Өнгөрсөн амралтын өдөр таван настай охиныг хойд аав нь хүчирхийлсэн хэрэг гарсан. Одоогийн байдлаар охиныг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын “Хүүхдийн тусламжийн утас -108” төвийн түр хамгаалах байранд хамгаалалтад авч, шаардлагатай арга хэмжээг хуулийн дагуу авч байна. Энэ талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын газрын дарга Ц.Алтанзаяагаас зарим зүйлийг тодрууллаа.
-“Хүүхдийн тусламжийн утас – 108” төвийн түр хамгаалах байранд таван настай охиныг хамгаалалтад авсан. Ер нь түр хамгаалах байрны журамд хохирогчийг хэдэн хоног байрлуулдаг вэ. Цаашид охиныг хамгаалах ямар арга хэмжээ авах вэ. Хамтарсан баг ажиллаж эхэлсэн үү?
-Тухайн дүүргийн хорооны хамтарсан багийн гишүүд хуралдаж, холбон зуучлах үйлчилгээ хийн охиныг эрүүл мэндийн байгууллагад шилжүүлсэн. Одоогийн байдлаар хүүхэд маань эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Түр хамгаалах байрны журмын дагуу хүчирхийлэлд өртсөн, эрсдэлт нөхцөлд байгаа , гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдийг 72 цаг хамгаалалтад авдаг. Гэхдээ тухайн хүүхдийн нөхцөл байдлаас шалтгаал мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн дагуу зургаан сар хүртэлх хугацаагаар түр хамгаалалтад авдаг. Тэгэхээр бид охиныг эмнэлгээс гарсаны дараа сэтгэлзүй болон нөхөн сэргээх эмчилгээг хийх ёстой. Шаардлагатай тохиолдолд асрамж халамжийн газарт шилжүүлнэ.
-Одоо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эхний ээлжинд биемахбодын эмчилгээ хийгдэж байгаа болов уу. Өөр ямар эмчилгээ хийж байна вэ?
-Эмнэлгийн байгууллагаас охиноос ерөнхий шинжилгээ авсан. Ерөнхий шинжилгээгээр хүүхэд маань хоол тэжээл болон витамины дутагдалд орсон нь тогтоогдсон. Мөн бөөр нь өвчилсөн байгаа. Тиймээс охинд шаардлагатай эмчилгээг хийж байна.
-Хамтарсан баг эрсдлийн үнэлгээ хийсэн гэсэн. Юу гэж тодорхойлсон вэ. Охиныг цаашид асрамжийн газарт өгнө гэж байна. Нагац эгчид нь өгөх боломжтой юу. Энэ талаар судалж үзсэн үү?
-Бид анх тухайн хүүхдийг түр хамгаалах байранд авахаар очихдоо нөхцөл байдлын үнэлгээ хийсэн. Өөрөөр хэлбэл, тухайн хүүхдийн амьдарч байсан орчин эрсдэлтэй гэж гарсан учир охиныг түр хамгаалалтад авах шаардлагатай болсон. Одоогийн байдлаар энэ хэрэг хуулийн байгууллагад шилжиж, эрүүгийн хэрэг үүсгэгдсэн байгаа. Хуулийн байгууллагын шийдвэрээс шалтгаалж хүүхдийн асран хамгаалагчийг тогтооно. Тухайн хүүхдийн төрөл садан нь асрамжлах боломжгүй байвал бид хүүхдийг төрийн хамгаалалтад авна.
Эх сурвалж: Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250