Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой - Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохиож буй "Мөнх тэнгэрийн бичиг-2017" монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэнгийн нээлт /2017.11.17/ Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” үзэсгэлэнгийн танхимд болов.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас эрхлэн 2011 оноос уламжлал болгон зохиож буй тус монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэнг энэ жил Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ойд зориулж, 8 шилдэг уран бүтээлч, 55 сурагч багачуудын бүтээлээр дэлгэсэн байна.
Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хулан, Т.Тэгшжаргал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа, Б.Саруул, БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, Азийн уран зохиолын шагналын анхны эзнээр тодорсон зохиолч, яруу найрагч Д.Урианхай, Монгол Улсын Ардын багш Ц.Өнөрбаян, Төрийн шагналт зураач Ш.Чимэддорж болон ШУА, МУИС, МУБИС-ийн эрдэмтэн багш нар, хэл, түүх, соёлын салбарын судлаачид, зохиолчид, оюутан, сурагчдын төлөөлөл оролцов. Сурагчдын дунд 2017 онд дэлхийд Монголынхоо нэрийг дуурсгасан хүүхдүүд хүрэлцэн ирсэн юм. Шатрын ДАШТ-ний алтан медальт Д.Мөнхзул, Паралимпийн алтан медальт Н.Уянга, даамын өсвөр үеийн ДАШТ-ний мөнгөн медальт Ц.Чинбилэг, самбо бөхийн өсвөр үеийн ДАШТ-ний мөнгөн медальт Ц.Энхчимэг, жудо бөхийн өсвөр үеийн ДАШТ-ний хүрэл медальт Б.Наранмандах, олон улсын төгөлдөр хуурчдын уралдааны 2 дугаар байрын шагналт, мөнгөн медальт Б.Сувд, М.Заяа, ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн, дэлхийн 9 рекорд эзэмшигч Д.Лхагвадулам, физикийн олимпиадын мөнгө, хүрэл медальт Дөлгөөн, олон улсын математикийн олимпиадын мөнгөн медальт Цэнд-Аюуш нарын зэрэг сурагчид үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо. Тэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар ирцгээсэн юм.
Монгол Улсын ЕрөнхийлөгчХ.Баттулга бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш ард түмэндээ хандсан, бүх нийтийг уриалсан анхны зарлигаа гаргасан нь Эх хэлний өдөртэй болох тухай 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаар зарлиг байсныг үзэсгэлэнгийн нээлтийн үеэр онцгойлон дурдаж байлаа. Уг зарлигийн дагуу жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний Эрдмийн баярын өдрийг Эх хэлний өдөр болгож улс орон даяар тэмдэглэж эхэлсэн юм.
Мөн 2015 онд УИХ-аас баталсан Монгол хэлний тухай хуульд Монгол хэл бичиг нь улс орны нэгдмэл байдлын баталгаа болдог учир Монголын ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд Хэлний бодлогын үндэсний зөвлөлийг байгуулахаар зааж үйл ажиллагааг нь эхлүүлсэн билээ.
Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ “Энд өнөөдөр хүрэлцэн ирсэн үндэсний бичиг соёлоо эрхэмлэн хүндэтгэгч эрхэм та бүхний амрыг айлтгахын ялдамд их эзэн Чингис хааны мэлмий гийсний 855 жилийн ойн мэндийг дэвшүүлье.
Монгол бахархлын өдөрт зориулсан уран бичлэгийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр болж байна. Энэ үйл ажиллагаа 2011 оноос эхэлсэн. Цаашдаа уламжлал болгоод улам олон залуус, олон хүүхдүүд, олон хүмүүсийг хамруулаарай гэж хүсье.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд үндэсний түүх, хэл, соёл, уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн” хэмээн заасан байдаг. Үүнийг та бид чандлан мөрдөж, чармайн хэрэгжүүлж явах учиртай бөгөөд өнөөдрийн уран бичлэгийн үзэсгэлэн энэ үйлсэд нэгээхэн хувь нэмэр болох биз ээ гэж бодож байна.
Энэ жилийн үзэсгэлэн их эзэн Чингис хааны мэлмий гийсний 855 жилийн ойд соёрхол болж, мэргэжлийн 8 уран бүтээлч, 55 сурагч багачуудын бүтээлийг олноо дэлгэж байгаа юм.
Бидний хойч үе үндэснийхээ бичиг соёлд хүндэтгэлтэй, дур сонирхолтой хандаж, бичиж, туурвиж байгаад би туйлын баяртай байна.
Мөнх тэнгэрийн ивээл дор Монголын бичиг соёл өнөд орших болтугай. Баярлалаа, та бүхэнд” гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулагдсан "Мөнх тэнгэрийн бичиг-2017" монгол бичгийн уран бичлэгийн уралдаанд амжилт үзүүлсэн шилдэг сурагчдын шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгөв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 13, 14 настай хүүхдүүд монгол бичгийг чадварлаг эзэмшиж, уран бүтээл туурвиж байгаад талархаж байгаагаа энэ үеэр хэллээ.
Уран бичлэгийн уралдааны тусгай байрын шагналыг нийслэлийн Налайх дүүргийн лаборатори 119 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Түвшинбатын “Би монгол хүн” бүтээл, Дорнод аймгийн Хэрлэн сумын Х.Чойбалсангийн нэрэмжит улсын тэргүүний 5 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч А.Энх-Учралын “Чойбалсан” бүтээл, гуравдугаар байрын шагналыг нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч С.Солонгын “Чингүнжавын өчил” бүтээл, хоёрдугаар байрыг нийслэлийн Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч М.Жаргалмаагийн “Нүүдэлчин” бүтээл, тэргүүн байрын шагналыг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Ататуркийн нэрэмжит 5 дугаар сургуулийн 12 д ангийн сурагч Г.Оюунсүрэнгийн “Монголын нууц товчоон” бүтээл тус тус хүртлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мөн энэ үеэр Хүүхдийн урлан бүтээх төвийн уран зураг, хүүхэлдэй, сүрлэн наамал, сүрлэн сүлжмэлийн ангийн сурагчдын хичээл, уран бүтээлтэй танилцлаа.
Хүүхдийн урлан бүтээх төвд нийт 23 багш ажиллаж, 2005 сурагч хичээллэдэг юм байна.
Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сурагчдад амжилт хүсч, хичээлийг орчин үеийн, илүү бүтээлч болгохыг багш нарт захилаа.
Мэдээний дүрсийг доорх хаягаар үзнэ үү