Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Г.Чулуунбаатар, Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Раул Делгадо Консепсион нар 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр “Дээд боловсролын сургалтын хөтөлбөр, диплом, эрдмийн зэргийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Куба Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурав.
Хэлэлцээрийг байгуулснаар хоёр тал ерөнхий боловсролын болон тусгай мэргэжлийн дунд сургууль, сургалтын гэрчилгээ, дээд боловсролын байгууллагаас олгосон үнэмлэх, диплом, эрдмийн зэргийг харилцан хүлээн зөвшөөрөх бөгөөд тухайн гэрчилгээ, дипломыг эзэмшигч хоёр улсын иргэд үнэмлэх, гэрчилгээнд заасан мэргэжлийн дагуу мэргэжил дээшлүүлэх, үргэлжлүүлэн суралцах, эрдмийн зэрэг хамгаалах эрхтэй болж байгаа юм.
Боловсролын салбар манай хоёр орны хамтын ажиллагаанд чухал байр суурь эзэлдэг. Кубын Засгийн газар 1960-аад оноос эхлэн манай оюутнуудад тэтгэлэг олгож ирсэн бөгөөд 1994 оноос хойш манай 140 гаруй оюутан айлын талын тэтгэлгээр суралцсан байна. Кубад суралцдаг манай оюутнууд анагаах ухаанаас гадна аж үйлдвэр, биеийн тамир, нийгмийн ухааны чиглэлээр суралцдаг.
Манай улс 2017 oнд Кубын хоёр оюутныг Монголд тэтгэлгээр суралцуулахаар болсон бөгөөд МУИС, Гаванагийн Их сургуулийн хооронд хамтын ажиллагааны баримт бичиг байгуулан ажиллаж байна.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250