...
...

ӨМГӨӨЛӨГЧ: Хэрэг гарахад байсан бүх хүнээс МЭДҮҮЛЭГ авсан

Идэр есийн хүйтэн эхэлсэн гэдгийг мэдрүүлэх жавар тачигнасан  өвлийн өдөр (2021.12.23).

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлын хашааг тойроод цагдаагийн хамгаалалт гарчээ. Өдрийн 13 цагаас эхлээд хүмүүсийн хөл хөдөлгөөн нэмэгдсээр 14 цагийн үед шүүхийн гадаа хэвлэл мэдээллийнхэн, цагдаа нарын бөөгнөрөл үүсэв.

Учир нь тус шүүхийн Эрүүгийн хэргийн В танхимд 14 цагаас олимпын аварга Н.Түвшинбаяр Улсын начин Э.Энхбатыг хэрцгийгээр зодож, гэмтээсэн дуулиант хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг эхлэх гэж буй болохоор тэр.

Хэрэгт холбогдсон цагаасаа хойш олны нүдэнд өдийг хүртэл өртөөгүй Н.Түвшинбаяр ШШГЕГ-ын Хорих 461 дүгээр ангиас ачигдаж ирэх тэр агшныг дурандаа буулгах гэсэн зураглаач, зурагчид шүүхийн ойр орчмыг “бүсэлжээ”. Харин тус хэрэгтэй холбоотой мэдээлэл авахыг хүссэн сэтгүүлч нарыг шүүхийн хаалгаар цухуйхыг ч зөвшөөрөхгүй байсан ба хамгаалалтад гарсан цагдаа нар бүх хаалгыг нь сахиж байв.

О.САНЧИРБАЛ: ХОХИРОГЧ Э.ЭНХБАТ ЭХ ОРОНДОО ЭМЧЛҮҮЛЖ БАЙГАА

Ийнхүү шүүхийн шийдвэр хэрхэн гарахыг хүлээсэн хэвлэл мэдээллийнхэн бүтэн гурван цаг гаруйн хугацаанд хүлээсний эцэст хохирогч Э.Энхбатын өмгөөлөгч О.Санчирбал шүүхийн гадаа гарч ирсэн юм.  Түүнээс дараах тодруулгыг авлаа.

-Таны үйлчлүүлэгч Э.Энхбатын биеийн байдал ямар байгаа вэ?

-Хохирогч энэ сарын 18-нд Монгол Улсдаа ирсэн. Эмнэлэгт эмчлүүлж байгаа. Олон нийтийн дунд  “Нас барсан” гэх ташаа мэдээлэл тархсан. Тийм зүйл байхгүй. Үүнийг албан ёсоор мэдэгдэж байна.

-Өнөөдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нь хийгдлээ. Ямар шийдвэр гарав?

-Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс зохих хэмжээний мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэх хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийг шүүх хүлээж авч, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэрийг гаргалаа.

-Нэмэлт мөрдөн байцаалтад буцаана гэхээр?

-Прокурорын шатны мөрдөн байцаалтад шилжүүлсэн гэсэн үг.

-Хэргийн газар хэд, хэдэн хүн байсан гэдэг. Хэрэгтэй холбогдуулан хэчнээн хүнийг шалгаж байгаа вэ?

-Нэг л шүүгдэгч байгаа. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Үүнтэй холбоотойгоор хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс тэдэн хүн байсан, тэгж оролцсон гэх зэрэг асуудлаар ярих боломжгүй.

-Шүүгдэгч Н.Түвшинбаярыг цагдан хорих газар хэдий хэр хугацаанд, хаана хорьж байгаа вэ?

-Хэргийг прокурорт буцтал цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нь үргэлжлүүлсэн.

-Одоо хэрэг нь прокурорын нэмэлт мөрдөн байцаалтад буцчихлаа. Тэгэхээр үргэлжлүүлэн хоригдох уу?

-Ямартаа ч прокурорт хэрэг нь буцчихсан болохоор талуудын хүсэлтэд дурдсан ажиллагаа хийгдэнэ.

-Хохирогчийн талаас шүүхэд хэчнээн хүсэлт гаргасан байгаа вэ?

-Тэрийг нарийвчлан хэлэх боломжгүй. Учир нь энэ тухай мэдээлэл нь өөрөө мөрдөн шалгах  ажиллагаатай холбоотой учраас урьдчилж ярих боломжгүй.

-Дараагийн шүүх хурал хэзээ товлогдох бол. Танд багцаа байна уу?

-Тэрийг урьдчилж хэлэх боломжгүй. Мөрдөн шалгалтын хугацаа хэр үргэлжлэхийг нь хэлж мэдэхгүй гэв.


Л.ДАНЗАННОРОВ: Н.ТҮВШИНБАЯР ОДООГООР ГУРВАН ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРЛЫГ ТӨЛӨӨД БАЙНА

Шүүгдэгч Н.Түвшинбаярын өмгөөлөгч Л.Данзанноровоос тодруулга авлаа.

-Таны үйлчлүүлэгч Н.Түвшинбаярт холбогдох хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцчихлаа. Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэсэн үг үү?

-Н.Түвшинбаярын тухайд бол гэм, буруу дээрээ маргаад байгаа зүйл байхгүй. Гарсан хохирлыг тодорхой хэмжээнд төлж байгаа. Нийтдээ гурван тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн. Мэдээж төлж л таарна. Цаашдаа ч гэсэн гарах хохирлуудыг төлөх ёстой. Үүнийгээ маш сайн ойлгон ухамсарлаж байгаа. Мөн маш их гэмшиж байгаа.

-Одоо түүнийг үргэлжлүүлэн хорих уу?

-Сая хэргийг хянан хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагатай гэсэн шийдвэрийг шүүхээс гаргалаа. Хэрэг нь прокурорт буцлаа. Тийм л байдалтай байна.

-Өөрөө  хэргээ хүлээсэн гэж ойлгож болох уу?

-Тийм. Гэм буруутай эсэх дээрээ бол огт маргахгүй байгаа. Хамгийн гол нь хохирогчийн эрүүл мэндийн байдалд маш их санаа зовж байгаа. Хэвлэл мэдээллийн байгууллагаар “Хохирол төлөхгүй байгаа. Шүүхийн шийдвэр гарсны дараа төлнө” гэх зэргийн ташаа мэдээлэл гарч байгаа. Энэ бол худлаа. Одоогоор гарч байгаа бүх хохирлыг явцын дунд нь төлсөөр байна. Мэдээж харамсалтай хэрэг гарсан. Энэ хэргийн талаар бодитой мэдээллийг манай хэвлэлийнхэн түгээхгүй бол  буруу ойлголт өгөхөөр маш их мэдээлэл гарч байна. Зарим талаар хэний ч хүсээгүй үр дүн буюу “Нас барчихсан” мэтээр бичиж байгаа нь харамсалтай. Тийм болохоор эх сурвалжаа маш сайн нягталж, мэдээллийг гаргах хэрэгтэй.

-Хэрэг гарах үед олон хүн хамт байсан гэдэг. Энэ талаар?

-Тэр тухай мэдээлэл хэрэг хянан шийдвэрлэх, мөрдөн байцаалттай холбоотой болохоор дэлгэрэнгүй ярих нь зохисгүй.

-Булган аймгийн Засаг даргаас эхлээд хэрэг гардаг өдөр олон хүн хамт байсан гэж яригддаг. Тэр хүмүүсээс нь байцаалт авсан болов уу?

-Ер нь тэнд байсан хүн бүрээс мэдүүлэг авсан байдаг. Шалгах ажиллагааг нь бүх талаас нь хийсэн. Гэхдээ нэмэлтээр шалгах шаардлага байгаа гэдгийг шүүх тогтоож, нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргалаа гэв.

Шүүгдэгч болон хохирогчдын өмгөөлөгчдийн өгсөн мэдээлэл ийм байна. Өчигдөр болсон шүүх хурлын бүрэлдэхүүнд хоёр талын өмгөөлөгчдөөс гадна шүүгч Д.Доржсүрэн, шүүгдэгч Н.Түвшинбаяр, улсын яллагч Б.Хурц нар оролцсон юм.

Цагтаа олимпын аварга болж явсан эрхэм эдүгээ эрүүгийн гэмт хэрэгтэн болж, монгол түмний хайртай  начин эмнэлэгт энэлэн шаналж байгаа энэ уйтай явдлын шүүх хурлын эргэн тойрон дэндүү хүйтэн байлаа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ