...
...

Монголын төр малынхаа эрүүл мэндийг хяналтандаа авах хууль батлагдлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, уг хуулийн төслийг баталлаа.

 

Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалахтай холбогдсон харилцааг 1993 онд баталсан, 1995, 1996, 2010, 2011 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2001, 2007 онд шинэчлэн найруулсан “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулиар зохицуулж байсан.

Нийтийн эрүүл мэндэд халтай, эдийн засагт хохиролтой өвчнүүдээс мал сүргээ хамгаалж, эрүүлжүүлэх нь нэн чухал асуудал байсан.  Улс орнуудын амжилтын үндэс болсон МАЛ ЭМНЭЛГИЙН САЙН ЗАСАГЛАЛ-ыг хөгжүүлж, мэргэжлийн үйлчилгээг тогтвортой санхүүжилтээр, иж бүрэн, хүртээмжтэй, хийдэл, давхардалгүй, үр ашигтай үзүүлэх нөхцөлийг хангасан “эрх зүйн орчин”-ыг бүрдүүлэх шаардлага тулгарсан.

“Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуульд батлагдахаас өмнө Монгол оронд байнга болон түр нутагшсан зэрлэг амьтны эрүүл мэндийг хамгаалах асуудал, хүрээлэн буй орчны бохирдол, доройтол, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалах халдваргүй өвчинтэй тэмцэх арга хэмжээ, халдварт өвчнөөс эрт сэрэмжлүүлж шуурхай хариу арга хэмжээ авах байнгын бэлэн байдал, мал эмнэлгийн лабораторийн чиг үүрэг, мал, амьтны өвчний бүртгэл, тархвар зүйн /эпидемиологи/ мэдээллийн сан, малын эмчийн ёс зүй, сумдын мал эмнэлэг, үржлийн тасгийн эрхлэх үйл ажиллагаа, түүнд ажиллаж байгаа төрийн албан хаагчийн эрх үүрэг, хариуцлага зэрэг асуудлууд огт зохицуулалтгүй байсаар ирсэн.

Хууль,  эрх зүйн зохицуулалтгүй байсан дээрх асуудлыг шийдвэрлэх гарц нь өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” юм.

“Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хууль

Аливаа улс орны мал эмнэлэг нь мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, өвчин эмгэгтэй тэмцэх, эрүүлжүүлэх, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах замаар нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, гадаад, дотоод худалдаанд үүссэн хориг саадыг арилгахад чухал үүрэг гүйцэтгэдэг билээ.

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль нь   7 бүлэг, 37 зүйлтэйгээр боловсруулсан. Үүнд: Нэгдүгээр бүлэг нийтлэг үндэслэл, Хоёрдугаар бүлэг мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, Гуравдугаар бүлэг мал, амьтны өвчинтэй тэмцэх, Дөрөвдүгээр бүлэг нийтийн эрүүл мэндийг хамгаалах, тавдугаар бүлэг Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах тогтолцоо, Зургаадугаар бүлэг Мал эмнэлгийн үйлчилгээний санхүүжилт, Долоодугаар бүлэг нь хариуцлага, хууль хэрэгжих хугацаа гэсэн бүтэцтэй.

  • Хуулийн Нийтлэг үндэслэл болох 1 дүгээр бүлэгт Хуулийн зорилт, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, Хуулийн үйлчлэх хүрээ, Хуулийн нэр томьёо, Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалахад баримтлах зарчим  гэсэн 5 зүйлтэй.
  • Мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх гэсэн 2 дугаар бүлэгт  Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, Урьдчилан сэргийлэх ерөнхий арга хэмжээ, тархвар зүйн судалгаа хийх, мэдээллийн сан бүрдүүлэх, дархлаажуулалтын ажил зохион байгуулах, халдварт өвчин гарсан үед мал, амьтныг нүүлгэн шилжүүлэх гэсэн 5 зүйлтэй.
  •  Мал, амьтны өвчинтэй тэмцэх гэсэн 3 дугаар бүлэгт Мал, амьтны халдварт өвчний жагсаалт батлах, Халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээ, Бэлэн байдлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх, Халдварт өвчний тандах, өвчингүй, тайван байдлыг баталгаажуулах,  Халдварт өвчнийг оношлох, шуурхай хариу арга хэмжээ хэрэгжүүлэх, Халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээний бүсчлэл,  Хорио цээрийн дэглэм тогтоох, цуцлах, Хязгаарлалтын дэглэм тогтоох, цуцлах,  Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед ажиллах мэргэжлийн баг, ангийн хэрэгжүүлэх үйл ажиллагаа, Хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосон нутаг дэвсгэрт хориглох үйл ажиллагаа, Мал, амьтны шимэгчтэх өвчинтэй тэмцэх арга хэмжээ, Мал, амьтны халдваргүй өвчний оношилгоо, эмчилгээ гэсэн 12 зүйлтэй.
  • Нийтийн эрүүл мэндийг хамгаалах гэсэн 4 дүгээр бүлэгт Мал, амьтнаас хүнд халдварладаг өвчинтэй тэмцэх, хяналтад авах арга хэмжээ, Мал, амьтны эмийн зохистой хэрэглээг нэвтрүүлэх, хянах, Мал, амьтны тэжээлийн нэмэлтийн хяналт, Мал, амьтны гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн дэх эм, пестицидийн үлдэгдлийн хяналт,  Мал, амьтны гаралтай хүнсний болон хүнсний бус түүхий эд, бүтээгдэхүүнд ариун цэврийн магадлан шинжилгээ хийх, баталгаажуулах гэсэн 5 зүйлтэй.
  • Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах тогтолцоо гэсэн 5 дугаар бүлэгт Мал эмнэлгийн салбарын байгууллага, Мал эмнэлгийн лабораторийн үйл ажиллагаа, Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн үйл ажиллагаа, Мал эмнэлгийн хяналт, малын эмч, мал эмнэлгийн ажилтны нийгмийн баталгаа гэсэн 5 зүйлтэй.
  •  Мал эмнэлгийн үйлчилгээний санхүүжилт  гэсэн 6 дугаар бүлэгт Улсын төсвөөс санхүүжүүлэх арга хэмжээ, Орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх арга хэмжээ, Иргэн, хуулийн этгээдээс санхүүжүүлэх арга хэмжээ гэсэн 3 зүйлтэй.
  • 7 дугаар бүлэгт Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, Хууль хүчин төгөлдөр болох гэсэн 2 зүйлтэйгээр уг хууль батлагдлаа.

“Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуульд төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллага, хувийн мал эмнэлэг, мал эмнэлгийн лаборатори, иргэн, хуулийн этгээд тэдгээрийн эрх үүрэг, малын эмчид итгэмжлэл олгох үйл ажиллагаа, мэргэжлийн ёс зүй, мал эмнэлгийн байгууллагын чиг үүргийг илүү нарийвчлан тусгасан.

Мал, амьтны халдварт өвчин гарсан тохиолдолд түүнийг эрт илрүүлэх явдал хамгаас чухал байдаг. Иймээс халдварт өвчингүй тайван байдлыг баталгаажуулах тандалт шинжилгээ хийх, өвчний сэжиг илэрсэн үед шуурхай арга хэмжээ хэрэгжүүлэх, оношийг баталгаажуулан нийтэд мэдээлэх, хорио цээр, хязгаарлалтын бүс тогтоох, уг бусэд цогц арга хэмжээ хэрэгжүүлэх асуудлыг “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуульд тусгаж өгсөн. Түүнчлэн мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагаанд оролцогчдын үүрэг, хариуцлагын зааг ялгааг уг хуулиар илүү тодорхой болгож өгсөн юм.

“Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хууль хэрэгжсэнээр гарах үр дүн

Хууль хэрэгжсэнээр  Мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тандалт, судалгаанд тулгуурлан хэрэгжүүлдэг болох нөхцөл бүрдсэн. Ингэснээр  халдварт өвчний голомтын тоо буурч, улмаар олон улсын худалдааны хорио цээрт гоц халдварт өвчингүй, тайван статустай бүс нутгийн хэмжээ нэмэгдэж, хамгийн гол нь  малын гаралтай бүтээгдэхүүн “экспортлох”бизнесийн таатай нөхцөл бүрдэх юм.  

Мөн мал эмнэлгийн салбар бодлого, хэрэгжилт, хяналтын нэгдмэл бүтэц бүхий  мэргэжлийн босоо тогтолцоотой болж, дотоод, гадаад зах зээлд нийлүүлж байгаа бүтээгдэхүүний шилжилт хөдөлгөөнийг хянах, хүнсний аюулгүй байдлын шаардлагыг баталгаажуулах үйл ажиллагаа олон улсын жишигт хүрнэ.

“Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хууль хэрэгжсэнээр Малчид, малын эзний үүрэг хариуцлагыг өндөржүүлж, малын халдварт өвчнийг эрт илрүүлэн шуурхай хариу арга хэмжээ хэрэгжүүлж, мал, сүргийнхээ эрүүл мэндийг тогтмол хянаж, өвчингүй, тайван байдлаа хадгалах эрх зүйн орчин бүрдэх юм.

 
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ