...
...

Залуухан бүсгүйн аминд хүрсэн байж болзошгүй “Сохо мебель”-ийн захирлын хэрэг хаана хүрээд ЗАМХРАВ!!!

2017 оны зургаадугаар сарын 5-нд 22-хон настай охин Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “Нарны хороолол” хотхоны 22 давхрын салхивчаар унаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Залуухан охины үхэлд хэн буруутай, чухам үнэн нь юу болох тухай бүтэн жил болох гэж бйахад хэн ч мэдэж чадаагүй, харин ч мартагдах тийшээ ханджээ.

-ХЭРГИЙГ ЭРГЭН САНУУЛЪЯ-

Нэгэн томоохон компанийн захирлын туслахаар залуухан, үзэсгэлэнтэй бүсгүй ажилд оржээ. Ажил, амьдралын гараагаа дөнгөж эхлүүлж, одоо л хүнээс дутахааргүй амьдарна гэж бодож, мөрөөдөж явсан охины хүсэл биелсэнгүй. Учир нь ажилд орсон компанийнх нь захирал охиныг хүчирхийлэх гэж оролдоод эсэргүүцсэн учраас нүдийг нь хөхөртөл зоджээ. Түүгээр ч барахгүй охиныг алтан амиа алдахад нь хүргэсэн байна. Үүнийг талийгаач охины нагац эгч нотолж буй.

-ТАЛИЙГААЧ ОХИНЫ ТУХАЙ-

Тэрээр “Сохо мебель” компанид захирлын туслахаар ажилд орсон байна. Ажилд ороод гуравхан сар л болж байсан гэдэг. 2017 оны тавдугаар сарын 30-ны өдөр захирал нь архи уугаад “Машин бариад гэрт хүргэж өг” гэв. Охин нагац эгч рүү гээ утасдаад “Захирал намайг машин бариад хүргэж өг гээд байна” гэж хэлжээ. Гэхдээ нагац эгч нь зөвшөөрөөгүй тул охин гэртээ ирсэн байна.

Маргааш нь ажил дээрээ очиход захирал нь ажил дээрээ согтуу хоносон байжээ. Тэгээд талийгаач охинд гар хүрч, хүчирхийлэхийг завдсан байв.  Тэр тухайгаа охин Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдлөө бичиж өгсөн байдаг.

Тухайн үед охины нагац эгч хэвлүүдэд “Би “Сохо мебель” компанийн захирал Жадамбаас хүний амь нэхмээр байна. Би 22-хон настай жаахан охиныхоо амийг нэхмээр байна. Худал мэдээлэл өгөхийн оронд “Би архи ууж байсан. Би талийгаачийг ширээ цэвэрлэ гэж хэлсэн. Энэ хүүхэд миний туслах байж яагаад миний ширээг цэвэрлэхгүй байгаа юм бэ” гээд үнэнээ хэлээд амиа хамгаалах ёстой биз дээ. Миний охин баарны гадна хүнд зодуулаад нүдний шил зүүж ажилдаа яваагүй. Би тэр өдөр охиноо өвөртөлж унтаад ажилдаа хамт гарсан хүн шүү дээ” хэмээж байсан юм.

 “Сохо мебел” компанийн захирал Жадамбаа гэгч хэн бэ?

Энэхүү хэрэг явдлаас үүдээд “Сохо мебел” компанийн захирал Жадамбааг судалж үзсэн боловч онц гойд мэдээлэл олдсонгүй. Талийгаач охины нагац эгчийн хэлж буйгаар Жадамбаагийн өмнөх найз охин ч амиа хорлож нас барсан хэмээж байсан билээ. Мөн өмнөх оны долдугаар сард топ модель С.Ариунбилэгт нэгэн эрхэм уулзаж учрах санал тавьж, бэл бэнчингээ гайхуулсан нь хэвлэл мэдээллээр цацагдсан. Тэгвэл тэр нь өнөөх Жадамбаа гэгч бололтой. Эндээс харахад Жадамбаа залуухан, царайлаг бүсгүйчүүдийг өдөж хоргоодгоороо нэлээн зартай нэгэн гэдэг нь илчлэгдсэн юм.

“Сохо мебел”-ийн зүгээс ямар ч харамсал, харуусал байсангүй

Өнгөрсөн хугацаанд “Сохо мебел” компани энэхүү хэргийн тухай үгүйсгэсэн мэдээлэл хийж байсан билээ. Хэрэг олон нийтэд ил болсны дараахан зургаадугаар сарын 9-ний өдөр албан байгууллагын ямар нэгэн тамга тэмдэггүй, Ерөнхий менежер Г.Ганбагана гэх хүний гарын үсэгтэй залруулга гэх бичиг нийгмийн сүлжээнд тархсан байдаг.

Тус бичигт “Талийгаач охин Ж нь манай байгууллагад ажиллаж байгаад 5-р сарын 31 -ний өдөр өргөдлөө өгч ажлаас гарсан. Улмаар зургадугаар сарын 5-ны өдөр ХУД-ийн цагдаад “Захиралдаа зодуулсан" гэсэн гомдол гаргасан.

Уг гомдлын дагуу цагдаагийн байгууллагаас тус дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг шалгаж үзэхэд “Зодоогүй” болох нь нотлогдсон байгаа. Улсын дээд шүүхэд туслахаар ажилладаг гэж танилцуулсан ах нь хүн гүтгэсэн худал зүйлийг шалгуулахаар өөрийг нь дагуулан ХУД-н цагдаагийн газарт очиж Дэд даргаас эхлүүлэн албан тушаалтангуудад танайхан энэ хэргийг шалгахгүй нуун дарагдууллаа гэж худал зүйлийг шалгуулах гэж асуудал тавьж, мөн цагдаагийн албан хаагчдыг дотоод хяналтад шалгуулна гэж сүрдүүлэг хийсэн байна. Улсын дээд шүүхэд туслахаар ажилладаг С.З-гийн энэхүү үйлдэлд харамсаж байна. Мөн цагдаагийн байгууллагын ажилтнуудыг гүтгэсэн. Энэ нь Цагдаагийн хэвлэл мэдээллийн албаны оффицерын мэдэгдлээр нотлогдож байна. Түүнчлэн санаатайгаар худал мэдээлэл цацаж хүнийг гэмт хэрэгт гүтгэж байгаа энэхүү үйлдэлд нь хуулийн хариуцлага хүлээлгэх болно” гэсэн нь иргэдийн дургүйцлийг хүргээд байна. Учир нь тус цагдаагийн газраас цагдаа нарыг сүрдүүлсэн зүйл байхгүй хэмээн мэдэгдээд  байгаа юм” гэсэн байв.

Байцаагдаж байсан хүн хил даваад зугтсан, хэрэг хэрхэн шийдэгдэв?

Амиа алдсан охины гэр бүлийн хүсэлтээр “Сохо мебел”-ийн захирал Б.Жадамбааг байцааж байна гэсэн мэдээлэл цацагдсан. Тэгвэл хэрэг мөрдөн байцаалтын явцад буюу 2017 оны зургаадугаар сарын 10-нд түүнийг Монгол улсын хил даван зугтсан тухай хэвлэлүүд мэдээлж байв. Түүнээс хойш охины гэр бүлээс яриа авахыг хичээсэн боловч сүнсийг нь амирлуулах үүднээс нэг хэсэг хэвлэлд хандахгүй хэмээн нагац эгч нь чимээгүй болсон юм. Харин хэргийг шалгаж байгаа гэх Баянгол дүүргийн цагдаагийн газраас ч ямар энгэн мэдээлэл өгсөнгүй. Хэрэгтэн байх магадлалтай Б.Жадамбаа ч олны салхинаас амжилттай дайжив бололтой.

Нэр нөлөө бүхий, баян эрхмүүд охид бүсгүйчүүдээр хүссэнээрээ зугаагаа гаргаж, санасныхаа зоргоор авирласаар байхад төр төмөр нүүрээ харуулахгүй байгаан учир вэ?

Б.Баргужин

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (17)

Онцлох мэдээ