Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин багийн тэмээчин, Монгол улсын гавьяат малчин Г.Бүд гуайнх 2018 оны 01-р сарын 07-ны билэгт сайн өдөр олон жилийн уйгагүй хөдөлмөр, зүтгэлийн үр дүн мянган тэмээнийхээ баярыг гавьяатынхаа болон гэргий Ц.Шинэхүүгийн Алтан гадас одонгийн мялаалгатай хамтатган тэмдэглэж хоёр насны тэмээ уралдууллаа.
Аймгийн төвөөс 200 орчим км зайтай Үзүүр гашуун хэмээх газарт отроор өвөлжиж байгаа Г.Бүд гавъяатынх мал нь сүрэг нь тэнхлүүлэн сайхан өвөлжиж байна. Мялаалга наадамд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харъяат аймгийн алдарт уяачид бүгд ирсэн бол Мандал-Овоо, Цогт-Овоо, Ноён, Баяндалай, Номгон сумын хоёр насны 60 гаруй тэмээ уралдаж хол ойроос зорин ирсэн зочдыг баясгалаа. Тус наадамд Геннисийн амжилтын түрүү тэмээ эзэн хоёр ирж уралдан наадмыг чимсэн юм.
Торомны уралдааны түрүү магнайд Цогт-Овоо сумын уяач Т.Ууганбаярын улаан тором, хоёр гуравдугаар байрт Ноён сумын уяач Отгонбаярын уясан тором, дөрөвдүгээр байрт Цогт-Овоо сумын харъяат аймгийн алдарт уяач Т.Уламбаярын шар, тавдугаар байрт Хүрмэн сумын Б.Хадбаатарын хөх тором давхиж өргөмжлөл, алт мөнгө, хүрэл медалиар магнай юугаа мялаалган уясан эзнээ саалийн агар зандан хувингаар шагнуулж байлаа.
Бүдүүн тэмээний уралдаанд Мандал-Овоо сумын Ю.Мягмарын хөх ат түрүүлж, удаах байруудад Хүрмэн сумын уяач Б.Хадбаатарын улаан ат, Хүрмэн сумын уяач Л.Батбаатарын улаан, Цогт-Овоо сумын уяач Т.Ууганбаярын хүрэн, Баяндалай сумын Хосбатын шар тэмээд эхний тавд хурдлав. Айргийн тавд давхисан хурдан тэмээний эздийг өргөмжлөл, медаль, тэмээгээр байлж шагналаа.
Жавартай тэнгэрийг үл ажрах малчин түмэн
Жанжин багийн нутаг Үзүүр гашууны хоолойд
Жирийн малчны хотон дахь түмэн тэмээн сүрэг
Жаргалтайн дэлгэрийг аялмаар тайван налайна.
Гавъяат малчны мянган тэмээний баярыг
Төрийн дээд шагнал одон медалийн цайллагатай
Хамтатган хийж, хөрш саахалт, найз нөхөд
Хамаатан садан, ураг төрлөөрөө учран уулзаж
Хамгийн сайхан үгсээр ерөөл билэгдлийн дээдийг өргөж
Хоёр бөхт тэмээгээ өсгөн үржүүлж хайрлан хамгаалах
Хүний их ухаан хөдөлмөр зүтгэлийг үнэлсэн, сурталчилсан
Ажилсаг малчин түмний алдрыг дуурсгах баяр
Азай буурал өвгөдөөсөө өвлөх их эрдэнэт сүргийн баяр
Уяачид үзэгчдийн гүүглэх уухайн дуутай
Уран сайханчдын уянгалаг хос аялгуутай
Хурдан тэмээний уралдааны айргийн тавыг
Хүрэн хэц шиг бараантах түмэн тэмээн сүргээсээ
Бугуйлдаж бурантаглан барьж өгч мялаасан
Буд гуайн тэмээн сүрэг булган сүүлтэй байг ээ
Зорьж ирсэн зочдын сэтгэлийн үгс, дурсгалын бэлэгтэй
Зогдор намируулах зоо ширээ тэмээдийн бахархам зурагтай
Хүн тэмээ хоёрын ижилдэн дассан нутаг
Сэтгэлд тодхон дурсамж үлдээлээ. ХУРАЙ...
Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!
гоёоо гоё