Монгол Улсын Их сургууль 75 жилийн ойн хүрээндээ олон улсын стандартад нийцсэн шинэ номын санг ашиглалтад орууллаа. Тус номын сангийн нээлт өнөөдөр боллоо. Номын сангийн нээлтийн ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд Г.Чулуунбаатар, МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Я.Төмөрбаатар нар оролцож үг хэлсэн юм.
Номын сан нь уншлагын долоон танхимтай, олон улсын стандартад нийцсэн тоноглол, амралтын өрөө зэрэг бүх зүйлийг нэг дор цогцлоосноороо онцлог юм. Номын сан ашиглалтад орж дижитал номын сантай болох, номын санд зургийн үзэсгэлэн, номын нээлт, эрдэм шинжилгээний уншлага хийх, зохион байгуулах бусад салбаруудтай хамтран эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэх зэрэг олон талт үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой болж буй юм. МУИС-ийн оюутан төдийгүй нийслэлийн иргэд ном соёлоор үйлчлүүлэх боломж бүрджээ. Номын сангийн I-IV давхрын баруун жигүүрт уншлагын танхим, зүүн жигүүрт хичээлийн танхим, V, VI давхрыг лабораторийн зориулалтаар барьжээ. Зарим оюутны хувьд номын санд хонож хичээлээ хийх, шалгалтад бэлтгэх шаардлага гардаг. Тиймээс номын сангийнхаа нэг танхимыг 24 цагийн үйлчилгээтэй болгох юм байна.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250