...
...

“ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР, ДИПЛОМ, ЭРДМИЙН ЗЭРГИЙГ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ” ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.


“Дээд боловсролын сургалтын хөтөлбөр, диплом, эрдмийн зэргийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Куба Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурах арга хэмжээ өнөөдөр /2017.06.22/ БСШУСЯ-ны Соёмбо танхимд боллоо. Арга хэмжээнд БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, БСШУСЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Л.Цэдэвсүрэн, Дээд боловсролын хэлтсийн дарга Т.Амаржаргалан, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Э.Энх-Амгалан нар байлцав. 

Хэлэлцээрт Монголын талыг төлөөлж БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, Кубын талыг төлөөлж Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Раул Делгадо Консепсион нар гарын үсэг зурсан юм.

Манай улс БНКУ-тай боловсролын салбарт олон жилийн уламжлалт хамтын ажиллагаатай. Энэ хүрээнд Кубын Засгийн газрын тэтгэлгээр анагаах ухаан, аж үйлдвэрлэл, биеийн тамирын чиглэлээр 1994 оноос хойш нийт 140 гаруй монгол оюутан суралцсан байдаг.

Тус хэлэлцээрийн зорилго нь Монгол, Кубын боловсролын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хоёр улсын их, дээд сургуулиудад харилцан суралцсан иргэдийн боловсролын баримт бичиг, эрдмийн зэргийг харилцан хүлээн зөвшөөрөхөд оршино.

Дээд боловсролын сургалтын хөтөлбөр, диплом, эрдмийн зэргийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээрийг байгуулснаар хоёр тал ерөнхий боловсролын гэрчилгээ, тусгай мэргэжлийн дунд сургууль, дээд боловсролын сургуулиас олгосон үнэмлэх, диплом, эрдмийн зэргийг харилцан хүлээн зөвшөөрөх юм. Мөн тухайн гэрчилгээ, дипломыг эзэмшигч Монгол Улсын иргэн БНКУ-д, БНКУ-ын иргэн Монгол Улсад үнэмлэх, гэрчилгээнд заасан мэргэжлийн дагуу мэргэжил дээшлүүлэх, үргэлжлэн суралцах, эрдмийн зэрэг хамгаалах эрхтэй болно.

Манай улс дөрвөн улстай /ОХУ, БНХАУ, Турк, Австри/ боловсролын баримт бичгийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээрийг байгуулсан байдаг. Одоогийн байдлаар Чех, Казахстан улстай  боловсролын баримт бичгийг хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээрийг байгуулах чиглэлээр ажиллаж байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ