...
...

Э.Бат-Үүл баатар АН-д байтугай ард түмэнд үгээ хүргэх эрхтэй

Өнгөрсөн долоо хоногийн улс төрийн үйл явдлыг тоймлох гэхээр л Ардчилсан намын сэдэв рүү орчихоод байгаа юм. АН хоёр хуваагдаж, тус бүрдээ намын даргаа сонголоо.

Чухам хэн нь ялахыг Дээд шүүх л шийдэх үлдэж байх шиг байна. Ц.Тувааны АН-ын (ард нь Ерөнхийлөгч байгаа гэж цуурдаг хүмүүс ч бий) тал нь өнгөрсөн бямба гарагт Дүнжингарав худалдааны төвийн гадна талбайд АН-ын ээлжит бус бага хурлыг хийж Дотоод сонгуулийн хорооноос АН-ын Их хуралд О.Цогтгэрэлийг намын дарга хэмээн өргөн мэдүүлж батламжийг гардуулан өгөх үйл ажиллагаа гэгчийг хийв. Үүний өмнөх өдөр АН-ын гишүүд хэмээх хэсэг хүн мэдээлэл хийж “Ц.Туваан УИХ-ын гишүүн учраас үүрийн дарга нарт "Заавал О.Цогтгэрэлийг ялуулна шүү" гэсэн үүрэг өгсөн байгаа юм. Зүгээр нэг намын дотоод сонгууль ингэж явж байхад улсын хэмжээний сонгууль ямар болох билээ” гэж ярьсан тухайд бол нэг их сонирхох сэдэв биш. Түүнчлэн тэр Бага хурал нь болдог өдөр нөгөө АН-ынх нь даргыг хийж байгаа С.Эрдэнэ “Дүнжингаравт зохион байгуулагдсан ээлжит бус Бага хурал хүчин төгөлдөр биш. Хуулийн хариуцлага тооцох ёстой. Тэр хуралд 600 гаруй хүн оролцсоноос 200 орчим хүн нь намын төлөөлөгч байсан. Үлдсэн хүмүүс нь “ТЭСО” корпорацийн хүмүүс гэх мэдээлэл байна. Улсын бүртгэлд бүртгэлтэй, Улсын дээд шүүхийн тогтоолтой, хууль ёсны эрх бүхий намын явуулсан дотоод сонгуулиар сонгогчдоос хамгийн олон санал авсан М.Тулгат АН-ын шинэ даргаар сонгогдсон. Дүрмийн бус үйлдэл гаргаж, хууль бус сонгууль зохион байгуулж, ээлжит бус Бага хурлыг зохион байгуулсан хүмүүст намын үндсэн дүрмийн дагуу болон бусад холбогдох хуулийн хариуцлага тооцно” гэж ярьсан байна лээ.

Хоёр хуваагдсан сөрөг хүчин дотор иймэрхүү үг шидэлцэх бол энгийн үзэгдэл болсон. Хамгийн гол нь Дүнжингаравын хэмээх тэр ёслолын арга хэмжээний үеэр шинэхэн дарга О.Цогтгэрэл нь “Энэ удаагийн АН-ын даргын сунгаа амаргүй нөхцөлд боллоо. Нийгэмд АН-ын орон зай хаана байгааг иргэд биднээс асууж байна. АН сонгуулийн үйл ажиллагаандаа гишүүдээ оролцуулдаг нам болно. Үзэл санаан дээрээ бат зогсож гишүүдээ оролцуулсан нам болно. Хуваагдсан, бутарсан цаг эцэс болж, эвлэрсэн, шинэчлэн бүтээсэн шинэ үе ирлээ” гэсэн нь юм.

Харамсалтай нь, түүний энэ үгээ хэлэхэд үсэрсэн шүлс хатаагүй байхад тус талбайд өөр нэг явдал болсон билээ.

Тодруулбал, “Болиоч ээ”, “Чи буу хөөе” гэсэн шуугиан дунд Э.Бат-Үүл баатар индэр дээр үг хэлэхээр оролдов. Тэрбээр тэнд цугласан олонд хандаж “Манай нам чинь коммунист нам биш биз. Манай нам Ардчилсан нам биз. Тийм учраас Ардчилсан намын ёсоор үгээ хэлнэ. Би нийслэлийн АН-ын даргынхаа хувиар үгээ хэлнэ. Би та бүхэнд хандаж үг хэлмээр байна. Миний үгийг эхлээд сонсчих. Тэгэхээр сая 20-иод хоног...” гээд явж байтал “Халуун элгэн нутаг” дууг чангаар тавьж үгийг нь дараад улмаар тайзнаас буулгачихаж харагдсан.

Үнэхээр эвлэж нэгдэх гэж байгаа эхлээд нөгөө талынхаа үгийг сонсож сурах хэрэгтэй. Түүнээс биш зүгээр л хайрцаглагдсан байдал гаргаж, өөрсдөд нь өнөөдрийн эрхийг авчирсан баатраа нохой шиг хөөж тууж байгаа нь улс төрд байтугай хүний ёсонд муухай л явдал.

Тэр дундаа АН-ыг гардан байгуулалцаж, анхны даргаар нь ажиллаж явсан болохоор Э.Бат-Үүлийн үгийг сонсох ёстой юм. Нийслэлд АН-ыг ялуулж, даргалж явсан болохоор нь АН-ынхан сонсох хэрэгтэй. Тэр “Алтан хараацай”, “Ардчилсан хувьсгалын баатар” энэ тэрийг нь дурдаад хэрэггүй биз. Гол нь ардчилал гэдэг зүйлийн фанат болохоор нь энэ намынхан түүнийг сонсох ёстой байлаа. Өнөөдөр АН-д байгаа хэнд түүн шиг ардчиллын төлөө гэсэн итгэл үнэмшил байгаа юм, үлдсэн юм бэ гэдэг асуулт байна. Албан тушаалтныг, хүчтэнийг дагаж шуурдаг, тэднийхээ халаасанд өөрсдийн хүслээр гүйгээд ордог, хөмсгөө зангидахад нь айдаг болчихсон ардчилагчдад одоо Э.Бат-Үүл л үг хэлэх ёстой биз дээ. Энэ нийгэмд амьдарч байгаа хүн бүрд тэр үгээ хэлэх эрхтэй. Өнгөрсөн хэдэн жилд эрх баригч нам хийгээд ардчилсан гэх Ерөнхийлөгчийн дураараа, бодлогогүй үйлдлийг ул суурьтай шүүмжилж байсан хүн Э.Бат-Үүлээс гадна тун цөөн бий. Монгол Улсад дарангуйлал тогтохгүй байх шалтгаан нь энэ мэт хүмүүс дээр тогтож байдаг. Түүнээс биш өнөөдөр ажилтай, маргааш хоолтой байх хүсэлтэй мянга мянган зангиатай “хар масс” нийгмийнхээ сайн сайхныг хамгаалдаггүй жишээ дэлхийн байтугай Монголын түүхэнд халуунаараа байна. Энэ учраас АН-д байтугай ард түмэнд Э.Бат-Үүл үгээ хүргэх эрхтэй юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ