Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд "мунзуй" хочит Г.Нямдорж нарт холбогдох хэргийн шүүх хурал болж өндөрлөлөө. Шүүх хуралдаанаас Ч.Нямдаваа, М.Дондовсамбуу, Б.Баяржаргал, О.Баттуяа, С.Сандуйжав нарын таван хүнийг гэм буруугүй гэж үзэн цагаатгаж, Г.Нямдорж, С.Мөнхбат нарыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Тодруулбал, С.Мөнхбат, Г.Нямдорж нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.6.1-д заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж, С.Мөнхбатад дөрвөн жил, Г.Нямдоржид гурван жил нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэргийг эргэн сануулбал, Г.Нямдорж нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, гуравдугаар хороололд байрладаг "Rich Hill" зочид буудалд бусдыг барьцаалан мөнгө нэхэн, дээрэмдсэн төдийгүй бэлгийн дур хүслээ ёс бусаар хангахыг завдсан гэх үндэслэлээр саатуулагдсан юм.
Прокуророос Г.Нямдоржийг өнгөрсөн оны аравдугаар сарын 20-нд суллаж, батлан даалтад гаргасан хэдий ч найм хоногийн дараа буюу аравдугаар сарын 28-ны өдөр зүсээ хувирган Сэлэнгэ аймгийн хилээр ОХУ руу хил давах гэж байгаад Эрүүгийн цагдаагийн алба хаагчдад баривчлагдсан билээ.
Б.Хулан
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250