Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч, асран хамгаалагч тогтоох дүгнэлт гаргаж буй мэргэжилтнүүд (шинжээчид)-ийг чадавжуулах сургалт өнөөдөр эхэллээ. "Гүүд Нэйборс” олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар "Гэр бүлийн маргаан болон гэр бүлийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцож буй мэргэжилтнүүдийг чадавхжуулах төсөл”-ийнхөө хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөл, Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран энэхүү сургалтыг зохион байгуулж буй юм. Сургалтаар гэр бүлийн маргаанд оролцдог мэргэжилтнүүдийн ашигладаг загвар, гадны туршлага, Монголд тулгамдаж буй асуудал, хүүхдийн эрхийг хамгаалах, сэтгэл зүйг тодорхойлох зэрэг асуудлыг онолын түвшинд болох практик талаас нь судлах аж. Хичээлийг гэр бүлийн асуудлаар мэргэшсэн багш нар, шүүгчид, Японы мэргэжилтэн заах юм.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх сургалтыг нээж хэлсэн үгэндээ "Гүүд нэйборс” олон улсын байгууллагын хэрэгжүүлж буй төслийн хүрээнд гэр бүл салалтын талаар судалгаа хийхэд 80 орчим хувь нь архидалттай холбоотой гэдэг дүгнэлт гарсан байна. Хоёр сарын хугацаанд Хамгаалах байраар 176 хүүхэд дамжин өнгөрсний 60 орчим хувь нь 3 хүртлэх насны хүүхэд байна. Тэдний эцэг, эх нь 35-аас доош насныхан. Монголын залуу үеийнхэн айл гэр болж "тоглож” байгаагийн илэрхийлэл энэ. Тиймээс гэр бүлийг бат бэх байлгах чиглэлээр олон талын санаачилга шаардлагатай. 2018 оны төсөвт гэр бүл, хүүхэд хамгааллын төсвийг 47.3 хувиар нэмсэн. Гэр бүлийн боловсрол олгох, чадавхжуулахад олон ажил хийх төлөвлөгөө байна. Энэ удаагийн сургалтын үр дүн манай байгууллагын 2018 онд ажлаа төлөвлөхөд нэмэр болно” гэсэн юм.
Гэр бүлийн маргаанд оролцогчдыг чадавхжуулах шаардлагын талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг "Дэлхийн улсуудад гэр бүлийн маргааныг шийддэг дагнасан шүүх ажилладаг. БНСУ, Япон, Тайванийн Гэр бүлийн шүүхийн туршлагыг судлахад төрийн бодлого нь шүүх дээр ирж зангилагддаг юм байна. Гэр бүлийн маргаан сэтгэл зүй, харилцааных байдаг учраас шүүх гэр бүлийн боловсрол олгох, эвлэрүүлэх тал дээр ажилладаг. Шүүгч, шинжээч, эвлэрүүлэн зуучлагч нь цогц болж энэ суурийг тавьдаг. Харин манай улсад энэ гурван цогц нь тус, тусдаа байдаг. Тиймээс Шүүхийн ерөнхий зөвлөл улсын үндэс болсон гэр бүлийн маргааныг дагнаж шийддэг шүүх байгуулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж, шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэхэд "Гүүд нэйборс” олон улсын байгууллагын төслийн хүрээнд зохион байгуулж буй шүүгч, эвлэрүүлэн зуучлагч, шинжээчдийг чадавхжуулах сургалт нэг алхам болж байна” хэмээсэн юм.
Гэр бүлийн маргаан шийдвэрлэхэд хүүхдийн эрхийг чухалчлах талаар "Гүүд Нэйборс” ОУБ-ын зөвлөх Х.Баавгай "Гэр бүл салалтын гол хохирогч нь хүүхэд болдог. Гэр бүлийн маргааныг шийдвэрлэж буй процесс ч хүүхдэд ээлтэй биш зөвхөн нөхөр, эхнэрийн аль нэг талд шийдвэрлэдэг. Тиймээс шүүхийн ажиллагаанд оролцогч талуудыг чадавхжуулж хүүхдийн асуудлыг мэргэшсэн байдлаар шийдвэрлэх нь энэ сургалтын гол зорилго. Шүүх ч мэргэшсэн, дагнасан байх асуудал яригдаж байна” гэж онцолсон юм.
Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч, шүүхэд асран хамгаалагч тогтоох дүгнэлт гаргаж буй мэргэжилтгүүдийг чадавхжуулах сургалтад 21 аймаг, есөн дүүргийн 110 мэргэжилтэн хамрагдаж байгаа бөгөөд гурван өдөр үргэлжлэх аж. Энэ сарын 9, 10-ны өдрүүдэд төслийн хүрээнд 40 шүүгч оролцсон "Гэр бүлийн маргаан” сэдэвт сургалт зохион байгуулсан.
Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс