...
...

МУИС JCI импакт салбар байгууллагатай хамтарч дээд боловсролын сургалтад интерншип тогтолцоог нэвтрүүллээ

Монгол Улсын Их сургууль JCI байгууллагатай хамтран ажиллах санамж бичгийг өнөөдөр байгууллаа. Санамж  бичиг байгуулах ёслолд МУИС-ийн оюутны хөгжил, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Док,Проф О.Мөнхбат, JCI импакт салбар байгууллагын ерөнхийлөгч Док, Проф Ч.Ундрам нар оролцлоо.

Хамтран ажиллах санамж  бичгийг байгуулснаар сургалт, бизнес, аж үйлдвэрийн байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, сургалт үйлдвэрлэлийн үр өгөөжтэй түншлэл, уялдаа холбоог дэмжих цаашлаад дээд боловсролын сургалтад интерншип тогтолцоог нэвтрүүлэх юм.

 

 

Улмаар интерншипт хамрагдсан оюутнаар дамжуулан шинжлэх ухаан, технологийн  ололт амжилтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх “багш, судлаач-оюутан-үйлдвэрлэгч” гэсэн гурван талт харилцааг бүрдүүлнэ гэдгийг төслийг санаачлагчид үзэж байна. 

 

 

Энэ талаар МУИС-ийн оюутны хөгжил, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Док,Проф О.Мөнхбат:  

Байгалийн ухаан, инженерчлэлийн сургалтад интерншип тогтолцоог нэвтрүүлснээр танхимийн сургалтаар олж авсан оюутны мэдлэг, ур чадварыг бэхжүүлэх замаар сургалт, практикийн уялдаа холбоог сайжруулахад тус төслийн гол зорилго оршиж байгаа юм. Түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээнд гарч буй инноваци, шинэ технологийг судлан, өөрийн эрдэм шинжилгээ судалгааны ажилдаа хэрэглэх боломж нэмэгдэнэ. Мөн оюутан суралцагчдын хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх боломж өсөх зэрэг олон ач холбогдолтой тус төслийг JCI импакт салбартай хамтран хэрэгжүүлж байгаадаа баяртай байна. Зах зээлд ажил олгогчдын зүгээс манай сургуулийн оюутнуудыг онолын мэдлэг хангалттай сайн байгаа хэдий ч түүнийгээ практикт төдийлөн ашиглаж чадахгүй байна гэдэг шүүмж байдаг. Бид ч гэсэн үүнтэй санал нэг байна. 

Нөгөө талаас ажил олгогчид тухайн дадлагын оюутныг мэргэжлийнх нь дагуу удирдамжаар дадлага хийлгэх нь ховор, жишээ нь санхүүгийн чиглэлийн оюутан ирвэл санхүүгийн баримт материал цэгцлүүлж үдэх, зэрэг гарын үзүүрийн ажлаа хийлгүүлдэг. Өөрөөр хэлбэл тухайн байгууллага дадлагын оюутныг боломж гэж харахгүй байна. Энэ нь улмаар тухайн оюутны сэтгэхүйд сөрөг нөлөөлөл үзүүлдэг. Тэгвэл интерншип тогтолцоог нэвтрүүлснээр дээрх байдал өөрчлөгдөж оюутан мэргэшиж чадавхжна, хөдөлмөрийн зах зээлд амжилттай оролцох боломжийг нэмэгдүүлнэ гэдэгт итгэж байна. 

 

 

JCI импакт салбар байгууллагын ерөнхийлөгч Док, Проф Ч.Ундрам: 

Юуны өмнө Монголын боловсролын салбарын олон жилийн түүхтэй МУИС-тай интерншип тогтолцоог  нэвтрүүлэх төсөлд санамж бичиг байгуулж байгаадаа баяртай байна. Манай байгууллагын зорилго болох нийгэмд эерэг нөлөөлөл үзүүлэхээс гадна эерэг төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх явдал юм. Үүнийгээ бид төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагаагаар хэрэгжүүлдэг байгаа.

Интерншип төсөл маань ялангуяа байгалийн ухаан, инженерчлэлийн чиглэлээр суралцдаг оюутнууд руу илүүтэй чиглэгдэнэ. Яагаад гэвэл энэ чиглэлээр суралцдаг оюутнуудад ажил байр хомс байдаг. Тиймээс интерншип хамрагдсан оюутнаар дамжуулан шинжлэх ухаан, технологийн ололт амжилтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх шинэ сувгийг төлөвшүүлэх, түүний үр шимийг үйлдвэрлэл эрхлэгчид хүртэх боломжийг бүрэлдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг дэмжин хэрэгжүүлэхэд чиглэгдэх юм. Оюутан үйлдвэрийн орчинд л өсөж бойжиж, чадварлаг мэргэжилтэн болоход бэлтгэгддэг. Тиймээс цаашид манай JCI импакт бусад Их, дээд сургуулиудад ч мөн адил  интерншип тогтолцоог нэвтрүүлэх зорилго тавьж ажиллаж байна. JCI монгол дахь салбарын байгууллагад 800 гаруй бизнес эрхлэгчид байдаг. Тэдний тодорхой хувь нь үйлдвэрлэл эрхэлдэг. Иймээс төслийг хэрэгжүүлэхэд эхний удаад дотоод нөөц бололцоогоо ашиглаж улмаар харилцан холбоогоо гадагш тэлнэ.  

 

 

МУИС-ийн “Оюутны Холбоо, Оюутан Конгресс”-ийн тэргүүн Б.Хосбаатар:

Интерншип тогтолцоог нэвтрүүлснээр оюутан бидэнд маш чухал төсөл болохыг ойлгож авлаа. Төгсөөд ажлын байр олдох болов уу гэдэг асуудал оюутан бидний толгойны өвчин шүү дээ. Тэгвэл үүнийг шийдвэрлэх үүднээс  манай сургууль JCI байгууллагатай хамтран  Монголд анх удаа  интерншип тогтолцоог  нэвтрүүлэх гэж байгаад нийт оюутнуудынхаа өмнөөс баяртай байна. МУИС-ын оюутнууд онолын мэдлэг хангалттай хэдий ч практик мэдлэг дутагдалтай байдаг. Үүнийг тэнцвэржүүлж чадвал манай сургуулийн оюутнууд Монгол Улсынхаа хөгжил дэвшилд  нөлөөлөхүйц боловсон хүчин болно гэдэгт итгэлтэй байна. 

 

 

 

 

 

 

 

Б.Алтжин

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ