...
...

ХҮН-ын удирдлагыг хууль бусаар авсан Б.Найдалаа, Д.Доржханд нарыг шалгуулна

Тэд дараах шаардлагыг хууль, хяналтын байгууллагад хүргүүлж байгаа аж.

"Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь хэсэгт “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. Нам, олон нийтийн бусад бүх байгууллага нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ” гэж заасан байдаг. Гэвч Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН)-ын удирдлагыг хууль бусаар авсан Бадрахын Найдалаа, Тогмидын Доржханд тэргүүтэй хүмүүс нийгэм, төрийн аюулгүй байдлыг алдагдуулж, хуулийг удаа дараа зөрчиж, хуурамч баримт бичиг бүрдүүлэн, Улсын Дээд шүүхэд намын даргаар ээлжлэн бүртгэгдсээр байгаа ёс зүйгүй, хууль бус үзэгдэл 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үеэс эхлэн өдийг хүртэлх хугацаанд өрнөсөн" гэж тэд байр сууриа илэрхийлэв.

С.Зоригтбаатар нар дараах үндэслэлүүдийг танилцуулав.

Нэг. ХҮН намын удирдлагыг хууль бусаар авсан нь
 

ХҮН намын одоогийн удирдлагаар бүртгэгдээд буй Т. Доржханд, Б. Найдалаа, Д. Гантулга нар тус намын удирдлагыг хуурамч баримт бичиг үйлдэх замаар авч, Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимд бүртгүүлснийг нотлох баримтууд:

ХҮН намын албан ёсны Төв хорооны гишүүд байсаар атал өөрсдөө дур мэдэн, намын дүрмийг зөрчин нэлээд тооны Төв хорооны гишүүдээр шинээр бүрдүүлэн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр огт хийгдээгүй Төв хорооны Хурлыг хийсэн болгож Улсын Дээд шүүхэд хуурамч баримт материал бүрдүүлсэн өгсөн;
 
Б. Найдалаа Улсын Дээд шүүхэд намын даргаар бүртгэгдэх үндэслэл болсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн байгаа нь 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ХҮН-ын Төв хорооны Хурлын төлөөлөгчдийн бүртгэлийн 21 дүгээрт Налайх дүүргийн намын хорооны дарга Амаржаргалын Диваачимбын гарын үсгийг хуурамчаар дууриалган зурсан байдлаар тогтоогдож байна;
 
Тухайн хийгдээгүй Төв хорооны Хурлын ирцийг бүрдүүлэх зорилгоор  Төв аймгийн намын хорооны дарга нь үүрэгт ажлаа хүлээлгэн өгөөгүй, тухайн аймгийн намын хороо даргаа өөрчлөх ямар нэгэн шийд гаргаагүй байхад хууль ёсны даргын оронд өөр хүнээр гарын үсэг зуруулсан;
 
Намын төв хорооны тухайн үеийн бүрэлдэхүүн, гишүүд, 21 аймаг, 9 дүүргийн намын хороодын дарга нарт дээрх хурлын талаар огт сонсгож мэдэгдээгүй;
 
Намын дүрмийн 5.6 дахь хэсэгт заасны дагуу Намын төв хорооны хурлыг Намын дарга даргалах зохицуулалтыг зөрчсөн, намын хууль ёсны дарга С. Боргилд тус хурлын талаар ямар нэгэн мэдээлэл ирүүлээгүй буюу Намын төв хороо 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хуралдаагүй;
 
Мөн тухайн өдрийн хуралд Т. Доржханд нь оролцоогүй, гадаад улсад зорчин явж байсан гэх гэрчийн мэдүүлгийг цагдаагийн байгууллагад өгч байсан боловч түүний гарын үсэг тэр өдрийн огноотойгоор зурагдсан;
 
Улсын Дээд шүүх ийнхүү дүрмийн бус хурал, хууль зөрчиж бүрдүүлсэн баримтуудад үндэслэн Б. Найдалааг даргаар бүртгэн авсан тухай мэдээлэл шүүхийн цахим хуудаст 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр нийтлэгдсэнийг олж мэдээд, тухайн үеийн хүчин төгөлдөр бүртгэлтэй дарга С. Боргил Улсын Дээд шүүхэд хандан өргөдөл гаргаж, хууль бус үйл ажиллагааных нь талаар мэдээлэл өгсөн боловч өргөдөл дурдсан үндэслэлүүдийг нь бүрэн нягтлахгүйгээр татгалзсан хариуг өгсөн.

Ийнхүү хууль бус аргаар намын удирдлагыг авсан байдлыг шалган тогтооход хүндрэлтэй байдлыг цаг хугацаа болон халдашгүй байдлын хувьд бий болгож, цэвэршүүлэн угааж буй мэтээр Б. Найдалаагаас намын даргын албан тушаал Т. Доржхандад шилжин, улмаар 2017 оны хууль бус бүртгэлд үндэслэсэн хоёр дахь удаагийн хууль бус бүртгэлийг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр (Ардчилсан намын удирдлага, дүрэмтэй холбоотой хүсэлтүүдийг хэлэлцэж хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн өдөр) хийлгэсэн нь мөн Улсын Дээд шүүхийн цахим хуудаст тавигджээ.

Хоёр. Хууль бус бүртгэлд үндэслэн сонгуульд оролцож УИХ-ын гишүүнээр сонгогдсон, Үндэсний аюулгүй байдлын тогтолцоонд нэвтрэн орсон талаар:

Т. Доржханд нар Б. Найдалааг ХҮН намын даргаар сонгож батлах тухай №03 дугаар хурлын тогтоол гэх хуурамч баримтыг 2017 оны 05 дугаар сарын 24-ны өдөр үйлдэж, өөрсдийн үүсгэсэн Намын төв хорооны гишүүдийн нэрийг ашиглан улс төрийн намын удирдлагыг хууль бусаар авсныхаа дараагаар УИХ-ын болон орон нутгийн сонгуульд оролцсон үйл ажиллагаа нь бусад иргэд, улс төрийн хүчин ардчилсан ёсоор сонгуульд шударгаар өрсөлдөн сонгогдох эрхийг нь бүдүүлгээр зөрчиж, хууль бусаар санал хуваасан төдийгүй:

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлд заасан “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй;
 
Ингэхдээ, дээр дурдсанчлан хуурамч баримт бичиг үйлдэн ашигласан байдал нь мөн гэмт хэргийн шинжтэй гэж үзэх хангалттай үндэслэл, баримт тогтоогдсон;
 
Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд Үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцооны бүтэц (6.1.Үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоо нь Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, түүний тэргүүлсэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газар, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй төрийн байгууллага, орон нутгийн өөрөө удирдах байгууллага болон холбогдох албан тушаалтнаас бүрдэнэ.) бүрэлдэхүүнийг заасан. ХҮН намын удирдлагыг гэмт хэрэг үйлдэж, хууль бус арга замаар олж авсан байж болзошгүй асуудал, түүнчлэн намын удирдлагыг хууль бусаар авах замаар үндэсний аюулгүй байдлын тогтолцоонд – УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн өөрөө удирдах байгууллагад – сонгуулиар дамжин нэвтэрч, хяналт, удирдлага хэрэгжүүлэх нөхцөл байдал зэрэг нь нийгэм, төрийн байгууллын аюулгүй байдалд нэгэнт учирсан ноцтой, бодит аюул заналхийлэл болсон тул Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээрх асуудлаар нэн даруй хуралдаж зөвлөлдөх, нөхцөл байдлыг үнэлж дүгнэх, хуульд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор үүсчээ.

Цаашилбал, Монгол Улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, төрийн тэргүүн, Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд ч мөн адил улс төрийн намын удирдлагыг хууль бус аргаар, хуурамч баримт бичиг үйлдэн ашиглах замаар олж авсан бүлэг этгээдүүд өрсөлдөгч нэр дэвшүүлэх нь улс төрийн тогтворгүй байдлыг бий болгож цаашилбал улс оронд бослого, үймээн, олон нийтийг хамарсан эсэргүүцэл, мөргөлдөөн үүсэх эрсдэлийг нөхцөлдүүлсэн байна.

Гурав. Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим улс төрийн намын бүртгэлийг хөтлөх явуулж буй үйл ажиллагаа

ХҮН намын даргаар хууль ёсоор бүртгэгдсэн байсан С. Боргил дээрх нөхцөл байдлыг тухайн үед тодорхой дурдаж, Улсын Дээд шүүхэд хандан өргөдөл гаргаж байсан боловч түүний өргөдөлд дурдсан дөрвөн үндэслэлийг бүрэн дүүрэн судалж нягтлахгүйгээр, түүнчлэн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр, Б. Найдалааг дээрх “…2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Намын төв хорооны хурлын тогтоолууд, хуралдааны тэмдэглэл, гишүүдийн ирц зэрэг холбогдох бусад баримтыг үндэслэн” бүртгэсэн гэсэн хариуг шүүгч Х. Эрдэнэсувд №3/2450 дугаар албан бичгээр өгсөн.

Улсын Дээд шүүх ямар тохиолдолд дотоод маргаантай асуудлаа шийдвэрлэснийх нь дараа бүртгэлийг хийх шаардлага тавьж, ямар тохиолдолд энэхүү шаардлага нь бүрэн хэрэгжиж үйлчлэхгүй байгаа нь тунгалаг бус, намуудын гишүүд, удирдлагад байгаа хүмүүст харилцан адилгүй байдлаар алагчлан хандаж буй мэт эргэлзээ, хардлага төрүүлэхээр байгаа тул улс төрийн намын бүртгэлийг хөтлөх үйл ажиллагааг цаашид илүү тунгалаг тодорхой, ил тод, зохицуулалттай болгох чиглэлд бодлогын түвшинд анхаарч ажиллах, шаардагдах зөвлөмжийг гаргаж өгөхийг хүсье.

Дөрөв. Тагнуулын ерөнхий газрын дарга УИХ-ын гишүүн Т. Доржхандад 2020 оны орон нутгийн ээлжит сонгуулийн үеэр эрх мэдлээ хэтрүүлэн дэмжлэг үзүүлсэн эсэх асуудал:

Тагнуулын ерөнхий газрын дарга УИХ-ын гишүүн Т. Доржхандад хандан 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ХҮН намын тамганы асуудлаар хариу хүргүүлсэн албан бичгийн хууль зүй, улс төрийн үр дагавар нь онцгой анхаарал татсан.

ХЗДХС-ын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/216 тушаалын хавсралтаар батлагдсан “Тамга, тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох журам”-д зааснаар тамга тэмдгийн лавлагаа мэдээлэл гаргаж өгөх ажил, чиг үүрэг нь улсын бүртгэлийн байгууллагын эрх хэмжээ байхаар тусгайлан зохицуулсан байхад, Тагнуулын ерөнхий газрын дарга уг үүргийг гүйцэтгэж УИХ-ын гишүүн Т. Доржхандад хариу өгснийг шууд үндэслэл болгон Нийслэл дэх Захиргааны хэргийн хэргийн шүүхийн шүүгч А. Насандэлгэр ХҮН-ын нэр дэвшигчдийг орон нутгийн сонгуульд оролцуулахаар бүртгэсэн Нийслэлийн сонгуулийн хорооны шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсэн захирамжаа өөрөө дахин хянаж, илт үндэслэл муутай болсон хэмээн үзэж сонгуульд оролцуулах бололцоог олгосон. 

Энэ утгаараа, Тагнуулын ерөнхий газрын дарга өөрийн эрх хэмжээ, чиг үүрэгт хамаарахгүй асуудал болох тамга, тэмдгийн талаар лавлагаа, мэдээллийг гаргаж өгөх замаар ХҮН-ын хууль бус удирдлагад улс төрийн дэмжлэг үзүүлсэн, давуу байдал олгосон, эрх мэдлээ хэтрүүлсэн эсэх асуудал хардлага, сэрдлэг бий болгож байна. Зүй нь, тагнуулын байгууллага ХҮН-ын хууль бус удирдлагын явуулж буй, дээр дурдсан аливаа асуудлаар хамгийн сэрэмжтэй хандаж, үндэсний аюулгүй байдлын тогтолцоонд хуурамч баримт бичиг үйлдэн ашиглах замаар нэвтэрсэн улс төрийн тоглогчдын үйл ажиллагаа, аюул заналыг хянан хамгаалах үүргийг хэрэгжүүлэх ёстой билээ. /Тагнуулын ерөнхий газрын дарга асан Д. Гэрэл нь Т. Доржхандтай нэгдмэл сонирхолтой компанид зөвлөгөө өгч байсан, мөн ХҮН намын хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан зэрэг хувийн холбоо харилцаатай гэх албан бус мэдээллээс үүдэж тухайн байгууллага дахь түүний шахалт, нөлөөлөлд хэрэгжсэн байж болзошгүй гэх хардлага бий./

ХҮРГҮҮЛЖ БУЙ ШААРДЛАГА
 

Дээрх хууль бус үйлдлээс үүдэн гарах нийгэм, улс төрийн эрсдэл бүхий нөхцөл байдлыг нэн даруй судлан үзэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлэх;
 
Хууль бус үйл ажиллагааг хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулах;

Улсын Дээд шүүхэд хуурамч баримт бичиг ашиглан бүртгэл хийлгэсэн Б.Найдалаа, Т. Доржханд тэргүүтэй хүмүүсийн бүртгэлийг цуцлах, цаашид улс төрийн намын бүртгэл хөтлөх үйл ажиллагааг сайжруулах талаар зөвлөмж гаргах, хуульд заасан бусад арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиглэлд анхаарал хандуулах;

Үндэсний аюулгүй байдлын тогтолцоо (УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн өөрөө удирдах байгууллага)-нд хууль бус аргаар, хуурамч баримт бичиг үйлдэн ашиглах замаар нэвтрэн орох, нийгэм-төрийн байгууллын аюулгүй байдлыг бусниулах аюулаас урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

Хүний эрх, эрх чөлөө, ардчилал, хууль дээдлэх ёс, үндсэн хуульт ёсыг сахиулах баталгааг хангах, улс төрийн намын тухай хуулийг биелүүлэх

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ