...
...

МУИС: Олон Улсын болон улсын олимпиадад байр эзэлсэн бол шууд ЭЛСҮҮЛНЭ

Энэ сарын 18-нд сурагчид ЭЕШ-аа өгч дууссан билээ. Тэгвэл МУИС ирэх хичээлийн жилд оюутан элсүүлэх журмаа гаргажээ. Тус сургуульд элсэхийг хүссэн иргэдийг орон даяар http://burtgel.num.edu.mn хаягаар зургаадугаар сарын 20-ноос долоодугаар сарын 03-ны өдрийн 12.00 цаг хүртэл бүртгэхээр болсон байна.

Бүртгэл хааснаас хойш нэг өдрийн дараа элсэлтийн системд бүртгүүлэгчийн ЭЕШ-ын дүнг "Боловсролын үнэлгээний төв"-өөс татан авч бүртгүүлсэн иргэдийг шалгалтын оноогоор эрэмбэлэх юм.

Оноо тэнцсэн тохиолдолд ЭЕШ-ын даалгавар гүйцэтгэлийн хувийг тооцон байр эзлүүлэх ба гүйцэтгэлийн оноо тэнцсэн бол ерөнхий боловсролын гэрчилгээний дундаж оноог харгалзах юм байна. Бүртгүүлсэн хүн онооны жагсаалт гарсны дараа дахин цахим хуудсанд нэвтэрч хяналтын тоонд багтсан эсэхээ шалгах бөгөөд хяналтын тоонд багтаж элсэх эрхтэй болсноос хойш 24 цагийн дотор баталгаажуулах аж.

Заасан хугацаанд баталгаажуулаагүй бол элсэхээс татгалзсан хэмээн үзэж, эрх дараагийн хүнд шилжихийг сануулсан байна.

МУИС-д элсэх эрх олгох үйл ажиллагааг долоодугаар сарын 04-ний 12.00 цагаас долоодугаар сарын 10-ны өдрийн 15.00 цаг хүртэл явуулах аж. Нэг хүн хэд хэдэн бүрэлдэхүүн сургуулийн хяналтын тоонд багтаж болох ч тэдгээрээс зөвхөн нэг сургуулийг сонгох юм. БСШУСЯ-наас тогтоосон олон улсын болон улсын олимпиадад оролцож, 1-6 дугаар байр эзэлсэн бол ЭЕШ-ын босго оноог хангасан төгсөгчийг олимпиадад байр эзэлсэн батламж, дипломд нь үндэслэн шууд элсүүлэхээр журамлажээ.

Б.Баргужин

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ