...
...

Хотын түгжрээг хол хаясан, Тавантолгойгоос цааших гацаа

Тавантолгойн ордоос нүүрс ачин урд хилээр гарахын тулд замдаа бүтэн сарын гуравны нэгийг баран хээр хонож, амьдралаа залгуулж буй жолооч нарын эрх зөрчигдсөөр.

Гашуунсухайт-Ганц модтын хилийн боомтоор гарах тэдний цуваа 250 гаруй км үргэлжилж буй тухай өдөр бүр ярьсаар...  

Барагцаагаар хоёр сарын турш “бөглөрсөн” тэр цуваа хэзээ дундрах нь одоогоор тодорхойгүй хэвээр. Түүнээс өмнө мэдээж, энэ цуваа толгой сүүл нь харагдахаар багцаанд үргэлжилж, жолооч нар ч бухимдалгүй байв. Одоогоос жил гаруйн өмнө Шадар сайд асан У.Хүрэлсүх “Эрдэнэс-Таван толгой”-н ажилтай танилцахаар очоод нэгэн том асуудал шийдсэн нь цагаан дээр хараар бичигдэн үлджээ. Тэрбээр тухайн үед шороон замаар нүүрс тээвэрлэн Өмнөговийн нэгээхэн хэсгийг битүү тоосоор хучдаг байсан явдлыг болиулах арга хэмжээг авсан юм. Харин тэр үйл явдлаас хойш нүүрс тээвэрлэлтийн үйл явц хэл үггүй амар жимэр үргэлжлэв. Харин ч төсвийн орлого нэмэгдсэн тухай “сайхан” мэдээгээ мэргэжлийн Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбат бахдалтайгаар түгээсэн. Шадар сайдынхаа гавьяаг тэр үүрч, өөрөө “Үндэсний баатар”-ын дүрээр индэрээс бууж харагдсан. “Энержи Ресурс” компани 240 км хатуу хучилттай зам барьсанаа “Эрдэнэс МГЛ” компанид 2011 онд худалдан хүлээлгэж өгсөн байна. Уг замаар нүүрс тээвэрлэх компаниуд нэг тонн нүүрс тутамд 1 ам доллар төлөхөөр гэрээ хийжээ. 100 гаруй компаний 6000 орчим хүнд даацын машин хоёр чиглэлд “урсана” гэсэн үг. Харин У.Хүрэлсүх тэр замаар нүүрс тээвэрлэх боломжийг шийдвэрлэж өгсөн байна. Үүний хүчинд Монгол улсад нүүрс тээвэрлэлтээс мөнгө цутган орж ирж, “сэхээний тасгаас энгийн тасагт” шилжсэн байна. Нүүрсний үнэ ч бас өссөн нь эдийн засагт гол нөлөө үзүүлсэн л дээ.

Гэгээн цагаан өдрийн гэнэтийн шийдвэрийн өмнөтгөл

 Энэ оны наймдугаар сарын 17-ны өдөр Засгийн газар гэнэтийн шийдвэр гарган хилээр гарч орох хүнд даацын автомашинуудад квот тогтоосон нь дээрх түгжрэлийг бий болгожээ. Өөрөөр хэлбэл Монголд орж ирэх мөнгөний урсгалыг боосон байна. Энэ үед мэдээж Шадар сайд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг албан ёсоор хүссэн байв.  Нүүрсний компаниуд, ачааны машины жолооч нарын амьдрах нөхцөл байдлын өмнө Төр дураараа хаалт тавьжээ. Шалтгаан нь энгийн. “Авто машины орох гарах тоо их байгаа нь хилээр ямар нэг хориотой бараа зөөвөрлөх явдал ихсэж байна” гэсэн утгатай.  Тухайн үед 2017 онд тээвэрлэх нүүрснийхээ 50 гаруй хувийг хангаад байж. Түүнээс хойш нүүрс тээвэрлэлт “мөлхөө” урсгалаар, зам төөлсөн байдлаар урагшилсан. Харин У.Хүрэлсүхийн Ерөнхий сайдаар ажиллах нь нэгэнт тодорхой болсон энэ үед нэгэн сонирхолтой асуудал яригдаж эхлэв. Түүнийг Засгийн газраа байгуулах гэж, мөн Улс эх орныхоо өмнө тулгамдсан асуудлыг эмхлэхээр махарч байх хооронд, “Үүрэг гүйцэтгэгч мэргэжлийн Засгийн газар”-ын салбарын яам, агентлагийн зүгээс  албан бус шийдвэрийг гаргуулахаар мэрийж эхэлжээ.

     “Түгжилдэж”  түгжирлээс гарна гэнэ

Яагаад заавал Ерөнхий сайдынхаа араас нь “хутгалж” түгжирлийг багасгахаар болов!? Тэд уг нь өөрсдөө энэ түгжрэлийг бий болгосон баймаар. Гэтэл гэнэт ухаарсан дүрээр сонин хэвлэлийн нүүрэнд заларлаа. Өөрөөр хэлбэл тарьсан балагаа, цайруулж буй мэт хуурамч дүрийг нийгэмд таниулахаар оролдож байна. Тэдний “албан” мэдээ энэ.  “Тавантолгойн ордоос Гашуун сухайтын боомт хүртэл нүүрс тээвэрлэж буй автомашинууд хил гарахаар олон хоног хүлээж, урт дараалал үүсч буй юм. Энэ асуудлаар Зам, тээврийн хөгжлийн яам, Уул, уурхайн яам,  Гаалийн ерөнхий газар, Авто тээврийн үндэсний төв, Таван толгойн ордод олборлолтын үйл ажиллагаа явуулдаг компаниудын төлөөлөл уулзаж, уулзалтаас албан бус байдлаар нүүрс экспортлогч компаниудын экспортын тээвэрлэлтийг хязгаарлах, квот тогтоох асуудлыг ярилцлаа.  “Эрдэнэс-Таван толгой” компанийн жолооч нарт ийм хүндрэл үүсч буй тул тус компанийн Тэргүүн дэд захирал Б.Ганхуяг Гаалийн ерөнхий газрын дарга А.Асралтад хандан албан тоот илгээсэн байна. “Эрдэнэс-Таван толгой” ХК-д БНХАУ-ын хилээр нэвтэрсэн нийт тээврийн хэрэгслийн 45 хувийг 65 хувь болгон нэмэгдүүлэхийг хүсчээ”  Энгийн нүдээр харахад үнэхээр сайхан мэдээ. Харамсалтай нь үүний цаана олон ноцтой зүйл нуугдаж байгааг олж харах хэрэгтэй. Яагаад тэд Монголын  эдийн засагт хоёр сар гаруйн хугацаанд “бөглөрөл”  үүсгэчихээд, гэнэт түүнээсээ татгалзахаар шийдэв!!! Мөн үүний цаанаас нэг зүйл цухалзаад байгаа нь зөвхөн “Эрдэнэс-Тавантогой”-н жолооч нарын тоог нэмэх гээд буй нь сонин байгаа юм... Өнөөх орон нутгийн компаниудыг боох үйл ажиллагааг дэмжээд өгөөч ээ... гэсэн санаа биш гэж үү. Өөрөөр хэлбэл Өмнөговь аймгаас улсад төлдөг орлогыг багасгаад, хувийн өмчийн “Таван толгой” ХХК-г замаас зайлуулаад аль гэсэн л санаа. Хүний гараар могой бариулахаар шийдсэнээ ил цагаан хэлчихлээ... Одоо тэдний санааг хазаарлахгүй бол ч!!! 

Л.Ганзул

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • Хэнд ч саад болохгүй дор бүрнээ ажлаа хийгээд замаа зохицуулаад болоод явсан юмыг Эрдэнэс компаний эздийн эзэрхийлэл ийм байдалд хүргэсэн.Хятадын тал дугараагүй байхад квот тогтоох санал гаргасан тэнэгүүд наашаа ирвэл 5000 жолооч шанаа өгөхөд бэлэн байгааг уламжилъя.,

Онцлох мэдээ