...
...

Дэд сайдын шунал Дархан-Алтанбулагийн замын тендерийг цуцлуулжээ

“Хургандаа цадаагүй мал төлгөндөө майлна” гэж айхтар үг бий. Түүн лүгээ адил хувьхан биеийн эрх ашгийг хөөж, түмний хөрөнгөөс хумслахаас сийхгүй сэтгэлтэй, ичих нүүргүй түшээд өнөөгийн төрд өндөр сэнтийд шургалсан нь энэ цагийн эмгэнэл юм. Түүнийг батлах нэгэн баримтыг энд өгүүлье.

2020 онд Зам тээврийн хөгжлийн яамнаас “Дархан- Алтанбулаг”-ийн чиглэлийн 118 км замыг сайжруулан хүчитгэх замын тендер зарлажээ. Санхүүжилтийг нь Азийн хөгжлийн банк эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр олгохоор шийдвэрлэсэн байна.

Албан ёсны баримт бичигт “Regional Road Development and Maintenance Project Additional Financing, Loan 3679-MON NCB (MON)-ZTHYa/2020050901” гэж тэмдэглэгдсэн тэрхүү тендерт гурван компани оролцох саналаа илэрхийлж, дэнчингээ тушааж. Оролцогчдын саналыг авах хугацаа 2021 оны нэгдүгээр сарын 4-нөөр тасалбар болгон хаасан. Гэвч бүтэн гурван сар өнгөрчихөөд байхад тендерийн ажил эхлэх байтугай бүр цуцлагдаж, ахин зарлагдахад хүрээд байна.

Учир нь тендерийн дүн будилаантай гарчээ. Харамсалтай нь, тэрхүү будилааныг Зам тээврийн хөгжлийн яамны Тендерийн комиссынхон биш Азийн хөгжлийн банкныхан илрүүлсэн аж.

“Дархан-Алтанбулаг”-ийн 118 км замын тендерт оролцсон гурван компани дараах үнийн саналыг өгчээ. Үүнд,
 

“DYKB” ХХК-10,880,634,758₮.
“Хурдны зам” ХХК-9,669,254,595 ₮
“Саруул харгуй” ХХК-10,079,229,100₮

Тендерийн комисс хуралдаад, хамгийн өндөр үнэ өгсөн “DYKB”  компанийг ялагчаар тодруулж, Азийн Хөгжлийн банкинд хүргүүлсэн байна. Хэдийгээр нэг л ажлыг хийхээр адилхан тооцоо гаргасан боловч ялагчийн өгсөн үнэ нөгөө хоёр компаниасаа 801,4 саяас 1, 2 тэрбум төгрөгөөр илүү байгаа нь Азийн Хөгжлийн банкны мэргэжилтнүүдийн анхаарлыг татжээ. Тиймээс тэд Зам, тээвэр, хөгжлийн яаманд тендерийн дүнг хүлээн авах боломжгүйгээ  мэдэгдсэн байна. Тэгэхдээ “Энэ санхүүжилтийг монголчууд та нар, танай татвар төлөгчид эргэж төлнө. Иймээс энэ бодит нөхцөлийг харгалзаж, боломжит үнийн санал хэлсэн өөр  оролцогчийг санал болгоно уу” гэжээ.

Зам тээвэр, хөгжлийн яамныхан тэдний үгийг нэг чихээрээ оруулж, нөгөө чихээрээ гаргаад, Азийн Хөгжлийн банкны суурин төлөөлөгчийн газарт “DYKB” компанийг шалгаруулсан тухай саналаа хоёр дахь удаагаа хүргүүлсэн байна.

Хүн хэлээрээ учирлаад байхад дөргүй бух шиг зүтгээд байгаа Зам тээвэр, хөгжлийн яамныханд энэ удаа Азийн хөгжлийн банк хүлээн авахаас аргагүй хатуухан тайлбар өгсөн нь “Та бүхний шалгаруулсан компани урьд нь замын том төсөл, ажил гүйцэтгэж байгаагүй туршлагагүй компани байна. Тиймээс бид тендерийн дүнг зөвшөөрөхгүй” гэжээ.

Тэр хариуг сонссон Зам тээвэр, хөгжлийн яамны удирдлага уг тендерийг шууд цуцалж, дахин зарлахаар шийдсэн байна. Энэ шийдвэрийг хөндлөнгөөс харвал ЗТХЯ-ны удирдлага алдаагаа засахын оронд өөрсдийнхөөрөө шийдэж, арай өөр аргаар, өнгө зүсийг нь хувиргаж, санасандаа хүрэхээр шийдсэн зураг тодорч байна.  

Уг нь Азийн хөгжлийн банкнаас тавьсан шаардлага үндэслэлтэй. Санхүүжүүлэгчийн хувьд тэгэх ч эрхтэй. Цааш нь өнгийвөл Монголын эгэл жирийн татвар төлөгчдийн нуруунд буух ачааллыг тооцсон байгаа.

Хариуцсан яам нь ийн улсынхаа эрх ашгийг бодохгүй, улайм цайм алдаагаа зөвтгөөд зүтгээд байвал Азийн Хөгжлийн банк уг тендерийг санхүүжүүлэх эсэх нь эргэлзээтэй нөхцөл үүснэ. Эхнээсээ л ингэж эрх ашгийн сонирхол нь илэрхий, дийлдэхгүй байгаа нөхцөлд энэ зээлийг олгох эсэх талаар эргэж бодох нь ойлгомжтой шүү дээ.

Нэрээ нуусан эх сурвалжуудын хэлж буйгаар энэхүү тендерт ялсан “DYKB” компанийн ард Зам тээвэр, хөгжлийн яамны дэд сайд Ж.Бат-Эрдэнэ байгаа аж. Эрхэм дэд сайд албан тушаалаа ашиглаж, уг компанийг ямар нэг аргаар заавал ялуулах үүргийг Тендерийн комиссын гишүүдэд өгсөн гэнэ. Чухам юуны төлөө ийн зүтгээд буйг нь дэд сайдаас өөр мэдэх хүн үгүй.  Харин тэр нь дэд сайдад л хожоотой болохоос Монгол Улс болоод монголчуудад ашиггүйг энэ тендертэй холбогдсон гадаад, дотоодын мэргэжилтнүүд мэдэж буй.

Шинэ намын дарга Ж.Батзандангийн төрсөн ах, системийн инженер мэргэжилтэй Ж.Бат-Эрдэнэ гурван жил хувийн хэвшилд ажилласныг нь эс тооцвол 1996 оноос хойш төрд алба хашиж яваа төрийн мэргэшсэн албан хаагч.

Дэд бүтцийн яамны мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, газрын дарга, Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын орлогч дарга, дарга, “Монголын харилцаа холбоо” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал, Зам, тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга, Ерөнхий сайдын зөвлөх, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд гээд үргэлж өгсөж дэвшсэн замналтай төрийн түшмэл хүн төрийн ажлыг хувийн эрх ашигтаа зохицуулан гацаагаад байхад Монгол Улс хөгжих тухай ярих бүү хэл мөрөөдөхөд ч хэцүү.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ