Орон нутгийн сэтгүүлчид Өмнөговь аймгийнхаа орон нутгийн өмчит “Таван толгой” ХК-иар орж үйл ажиллагаатай нь танилцан ажилчидтай нь уулзаж амжилт ололт болон цаашид анхаарах асуудлууд, хүндрэл бэрхшээлийнх талаар ярилцаж сурвалжилснаа хүргэе.
Өмнөговь аймгийн сэтгүүлчид шинэ он гарсаар хөдөө тийш хоёр дахь удаагаа хамтдаа хөлгийн жолоо залж байгаа нь энэ. Тав таваараа хоёр машинд сууж унаган нутгийнхаа ууган уурхайн зүг хөдлөв. Замын талыг засмалаар талыг нь шороон замаар тонгочоод дорхноо хүрчихэв. Уурхайн тосгонд дөрөө мултлахад хилийн заставт ажиллаж байсан үеийг санагдуулна.
Цаг агаарын ямар ч нөхцөлд хилчид улсын хилийн амар тайван байдлын төлөө тангараг өргөн зүтгэдэг бол уурхайчид улсын эдийн засгийг бэхжүүлж хөгжүүлэх том хариуцлага үүрч явдаг хүмүүс. Өндөр хариуцлага дор тэд халуун хүйтнийг үл ажран өглөөн нарнаас үдшийн бүрийтэй уралдан ажиллаж байна.
“Таван толгой” ХК-ийн тосгонд ажиллаж амьдарч байгаа хүмүүстэй уулзахад уурхайчдын эрүүл мэнд, тоосжилт, ундны усны хомсдол, тосгоныг нүүлгэн шилжүүлэх тухай асуудлыг онцлон ярьж байлаа. Хэдий ажиллаж амьдрах орчин нөхцөл нь хүнд ч ууган уурхайдаа гурван үеэрээ ажиллаж байгаагаараа бахархан ярихыг нь сонсох сайхан санагдлаа.
Хүн ажилдаа дурлаж гэмээнэ үр дүн гардаг. 51 хувь нь орон нутгийн өмчит “Таван толгой” ХК-ийг хэдий “жижиг” гэж ярьдаг ч орон нутгийн төсвөөсөө гадна улсын төсөвт томоохон нэмэр өгдөг уурхай. Энэ жил Өмнөговь аймаг улсын төсөвт 66 тэрбум төгрөг төвлөрүүлэх үүрэг хүлээсэн. Энэ үүргийн цаана орон нутгийн өмчит “Таван толгой” ХК-ийн хариуцлага их бий. 2011 онд нүүрсээ 25 доллараар зарж байсан бол одоо 60-70 доллараар борлуулж түүхэндээ хамгийн өндөр үнээр худалдаж 370 гаруй тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан байна.
Улс орон нутагт өгч байгаа ногдол ашгийн хэмжээ нь жилээс жилд өсч байгаа. “Таван толгой” ХК хэдий орлоготой ажиллана Өмнөговь аймгийн төсөвт өгөх ногдол ашиг төдий чинээ нэмэгдэнэ гэсэн үг. Аймгийнхаа төсөвт 5-р сарын 1-нд ногдол ашгаа шилжүүлэх гэнэ. 1995 онд хувьцаат компаниар бүртгэгдсэн тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл 24 жилийн хугацаанд хувьцаа нь арилжаалагдаж Монголын хөрөнгийн бирж дээр хамгийн өндөр үр ашиг өгөөжтэй компаниар нэрлэгддэг топ 20 компаний нэг болсон бөгөөд зэрэглэлээрээ нэгдүгээрт явдаг байна.
Тус компани сүүлийн 10 жилийн хугацаанд 150 гаруй тэрбум төгрөгийн ногдол ашгийг улс орон нутагт хүртээж. Нийт хувьцаа эзэмшигчдийн 90 орчим хувийг Монгол улсын иргэд, аж ахуй нэгж эзэлдэг бөгөөд үүний дотор ахмад уурхайчид ч хувьцаа эзэмшиж үр ашгаа хүртдэг байна. 17 үе давхрага бүхий 190 сая тонн нүүрсний нөөцтэй “Таван толгой” ХК-ийн уурхайн үйл ажиллагаа, менежмент хэдий сайн байна төдий хэмжээгээр Өмнөговьчуудад ашигтай. Орон нутгийн өмчөө аятайхан, эетэй, эвтэйхэн аваад явчихаж чадахгүй бол улсын өмч болгоно гэж “их мэдэгчид” дайрч давшлахыг үгүйсгэхгүй. Тиймээс орон нутгийнхаа ард иргэдийн эрх ашгийн төлөө ажиллах ёстой.
“Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяр, гишүүдэд Д.Бат-Эрдэнэ, С.Мөнхжаргал, Д.Батзориг, В.Мөнхбат, Т.Тэгшээ, Д.Дагвадорж, Т.Алтансүх, Л.Батбаатар нарын хүмүүс ажиллаж байна. Уурхайн үйл ажиллагаа ямар байх нь компанийн удирдлага, ТУЗ-өөс ихээхэн хамааралтай.
Өмнөговьд юу байна баялаг л байна. Энэ баялгийг ухаж байгаа уурхайнуудын тоо хэдий олширно төдий чинээгээр Өмнөговьчууд хохирно. Нэг баг, сумын нутагт хэд хичнээн ашиглалтын лиценз өгч байгаагаа тооцоолж төлөвлөдөг төрийн бодлого өнөөдөр үгүйлэгдэж байна. Орон нутгийн өмчит “Таван толгой” ХК-иас илүү том цар хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа уурхайнууд Өмнөговийн иргэдэд хүртээлгүй байгаа нь харамсалтай. Тэгэхэд “Таван толгой” ХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сүүлийн 10 жилийн хугацаанд Өмнөговь аймгийн хэмжээнд 7,1 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг иргэдийн нүүрсний хэрэгцээнд зарцуулсан байна.
Цогтцэций сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг, Төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой” ХК, хувийн өмчит “Энержи ресурс” ХХК, орон нутгийн өмчит “Таван толгой” ХК-иуд дундаас дотоод зах зээлд буюу иргэдийн хүссэн хэмжээгээр нүүрс борлуулж байгаа нь зөвхөн “Таван толгой” ХК.
Таван толгой 1 литр усыг 5 төгрөгөөр авдаг
Таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирал Р.Сэддорж сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ “Таван толгой ХК хэдий ашигтай ажиллаж байгаа ч уурхайчдын хотхоны тоосжилтын болон ундны усны, тосгоныг нүүлгэн шилжүүлэх асуудал яригдахаас цаашгүй байгаа. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зэргэлдээ орших уурхайнууд, туслан гүйцэтгэх бусад компаниуд нэгдсэн нэг бодлого баримталж ажиллах нь чухал байна. “Эрдэнэс таван толгой”-н хөрсний овоолго манай тосгонд ойрхон учир тоосжилт их, компанийн ажилчид бүгд тоосны хашилтай болсон. Тосгоныг нүүлгэн шилжүүлэх мөнгийг тэднийх гаргахыг хүлээж байгаа. Хөрсний овоолгоо төлөвлөлтийнхөө дагуу хийхгүй, зай, зардлаа хэмнэснээс үүссэн нөхцөл байдлаас нь болж манай тосгоныхон болон Цогтцэций сумын иргэд хохирч байна.
“Таван толгой” ХК-ийн тосгоныг усаар хангадаг байсан 120 метрийн гүний гурван худаг гурвуулаа ширгэчихсэн учир “Эрдэнэс Таван толгой”-н 250 метр гүнтэй цооногийн худгаас 1 литрийг нь 5 төгрөгөөр худалдаж авдаг. Усны машин байнга ус зөөж, усан санг дүүргэн орон сууцны хэрэглээний усаа хангаж байна. Ийм компаний хувьд нүүрс угаах ямар ч боломж байхгүй. Усанд орох усаа яах вэ гэж байхад юун нүүрс угаах. Уурхай орчмын ус худаг, булаг шанд бүгд ширгэсэн. Хөдөөний айлуудын худаг шавхаад мал нь усандаа ханахаа больсон. Манай Таван толгойн ордтой хамгийн ойрхон гол нь дэлхий дээр Хатан гол. Хэрлэн, Орхон голоос ойрхон. Биднийг ярихаас цаашгүй сууж байх хооронд ӨМӨЗО-ны Халиутаас урагш 30 км-т Уу булгийн аманд хоёр сар тутамд нэг угаах үйлдвэр байгуулагдаж байгаа нь манай гурван уурхайн нүүрсийг угаах зорилготой. Тэнд усны асуудал байхгүй, 10 метрээс хангалттай гарна. Бид Хэрлэн юм уу Орхон голын усыг нааш нь хоолойгоор татаж байж л нүүрс угаах тухай ярих боломж бий болно” гэдгийг онцлон ярьсан.