Монгол ахан дүүс ээ, Эрхэм хүндэт иргэд ээ. Коронавирус нь дэлхийн эдийн засаг, улс орнуудын Засгийн газарт хүндхэн сорилт учруулж хүн төрөлхтөнд амьдралын цоо шинэ хэв маягийг ганцхан жилийн дотор авч ирлээ. Дэлхийн II дайнаас хойш хамгийн олон буюу 2.9 сая хүний амийг энэхүү цар тахал авч одлоо. Цар тахлаас улбаалж дэлхийн эдийн засаг огцом зогсолтод орж, 4.9 хувиар буурсан нь 2009 оны дэлхийн санхүүгийн хямралын хүндрэлээс гурав дахин хүндрэлтэй байна гэсэн тооцооллыг судлаачид гаргажээ" хэмээн мэдэгдлийнхээ эхэнд онцоллоо.

-ХҮН АМАА ВАКЦИНЖУУЛАХ НЬ БИДНИЙ ЭХНИЙ ЗОРИЛТ-

Түүнчлэн "Миний бие Ерөнхий сайдаар томилогдоод хүн амаа вакцинжуулах нь бидний эхний зорилт гэж хэлж байсан. Цар тахлын голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээсээ эхлээд үе шаттайгаар Засгийн газрын эхний 100 хоногт багтаан зохион байгуулахын тулд бүхий л боломжоо дайчлан ажиллаж байна. Хүн төрөлхтөн цар тахлыг даван гарах цорын ганц зам нь вакцинжуулалт юм. Дэлхийн хүн амыг долоон тэрбум гэж үзэж, өдөрт 16 сая хүнийг вакцинжуулахад нийт иргэдийг хос тунгаар хамруулахад багадаа хоёр жилийн хугацаа орно гэж тооцоолжээ. Одоогоор дэлхийн нийт хүн амын 1.8 хувь нь хос тунт вакцинд хамруулаад байна. Энэ нь олон улсад вакцины хомсдол үүсгэж байна. Улс орнуудын Засгийн газар бүхэн иргэдээ вакцинжуулахын тулд хичээнгүйлэн ажиллаж байна" гэв.

-ДОЛДУГААР САР ГЭХЭД НИЙТ ИРГЭДЭЭ ХОС ТУНГААР ВАКЦИНЖУУЛЖ ДУУСНА-

Үүнээс гадна "Монгол Улсын Засгийн газар хоёрдугаар сарын 23-ны өдөр дархлаажуулалтыг эхлүүлснээс хойш өнөөдрийн байдлаар 346 мянга 745 хүн ам буюу насанд хүрсэн хүн амынхаа 16.3 хувийг дархлаажуулаад байна. Засгийн газраас 4, 5 дугаар сарыг үндэсний хэмжээнд дархлаажуулалтын сар болгон зарлаж байна. Өнөөдрөөс дархлаажуулалтын хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, үндэсний хэмжээнд вакцинжуулах ажлыг эхлүүлж байна. Та бид хамтдаа хичээж, иргэдийн оролцоо өндөр байж чадвал тавдугаар сарын 1-н гэхэд нийслэлийн насанд хүрсэн бүх иргэн, зургаадугаар сарын 1-н гэхэд хөдөө орон нутгийн нийт иргэдээ тус бүр эхний тунд хамруулж долдугаар сарын 1-н гэхэд нийт иргэдээ хос тунгаар вакцинжуулах томоохон зорилт тавин ажиллаж байна. Дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдаж, ковидгүй зуныг хамтдаа угтацгаая" хэмээн мэдэгдэж, уриаллаа.


ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ