...
...

Хөрөнгийн зах зээлд МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН чиглэлийн анхдагч хувьцааны нээлт боллоо

Монголын хөрөнгийн зах зээлд мэдээлэл технологийн чиглэлээр гарч буй анхны хувьцааны анхдагч зах зээлийн нээлт өнөөдөр боллоо. Тус чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Айтүүлс" ХК хувьцаагаа олон нийтэд санал болгож байгаа юм.

Айтүүлс ХК нь 2011 онд үүсгэн байгуулагдсан ба компанийн үндсэн үйлчилгээ нь интернэтийн технологид суурилсан дата төвийн үйлчилгээ болон домэйн нэрийн бүртгэл, и-мэйл зэрэг 30 гаруй төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг.  

Айтүүлс ХК нь 2015 онд олон улсын TIER II стандартын шаардлагыг хангасан дата төвийг Улаанбаатар хотод байгуулан, амжилттай ажиллуулж, 2016 онд дата төвийнхээ хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлсэн байна. 

“Айтүүлс” ХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч А.Баттамир

"IPO гаргаж байгаа нэн тэргүүний ач холбогдол нь нэгдүгээрт манай компани төсөлдөө зориулсан хөрөнгө татах. Түүнээс гадна мэдээлэл технологийн салбарт дэд бүтцийг хангадаг хамгийн чухал үйлчилгээ болох дата өгөгдөл, компанийнхаа засаглалыг сайн засаглалаар удирдуулах нь чухал байна. 

Мэдээллийн технологийн салбарын Хөрөнгийн Биржээс босгож байгаа анхны хөрөнгө оруулалт, IPO амжилттай үргэлжлээд явбал олон мэдээллийн технологийн компаниуд хөрөнгийн зах зээлд орох боломжийг бий болгож бүрдэх юм" гэлээ. 

Айтүүлс ХК-ийн хувьцаа Монголын хөрөнгийн биржид ITLS кодоор бүртгэгдсэн ба нэгж хувьцааг 100 төгрөгөөр олон нийтэд санал болгож байгаа юм. MSE:ITLS-г худалдан авахын тулд иргэд хувьцааны данс нээлгэсэн байх шаардлагатай ба МХБ-ийн гишүүн 58 үнэт цаасны компаниар зуучлуулан авах боломжтой аж. 

Мөн анхдагч зах зээл дээрээс Айтүүлс ХК-ийн хувьцааг худалдан авах захиалгын хугацаа 11 дүгээр сарын 1-10-ний өдрийн хооронд байх ба захиалга авах хугацаа 2017 оны 11 дүгээр сарын 10-ны 13:00 цагт хаагдах юм.

Тус компани нь 2017 онд олон улсын TIER III стандартыг хангасан газар зүйн нөөц дата төвийн паркийг Дархан хотод байгуулахаар ажиллаж байна. Энэхүү нөөц дата төвийг барихад шаардлагатай 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгийг нийт хувьцааныхаа 38.86 хувийг олон нийтэд санал болгон босгох зорилготой аж.

Энэ удаагийн олон нийтээс татан төвлөрүүлэх хөрөнгөөр нэг контейнерэн дата төв, дата төвийн паркийн байнгын аюулгүй ажиллагаа, техникийн бүрэн бүтэн байдал, аливаа гамшиг, гадны халдлагаас хамгаалагдсан орчныг бүрдүүлэхийн тулд барих паркийн барилга, бусад дэд бүтэц, тоног төхөөрөмж, тавилгыг санхүүжүүлэх юм байна.

 

 

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ